Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт улсын төсвийн 4 тэрбум 930 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Мотоблок” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга чанарын шаардлага хангахгүй, стандарт бусаар баригдсан бөгөөд, “үүний улмаас ноцтой аюул, эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй” хэмээн ажигласан, үзэж харсан хүмүүс болон мэргэжилтнүүд ярьж байгаа юм. 2018 оны тавдугаар сард Эрүүл мэндийн яамны захиалгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлагдсан тендерт “Ньюсувагт констракшн” ХХК, “Мотоблок” ХХК, “Хар чонот” ХХК, “Түрүү гарав” ХХК компаниуд оролцсон боловч, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар, аль нь ч шалгараагүй бөгөөд мөн оны наймдугаар сард дахин тендер зарлахад “Баганат орд” ХХК, “Ньюсувагт констракшн”, “Фүжи Алтай” ХХК, “Гоёлтан” ХХК, “Мотоблок” компаниуд оролцсоноос “Мотоблок” ХХК шалгарч, 4 тэрбум 450 сая төгрөгийн дүнтэй гэрээ байгуулсан. Үүн дээр Ховд аймаг дахь Эрүүл мэндийг дэмжих төвийн байрыг уг барилгад оруулахын тулд хожим нь 480.0 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт гаргаж, нийт 4 тэрбум 930 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр уг ажлыг гүйцэтгэсэн. Мотоблок компанийг ах дүү хоёр болох иргэн Т.Бямбажаргал болон Ховд аймгийн засаг даргын орлогч Т.Жаргалсайхан нар эзэмшдэг.
Барилгыг 2020 оны арванхоёрдугаар сард барьж дуусгасан хэмээн Ховд аймгаас ажлын хэсэг томилж, ашиглалтад хүлээж авсан. Гэтэл “Мотоблок” компанийн барьж гүйцэтгэсэн тэрхүү барилгыг хүлээж авах улсын комиссыг томилох захирамжийг гаргаж, гарын үсэг зурсан албан тушаалтан нь уг “Мотоблок” компанийг эзэмшигч, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан байгаа нь хачирхалтай.
Эндээс харахад, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь тендер шалгаруулалтыг явуулахдаа тухайн барилга баригдах орон нутагт улс төрийн албан тушаал хашдаг, улс төрд нөлөө бүхий этгээдийн хувь эзэмшдэг, ашиг сонирхлын зөрчилтэй компанийг шалгаруулсан, дараа нь Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав уг барилгын ажлыг хүлээж авах ажлын хэсэг томилж, гарын үсэг зурах эрхийг мөнөөх компанийг эзэмшигч Т.Жаргалсайханд олгосон байгаа юм. Энэ бол алдаатай гэхээсээ илүү эмгэнэлтэй зүйл. Төрийн томоохон байгууллагуудын үйл ажиллагаа яаж явагдаж байгааг илчилсэн, маш том, ноцтой асуудал бөгөөд санамсаргүйгээр гаргаад байгаа алдаа гэж үзэх боломжгүй юм !
Гэтэл уг барилга чухам яаж баригдав?
Ховд аймгийн БОЭТ-ийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Б.Сүхнаран болон бусад эмч, мэргэжилтнүүдийн ярьснаар, түүнчлэн бидний судлаж мэдсэнээр ашиг сонирхлын зөрчил бүхий албан тушаалтны дарамт, шахалтан дор, хүчээр ашиглалтад хүлээж авсан /улсын комиссын бүрэлдэхүүнд ажилласан зарим инженерүүд дарамтан дор гарын үсэг зурсан болохоо ярьсан/ юм.
