ЗГ: Тархи судлалын хүрээлэн шинээр байгуулна

2021-09-29 Засгийн газар
ЗГ: Тархи судлалын хүрээлэнг шинээр байгуулна

Засгийн газрын өнөөдрийн /2021.09.29/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 


“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагджээ.  Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан танилцуулахдаа “Энэхүү тогтоолоор:

  • Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үндсэн чиглэлийг тогтоож үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх
  • Салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх
  • Шинжлэх ухаан технологийн  сангийн зохион байгуулалт, менежментийг сайжруулах
  • ШУТҮЗ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • Судалгааны лабораториудын менежмент зохион байгуулалтын эрх зүйн шинэ орчин бүрдүүлж, хэрэгжилтийг хангах
  • Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг салбарт тулгамдаж буй шинэчлэлийг хийх боломж ийнхүү бүрдэж байна.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Шинжлэх ухаан, технологийн сангаас нийт 4000 орчим судалгааг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Гэвч өндөр өртгөөр хийсэн дээрх судалгаанаас өнөөдөр хэд нь эдийн засгийн эргэлтэд орж, инноваци болсон бэ гэдэг нь тодорхойгүй байна. Ил тод бус шинжлэх ухааны  ЖДҮ гэж хэлж болохоор сангийн үйл ажиллагааг цаашдаа ил тод нээлттэй болгохоор тогтлоо. Монгол Улс анх удаа лабораторийн тооллого хийхэд нийт лабораторийн 70-80 хувь нь орчин цагийн судалгаа шинжилгээ хийж чадахгүй байдалд орсон байна. Өнөөдрийн хурлаар хүрээлэн их, дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байна. Ингэснээр цаашид эдгээр газрыг хувийн хэрэгцээнд алдахгүй нөхцөл бүрдэж байна. Залуу эрдэмтдээ тэтгэлгээр дэмжихээр ажиллаж байна. 2015 онд гарсан Засгийн газрын шийдвэр байдаг. Энэ шийдвэрийн улмаас олон хүрээлэн хаалгаа барьсан. Харин өнөөдрөөс эхлэн Дулааны техник, технологи экологийн хүрээлэнг сэргээж, Тархи судлалын хүрээлэнг шинээр байгуулж байна.

“ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС ИРЭХ ОНД МОНГОЛ УЛСЫН АВЛИГЫН ИНДЕКСИЙГ ГАРГАНА”

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Авлигын индексийг бууруулахын тулд бид төрийн үйл ажиллагааг цахимжуулж, бүтцийг цэгцэлж, орон тоог бууруулахаар ажиллаж байна. Төрийн байгууллагаас гаргадаг зөвшөөрөл, лицензийг цахимжуулна. Сум, дүүрэг, аймаг нийслэлийн газрын албанд аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд дугаарлах шаардлагагүйгээр өөрийн газрын гэрчилгээг цахимаар авах боломжтой болсон. Хэрэв хүсвэл тухайн иргэн газрын албанд хандаж үнэт цаасан дээр газрын гэрчилгээг хэвлүүлж, авч болно. Цахимаар хэвлэж авсан QR код бүхий гэрчилгээ нь үнэт цаасаар хэвлэгдсэн гэрчилгээтэй адил хүчинтэй. Цаашид газрыг гурван үндсэн чиглэлээр олгохоор бэлдэж байна.

  • Жил бүр үнэгүй олгогдох 0.07 га газар цахимд ил болж, иргэд хүсэлтээ гаргадаг болно
  • 0.07 га газраас бусад бүх газрыг цахимаар дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ
  • Мөн төр өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх газраа өөртөө олгоно. Цаашид цахим худалдан авалт, цахим зөвшөөрөл олгох үйл ажиллагаа үргэлжилнэ.

Ирэх оны нэгдүгээр сард олон улсын байгууллагаас Монгол Улсын авлигын индексийг гаргана. 2021 оны нэгдүгээр сард Монгол Улс 180 орноос 111-т орсон. Үүнийг сайжруулах нь Засгийн газрын зорилго. Авлигын индексийг сайжруулах нэг арга нь төрийн ажиллагааг цахимжуулах юм. Намрын чуулганаар цахимжуулахтай холбоотой дөрвөн хуулийг шийднэ. Нийтэд ил тод болгох бүх мэдээлэл, төрөөс нээлттэй ил тод гаргаж болгох бүх шийдвэрүүдийг цахимаар олгодог болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн бүр цахим гарын үсэгтэй болж, түүгээрээ дамжуулан төрд хадгалагдаж байгаа мэдээллүүдийг авдаг болно.

Тэрбээр дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариултыг өглөө.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүнд ял  оноосон. Ялтнуудын өмгөөлөгчдөөс эрүүдэн шүүсэн гэх гомдол гарч, гомдлын дагуу шалгаад эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон тул өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Үүний дагуу тухайн хүмүүс эрх чөлөөтэй байгаа. Шинээр үүссэн хэрэг дээр шинэ ажлын хэсэг ажиллаж байна. С.Зориг агсантай холбоотой гурван Эрүүгийн хэрэг Тагнуулын ерөнхий газар дээр мөрдөгдөж байна. Тодруулбал, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэргээс тусгаарласан захиалагчтай холбогдох хэргийг шалгаж байгаа.

“Оюу Толгой”-н ажлын хэсэг долоо хоног бүр хуралддаг. Өнгөрсөн долоо хоногт нөөцийн тодотгосон тайланг уул уурхайн яамны эрдэс баялгийн зөвлөл баталсан. Энэ долоо хоногт хоёр талаас “Оюу-Толгойн” эрчим хүчний  хангамжийн асуудлыг эцэслэнэ.Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Оюутолгой нүүрсээр ажилладаг эрчим хүчний  эх үүсвэрийг барьж байгуулах үүргээ хэрэгжүүлэхэд хоёр хувилбар яригдаж байна. Оюутолгойтой холбоотой Арбитрын маргаан Лондонгийн арбитрын шүүхэд бий. Татвартай холбоотой асуудлаар Монгол Улсыг хариуцагчаар татсан. 2021 онд Монгол Улсын Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Аравдугаар сард сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагчаар “Рио Тинто”-г татан оролцуулах эсэх талаар хурал болно. Ажлын  хэсгийн зүгээс өнгөрсөн наймдугаар сард “Рио Тинто” компанид “Наймдугаар сард гарсан далд уурхайн зардлын хэтрэлтэтй холбоотой хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тайлбар өгөөч гэдэг шаардлага тавьсан. Тус компаниас уржигдар тайлбар ирүүлсэн. Тус тайлбартай холбоотойгоор Засгийн газрын ажлын хэсэг дотооддоо  хуралдана.Өнөөдөр “Оюутолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдана. Хуралд есөн хүн оролцоно. Монголын Засгийн газрын 34 хувийг төлөөлж З.Ган-Очир, Э.Баясгалан, Н.Багабанди нар оролцоно. Урьдчилсан мэдээллээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг цаашид үргэлжлүүлэхэд шаардагдах зардлыг батална гэсэн.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.