А.Бурмаа: Ковид19-өөс гадна амьсгалын замын вирус тархаж байна

2021-09-24 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар ээлжит мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа томуу, томуу төст өвчний тархалтын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Томуу, томуу төст өвчний улирал эхэлж байна. Ковид19 ч томуу, томуу төст өвчин орно. Одоогийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл 10000 хүн амд 15.1 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногийнхтой ойролцоо түвшинд байна. Сүүлийн гурван жилийнхтэй харьцуулахаар бага. Нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 26 гаруй хувь нь амьсгалын замын цочмог халдвартай иргэд эзэлж байна.

Түүнчлэн 16-24, 50-65 насанд өвчлөл нэмэгдсэн. Мөн дөрөв хүртэлх насныхан дунд өвчлөл нэмэгдсэн. Түргэн тусламжийн дуудлагын 9,2 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байна.

Томуугийн вирус одоогоор хараахан эргэлтэд орж ирээгүй байна. Харин томуу төст өвчний тохиолдол бүртгэгдэж байна. Тиймээс зөвхөн коронавирус биш бусад амьсгалын замын вирус тархаж байна.

Ковидтой зэрэгцээд томуу томуу төст өвчин эргэлтэд орвол ирэх саруудад нэлээн хүндрэлтэй байх болно. Тиймээс вакцинаа сайн хийлгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авах хэрэгтэй” гэсэн юм.

Мөн энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Ковидын эсрэг вакцины гуравдугаар тунд 280 мянга гаруй хүн хамрагдаад байна. Гурав дахь тунд хамрагдсан хүмүүсийн 10 орчим хувь нь Вероцелл, есөн хувь АстраЗенека, 90 орчим хувь нь Файзер вакцинд хамрагджээ. Мөн 2-11 насны хүүхдүүдийг томуугийн вакциныг хамруулж байга. Үүнд улсын хэмжээнд 51,5 хувь, аймагт 34,8 хувь, нийслэлд 69,7 хувь хамрагдаад байна. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугийн вакцинд хамруулж байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.