Учир нь уг барилгын даацын гол багана нь баримжаагаар 15-20 градус хазгай, дотоод засал чимэглэл дутуу, сантехник болон монтажны ажил дутуу хийгдсэн /жишээлэхэд хананд хуурамчаар утасгүй разетка тогтоосон гэх мэт/, барилгын бүтцийн зарим хэсгүүд нь зурганд заагдсанаас өөр материалаар хийгдсэн, шалны зарим хэсэгт тэгш бус, налуу үүссэн, хаалга, цонхнууд шаардлага хангахгүй материалаар, стандарт бусаар хийгдсэн, агаар сэлгэлт явагддаггүй агааржуулагч, камержуулалт байхгүй, бас эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ашиглалтад хүлээж аваад хагас жил болоогүй байгаа тус барилга бороо ормогц дээвэр болон хана, хаалгаар нь ус нэвчиж, усанд автдаг. Үүдээр нь ороход л бохирын эвгүй үнэр үнэртдэг гэх зэрэг олон асуудалтайн улмаас ашиглалтад хүлээн авах боломжгүй байхад, тухайн гүйцэтгэгч компанийг эзэмшигч, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханы томилсон, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Дөлбадралаар ахлуулсан улсын комисс барилгыг ашиглалтад хүлээн авчээ. Мөн дээр дурьдсанчилан комиссын бүрэлдэхүүнд орсон зарим мэргэжилтэн, инженерүүд дарамтан доор, албадлагаар гарын үсэг зурсан гэдгээ цухуйлгасан бол тухайн үед ашиглагч байгууллагын (Ховд аймаг дахь БОЭТ) захирлаар ажиллаж байсан Г.Шижир “оны өмнөх санхүүжилт батлагдах гээд байна хурдан зураад өг гэж яаруулаад байхаар нь гарын үсгээ зурсан” хэмээн өчиж байгаа. Түүнээс гадна Барилгын ажлыг үнэлж ашиглалтад хүлээж авсан Улсын комиссын гаргасан акт, дүгнэлт, тэмдэглэл гэх мэтээс гадна ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нэн шаардлагатай баримт материалуудыг хуулийн дагуу Архивын газарт хүлээлгэн өгч, тэнд хадгалагдаж байх ёстой байтал архивт өгөөгүй. Ховд аймагт уг баримт материал нь олдохгүй байгаа юм.
Бид энэ оны наймдугаар сарын 24-26-ны үед аймгийн Засаг даргын тамгын газрын архив, мөн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт албан ёсоор хандаж, уг материалтай танилцахыг хүссэн боловч архивын газарт зөвхөн уг барилгыг баригдахаас өмнө гаргасан зураг төслөөс өөр материал өгөгдөөгүй, ГХБХБ-ын газарт ч хувь үлдээгүй байв. Барилгыг хүлээж авсан улсын комиссын нэг гишүүн болох Ховд аймгийн ерөнхий архитектор, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга З.Өмиртайгаас тодруулахад “ажлыг хүлээж аваад гаргасан актыг хуулийн дагуу гүйцэтгэгч компани нь архивын газарт хүлээлгэн өгөх ёстой байдаг” гэсэн.
Харин “Мотоблок” компаниас энэ асуудлыг тодруулахыг оролдсон боловч бидэнтэй холбогдсон уг компанийн удирдлагын багийн гишүүн нь “би сайн мэдэхгүй байна” гээд утсаа тасалсан ба утсаа дахиж аваагүй юм.
Уг барилгыг ашиглагч байгууллага болох Ховд аймаг дахь БОЭТ-өөс барилгын ажлын гүйцэтгэлийг шалгуулахаар тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2-3 удаа албан хүсэлт хүргүүлсэн боловч, Мэргэжлийн хяналтын газар шалгаагүйгээр барахгүй, ямар ч хариу өгөөгүй байна. Энэхүү барилгыг бариулахаар хийгдсэн зураг төсөл, ажлын зураг, зарлагдсан тендер болон ажил гүйцэтгэх гэрээний дагуу бол зориулалт нь 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга байх ёстой. Гэтэл Ховд аймгийн Эрүүл мэндийн газар болон аймгийн удирдлагаас Ховд аймагт Эрүүл мэндийг дэмжих төв байгуулахаар хүсэлт гаргаж, уг хүсэлт нь Эрүүл мэндийн яамнаас дэмжигдэн, нийт 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдүүлсэн ба үүний 480.0 сая төгрөгийг барилгын ажлыг гүйцэтгэгч “Мотоблок” компанид нэмж олгон, уг барилгын нэг давхарыг Эрүүл мэндийг дэмжих төв байрлах зориулалтаар засуулсан. Гэтэл тэнд хийгдсэн ажил нь яагаад ч 480.0 сая төгрөг зарцуулагдахааргүй, дээр нь маш чанаргүй ажил болсон байна хэмээн Эрүүл мэндийг дэмжих төвийн удирдлага, мэргэжилтнүүд мөн шүүмжилж байгаа юм.
