Оронд нь “төв”-өөс түр орлон гүйцэтгэгчдийг томилсон. Тэдэнд Змамын-Үүдэд гацсан ачаа барааны “түгжрэл”-ийг сарын дотор арилгах үүргийг Ерөнхий сайд өөрөө өгсөн. Тэдний томилолтын хугацаа дуусч байна. Замын-Үүдэд байдал ямар байгааг, яаж өөрчлөгдсөнийг тэндээс үйлчилгээ авдаг иргэд, аж ахуйн нэгжүүд дүгнэнэ. Ямартай ч хүнд суртал багассан гэдэг дүгнэлтийг бол аль аль талаас нь өгч байна.
Гэхдээ тэндэх төрийн үйл ажиллагаа хоорондоо холилдчихсон, хачин заваан юм болж буй ажээ.
Хотын гаалийн даргаар ажилладаг Б.Отгонсүх Зам-Үүдийн Гаалийн газрын даргыг түр орлон гүйцэтгэж байгаа юм.
Энэ нөхрийг ярихаар ямар албан тушаал хашдаг нь ерөөсөө ойлгогдохгүй. Уг нь Замын-Үүд дэх гаалийн байгууллагыг удирдаж байгаа хүн л дээ. Гаалийн байгууллага юу хийх вэ гэхээр хилээр орж ирсэн ачаа барааг тоолоод, бүртгээд, тохирох татварыг оноох л үүрэгтэй. Товчхондоо ийм юм. Замын-Үүд дэх энэ ажил нь тийм ч сайнгүй байгаа гэсэн мэдээлэл бий.
Гэтэл мань эр тээврийн хөлс яриад байдаг болчихов. Б.Отгонсүх наймдугаар сард хотод ирээд хэвлэлд нэг яриа өгсөн. Тэгэхдээ “…Замын-Үүд дэх Боомтын зөвлөл Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу өчигдөр тээврийн зардлыг гурав дахин бууруулах шийдвэрийг гаргасан” гэж мэдээлсэн. Уржигдар бас л хотод ирчихсэн, баахан “микрофон”-д ярилцлага өгч байна. Дахиад л “…Замын-Үүдийн боомтын зөвлөлөөс хариуцлагын гэрээг замын 5000 гаруй жолооч нартай хийсэн. Гэвч хэрэгжилт хангалтгүй байна. Тагнуул, цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр 70 хувь нь 10 саяас дээш, 30 хувь нь 10 сая дотроо ачиж байна. Энэ долоо хоногт гэрээ зөрчсөн автомашины жолооч нартай хариуцлага тооцож зөвшөөрлийг нь цуцална. Цаашид тээврийн үнийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх чиглэлд ажиллана” гэж ярьж байх юм.
Уг нь тээврийн хөлсийг ярих ёстой хүн чинь ЗТХЯ-ны харьяа АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын даргаар очсон Ж.Сүхбаатар гэдэг хүн байгаа юм. Өмнө нь энэ албан тушаалыг Улсын начин А.Хатансайхан хашиж байсан. Халагдсан. Тэгээд оронд нь сумын гэл үү, багийн даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар гэдэг энэ хүнийг томилсон юм билээ. Харин Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүх ийн ажлыг нь булааж хийгээд байдаг болжээ. Ажил үүргийн хуваарьт нь огт байхгүй асуудлаар яриад яваад байгаагийн цаад учир нь тодорхой бус.
Хотын даргын орлогч байхдаа нийтийн тээвэр хариуцаж байсантай нь холбоотой юу. Аль эсвэл Эгийн голын УБС төслийн удирдагч, Хархорин сумын Засаг дарга хийж аж ахуйн ажил хийж байсан хобби нь сэдрээд ингээд байна уу бүү мэд. Аль эсвэл ЗТХЯ руу том албан тушаалд очихоор PR хийгээд эхэлсэн үү. Ямартай ч ийм холион бантан төрийн ажлыг улам нураадаг болохоос босгодоггүй юм.
Нэг жижигхэн жишээ хэлье л дээ. Арав гаруй жилийн өмнө ЗЦГ-ынхан, Нийслэлийн нийтийн тээврийн газрынхан хамтарсан хурал хийв ээ. Тэр үед ЗЦГ-ын дарга Ц.Амгаланбаяр хурандаа байсан. Хоёр газрын удирдлагууд нэг зүйл дээр маргалдаад… Яг юу байсныг сайн санахгүй байна. Манайх хариуцахгүй, танайх хариуцах ёстой гээд нэлээд үзсэн. Тэр асуудлаас нь болоод нийгэмд нэлээн дуулиан дэгдээд байсан байх. Ярихаас аргагүй болсон хэрэг л дээ. Тэгж тэгж Ц.Амгаланбаяр хурандаа “…Одоо больё. Яг үнэндээ наадах чинь танай хариуцах ажил. Цагаан дээр хараар биччихсэн байгаа. Ерөөсөө таваг таваган дахь хоолоо л идэцгээе” гэснээр маргаанд цэг хатгасан. Үнэхээр ч тэр нь нийтийн тээврийнхний хариуцах ёстой ажил бөгөөд ЗЦГ-ынхан тэрэнд нь тусалдаг байсан байдаг юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин