Сергей Диордица: Тусгаарлан эмчлэх байруудыг нэмж, гэртээ нас барахаас сэргийлэх хэрэгтэй

2021-09-23 Мэдээ мэдээлэл

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзжээ. Засгийн газрын коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг олон улстай харьцуулсан судалгааны дүгнэлтийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар талууд харилцан санал солилцсон байна.

Дэлхийн олон улс коронавирусийн цар тахлын үед бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох бус, төр засаг, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийн хамтын хариуцлагыг сайжруулах замаар халдвар хамгааллын дэглэм сахиулах бодлого баримталж буйг ДЭМБ-ын суурин төлөөлөгч онцолжээ. Тэрээр “Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцооны эрс шинэчлэл хийсэн нь энэ удаагийн том давалгааг харьцангуй хохирол багатай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн хөнгөн өвчтөнүүдийг гэрээр тусгаарлан эмчлэх зохицуулалтыг шуурхай хийж, жигдрүүлсэн нь бүс нутгийн хэмжээнд сайн жишиг болсон тул манай туршлагыг нэвтрүүлж эхэлснээ дуулгаад, гагцхүү одоо гэрийн нас баралтаас сэргийлэхийн тулд тусгаарлан эмчлэх байруудыг нэмэгдүүлэх шаардлагатай. Хэдийгээр Монгол Улсын хувьд олон улстай харьцуулахад вакцинжуулалтын явц сайн байгаа боловч халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахиж байж энэхүү үр дүнгээ урт хугацаанд хадгална” гэжээ.

Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч Засгийн газар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ орлогыг тасалдуулахгүй байх үүднээс халдвар хамгаалын нарийн чанд дэглэмийн дор ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж буйг Шадар сайд С.Амарсайхан хэлсэн байна. Мөн тэрээр ковидын олон төрөлт мутаци бүртгэгдэх болсон энэ цаг үед эмчилгээ оношилгоо, эмнэлзүйн тандалт судалгааны явцыг шинэ шатанд хүргэхээр төлөвлөн ажиллаж буйг дуулгажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.