Түүнчлэн өнгөрөгч наймдугаар сард явагдсан Ховд аймгийн ИТХ-ын IV хуралдаан дээр Цэцэг сумаас сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгч, БОЭТ-ийн мэдээгүйжүүлэх тасгийн их эмч Б.Анхбаяр 50 ортой хүүхдийн эмнэлгийн шаардлага хангахгүй байгаа барилгын ажлын гүйцэтгэлийг шалгуулах өргөтгөсөн ажлын хэсгийг яаралтай байгуулж ажиллах саналыг хэлсэн. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав үүнд хариулт өгөхдөө “барилга барьсан компани, хүлээж авсан мэргэжлийн хяналтын хүмүүстэй бүгдтэй нь уулзаж, сахилга хариуцлага тооцно. Ажлын хэсгийнхэн дутуу байгаа зүйлүүдийг гүйцээж хийх үүрэг даалгавар өгөөд барилгыг хүлээн авсан боловч, ковид цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор уг тахлаар өвчилсөн өвчитнүүдийг тэр байшинд оруулсан. Тиймээс гүйцэтгэгч компани нь улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын улмаас ажлаа гүйцээж хийх боломжгүй болоод өнөөдрийг хүртэл гацчихсан байгаа. Одоо өргөтгөсөн ажлын хэсэг байгуулаад, дотор нь ороод ажиллая гэхээр “улаан бүс” учир ажиллах боломжгүй байна. Мэргэжлийн бүх байгууллага, олон талын төлөөллийг хамруулсан ажлын хэсэг байгуулж ажиллуулна. Гүйцэтгэлийн баталгаа гээд нийт төсөвт өртөгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний 250 сая орчим төгрөг төрийн мэдлийн дансанд байгаа учир шаардлагатай засвар үйлчилгээний ажлыг гүйцээж хийлгэх боломжтой.” гэж ярьсан.
Гэвч зарим эх сурвалжууд “барилгыг шаардлага хангасан түвшинд засаж сайжруулахад 250 сая төгрөг хүрэлцэнэ гэдэг нь эргэлзээтэй” гэцгээж байгаа. Барилгын ажлыг гүйцэтгүүлэх гэрээний ерөнхий заалтын 51.1-д “Ажил эхэлсэн өдрөөс чанарын баталгаат хугацаа дуусах хүртэл гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас, эсхүл дутуу орхисноос үүдэн гарсан гэрээний ажилтай холбоотой материал болон ажилд үүссэн алдагдал, эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч өөрийн зардлаар засварлана” гэж заасан байдаг учир гүйцэтгэгч компани нь баталгаат 3 жилийн хугацаа битгий хэл, ашиглалтанд аваад хэдхэн сар болж буй барилгын зургаас зөрөөтэй, чанаргүй, буруу хийгдсэн зүйлс, эвдрэл болон дутуу хөтүүг нь өөрийн зардлаар хийж гүйцэтгэх шаардлагатай. Дээрээс нь ашиг сонирхолын илт зөрчилтэй компанийг яагаад тендерт шалгаруулав?, Баримт бичгүүд нь яагаад хуулийн дагуу хадгалагдах ёстой газартаа очихгүй, хүлээж авсан улсын комиссын акт хаана байгааг яагаад хэн ч мэдэхгүй байна гэсэн ноцтой асуудлууд ч хариултаа хүлээж байна. Тендерийг зохион байгуулсан Сангийн яамнаас энэ талаар албан ёсоор тодруулахад “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан ЭМСЯ/20181106 дугаартай “Хүүхдийн эмнэлгийн барилга, 50 ор /Жаргалант сум/-ын ажлын тендер шалгаруулалттай холбогдуулан, Сангийн яаманд “”Нью сувагт констракшн” ХХК