Г.Ёндон: “Роснефть”-ийн удирдлагатай маргааш уулзана

2021-09-21 Засгийн газар

УУХҮ-ийн сайд Г.Ёндон болон шатахуун импортлогч компаниудын төлөөлөл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон: ОХУ манай улсад сард хамгийн багадаа 28 мянган тонн шатахуун нийлүүлэх гэрээтэй. Гэвч тус улсын дотоодын нөхцөл байдал, цар тахлаас үүдэн энэ сард 17 мянган тонныг л нийлүүлэх боломжтой гэж 8 дугаар сард мэдэгдсэн. Тиймээс манай улс БНХАУ-аас шатахуун импортлох ажил эхэлж, 8 дугаар сараас АИ-95 болон АИ-98 автобензин авч эхэлсэн. Мөн 1037 вагон АИ-92 автобензин авахаар шатахуун импортлогч компаниуд мөнгөө төлж, захиалгаа хийн, вагоны кодоо өгсөн. Төмөр замаар тээвэрлэн оруулж ирэхэд бэлэн болсон байна.

Энэ ажил явж байх хойгуур ОХУ энэ сард нийлүүлэх ёстой үлдэгдэл газрын тосны бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй гэж өчигдөр гэнэт мэдэгдсэн. Манай талаас ОХУ-тай энэ талаар тасралтгүй яриа хэлэлцээ хийж байна. Мөн УУХҮЯ, импортлогч компаниудын төлөөлөл ОХУ-руу явсан. Роснефть компанийн удирдлагатай маргааш уулзана.

Дотоодод шатахуун тасалдуулахгүйн тулд төвийн бүсэд тодорхой хязгаарлалт хийж байна. БНХАУ-аас 1037 вагон АИ-92 автобензинийг шуурхай оруулж ирэхээр ажиллаж байна. АИ-92 автобензиний нийлүүлэлтийг хэвийн болгоход 5-7 хоног шаардагдахаар байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.