Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийн талаар шүүхийн шийдвэрийг илтэд гуйвуулсан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нийтлэгдэж буйтай холбогдуулан шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар олон нийтэд дараах дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, “Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Стандарт хэмжил зүйн газрын даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
Гурван шатны шүүхээр уг маргаан хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож, шүүхүүд дараах үндэслэлээр Г.Гантөмөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасныг баримтлан, “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр Г.Гантөмөрийг Стандарт хэмжил зүйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, Г.Гантөмөр нь маргаан бүхий 131 дүгээр тогтоол гарах үед 60 нас буюу “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, харин төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан, талууд уг үйл баримттай маргаагүй байна.
Г.Гантөмөр нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “… 62 нас хүртэл үргэлжлүүлэн ажиллах”, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хандаж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “… 61 нас хүртэл ажиллах”, 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр “… 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ажиллах”, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “… 1 дүгээр сарын 8-ны өдрийн хүсэлтээ татан авч байна, … энэ оны сүүлээр тэтгэвэрт гарах” хүсэлтүүдийг тус тус гаргасан хэдий ч түүнийг томилох эрх бүхий этгээд болох Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр шийдвэр гаргаж, Г.Гантөмөрийг үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Төрийн албаны тухай (2017) хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн /бол төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх/”-өөр, 46.3-т “… төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заажээ.
Уг хуулийн заалтаас үзвэл, төрийн жинхэнэ албан хаагч “тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц” түүнийг төрийн албанаас чөлөөлөх эрх тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд үүснэ, тухайн этгээд өөрөө төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй бөгөөд ийм хүсэлтийг шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд гаргаснаар түүнийг эрхэлж буй ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үр дагавар шууд үүсэхгүй, харин томилох эрх бүхий этгээдэд хуульд заасан тодорхой шалгуурыг харгалзан үзсэний үндсэн дээр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн алба хаагчийг цаашид төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах эсэх талаар шийдвэр гаргах эрхийг энэ хуулиар олгосон байна.
Иймд, хариуцагч Монгол Улсын Засгийн газар хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” Г.Гантөмөрийг Стандарт хэмжил зүйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, энэ нь Төрийн албаны тухай (2017) хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан “… хуулиар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байх” сонгох боломжийг хэрэгжүүлсэн хууль ёсны шийдвэр байна гэж шүүх дүгнэжээ.
Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 83 дугаар тушаалаар Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийн 2018 оны ээлжийн амралтыг “… 8 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал” хугацаанд эдлүүлэхээр шийдвэрлэсэн, уг хуваарийн дагуу Г.Гантөмөр нь 2018 оны ээлжийн амралтаа эдэлсэн байна.
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 3-т “… ээлжийн амралтын хуваарь батлах” эрхийг ажил олгогч (эрх бүхий этгээд)-д олгосон, уг зааврын дагуу Стандарт хэмжил зүйн газрын ажилтан албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг тус агентлагийн дарга батална, харин агентлагийн даргын ээлжийн амралтын хуваарийг эрх бүхий этгээд батлах зохицуулалтай. Эрх бүхий этгээдээс Г.Гантөмөрийн 2019 оны ээлжийн амралтын хуваарийг батлаагүй байхад Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр өөрийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар “…дарга Г.Гантөмөр … III/29-ний өдрөөс эхлэн” ээлжийн амралт эдлэхээр өөрөө өөртөө хуваарь баталсан нь хууль бус. Түүнчлэн, тус байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.2.1-д “ээлжийн хоёр амралтын хоорондох хугацаа 8 сараас доошгүй байх”-аар заасан байхад өмнөх оны 9 дүгээр сард ээлжийн амралтаа биеэр эдэлсэн атлаа дараа оны 3 дугаар сард мөн ээлжийн амралт эдлэхээр өөрөө өөртөө хуваарь зохиож баталсан нь дээрх хууль журамд нийцэхгүй талаар шүүх дүгнэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “… төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэх”-ээр заасан нь “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албан хаагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөнтэй холбоотой энэ маргаанд хамааралгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…энэ хуулийн зохицуулалтаар төсвийн шууд захирагчийг үргэлжлүүлэн ажиллуулах эрх бүхий хуулийн этгээд нь төсвийн Ерөнхийлөн захирагч болохоос Ерөнхий сайд биш гэдэг нь тодорхой /байхад/ … энэ харилцаанд ямар ч хамааралгүй албан тушаалтан болох Ерөнхий сайд буюу улмаар Засгийн газрын 131 тоот тогтоолд хамааруулан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэхгүй гэж мөн шүүх шийдвэртээ дурдсан байна.
Эдгээр үндэслэлээр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2 дахь заалт нь төрийн захиргааны албан тушаалтан, жинхэнэ албан хаагч тэтгэвэрт гарч чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд хэрэгждэг зохицуулалт юм, … Төрийн албаны тухай хуулийн 46.3-д заасан зохицуулалтаар захиргааны санаачлагаар төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр албан үүргээс нь чөлөөлөх зохицуулалт огт байхгүй”, “…Г.Гантөмөр нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс ээлжийн амралтаа биеэр эдэлж байхад нь 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн … нь хууль бус, Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4-т “… хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах,…амрах….эрхтэй,… хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэсэн заалтыг тус тус шууд зөрчсөн” гэх гомдлуудыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газар
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.