болон “Баганат орд” ХХК-аас гомдол гаргасныг хянан үзэж, Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 6-1/6766 тоот албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байна. Харин холбогдох бусад мэдээллийг захиалагч болон гэрээ байгуулсан газраас авах нь зүйтэй” гэсэн хариу ирүүлсэн. Ашиг сонирхолын илт зөрчилтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой байгаа компанийг тендерт шалгаруулсан байхад түүний дагуу ирсэн гомдлыг хангахгүйгээр гөрдөж шийдсэн, тэгээд түүнийгээ “үндэслэлтэй зөв шийдвэр байна гэж шийдвэрлэсэн” гээд албан ёсоор мэдэгдэж байгаа яамны өмнөөс ичих ч багадмаар. Тэр тусмаа хууль бусаар, журам зөрчиж шалгаруулсан уг компани нь тендерээр авсан ажлаа хэрхэн, яаж гүйцэтгэв гэдэг нь тодорхой болж, бөөн бантан хутгачихаад байхад шүү дээ.
Аймгийн Засаг даргын орлогч Тогтохын Жаргалсайхан, түүний төрсөн ах Т.Бямбажаргал нарын эзэмшлийн Мотоблок компани нь Ховд аймагт улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй, Засгийн газрын болон яамны мэдлийн дор Улаанбаатарт зарлагддаг, олон тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй томоохон барилгын ажлуудыг “түүвэрлэн авсан” байдаг бөгөөд, тус компаний гүйцэтгэж байгаа ийм замаар авсан ажлуудын нэг болох Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежийн хичээлийн шинэ байрны барилга мөн бороо ормогц ус нэвтэрч байгаа талаар эх сурвалж мэдээлэл өгсөн. Энэ байдлаас харахад уг компани нь барилгын ажил гүйцэтгэх мэргэжлийн чадамж сул, туршлага дутмаг, чанаргүй ажил гүйцэтгэдэг нь тодорхой байтал дээд газраас ийм чадамжгүй, тэр тусмаа бүүр ашиг сонирхлын илт зөрчилтэй компанийг яагаад тендерт шалгаруулаад байна вэ? Аймгийн удирдлага яагаад ашиг сонирхолын илт зөрчилтэй Т.Жаргалсайханд уг барилгыг хүлээж авах ажлын хэсгийг томилж гарын үсэг зурах эрх олгов, тэрхүү ашиг сонирхлын зөрчилтэй этгээд яагаад “сохорсон биш завшив” гэгчээр ажлын хэсгийг томилоод, бүрэлдэхүүнийг нь дарамтлах замаар шаардлага хангахгүй барилгыг хүчээр ашиглалтанд өгч, баримт материалуудыг нь архивт өгөхгүй нуун дарагдуулж байдаг юм гэх мэт ноцтой асуудлуудыг авч үзэхэд илт гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд болох нь ойлгомжтой ! Албан бус эх сурвалжуудын таамаг яриагаар бол үүний цаана нэр бүхий УИХ-ын гишүүн байгаа гэцгээх нь ч бий. Ажлын хэсэг томиллоо гэхэд уг ажлын хэсгийг дахиад урьдны улсын комисс томилсон байдлаар томилж, уг ажлын хэсэг нь бас л тийм байдлаар ажилласан дүр үзүүлээд, аргацааж үлдээхүү? гэдэг асуудал ч бас байгаа. Тиймээс энэ хэрэгт болон энэ мэт бусад асуудалд холбогдох байгууллага, хүмүүс, хууль хяналтынхан төдийгүй, Ховд аймгийнхан нийтээрээ анхаарал хандуулах нь чухал юм.
Г.МИЧИДМАА
7 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.