Урд шөнө болсон газар хөдлөлтийн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс тодрууллаа.
Одон орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлт судлалын салбарын мэргэжилтэн А.Мөнхсайхан: Урд шөнө болсон газар хөдлөлтөөс үүссэн чичирхийлэл хөрсний хурдатгал хэмжигч, хатуу хөрсөн дээр байгуулсан багаж дээр 3 баллаар мэдрэгдсэн. Гэхдээ газар хөдлөлтөөс үүдсэн чичирхийлэл Улаанбаатар хотын сэвсгэр хөрсөн дээр орж ирэхдээ долгионоо өсгөж хүмүүст өөр өөрөөр мэдрэгдсэн байна. Хүн хаана байгаагаас шалтгаалан чичирхийллийг өөрөөр мэдэрдэг. Мөн хэдэн баллаас дээш газар хөдлөлтийг мэдрэх боломжтой вэ гэдэг ч харьцангуй ойлголт юм. Энэ нь газар хөдлөлтийн хүч, голомтын гүн, газрын хөрснөөс хамаардаг.
Он гарсаар таваас дээш магнитутын хүчтэй газар хөдлөлт Ханхын давталт хөдлөлтийг эс тооцвол Говьсүмбэр аймагт гуравдугаар сарын 23-нд, Сэлэнгэ аймагт долоодугаар сарын 22-нд болсон. Улаанбаатар хот орчмын бүс нутагт сүүлийн үед газар хөдлөлийн идэвхжил нэмэгдэж, жижиг хөдлөлтүүд маш ихээр болж байна. Зарим тохиолдолд жижиг хөдлөлтүүд ихээр болно гэдэг нь хүчтэй хөдлөлт болох урьтал үзэгдэл байж болдог. Урьд шөнийн газар хөдлөлт болсон цэгт 2018 оны зургаан сарын 28-нд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлж байсан. Таван магнитудын хүчтэй, 10 гаруй километрын гүнд болж буй газар хөдлөлтөөс болоод газрын гадарга дээр хагарал ажиглагддаггүй. Жаргалант сумын ойр орчмын сумуудад чичирхийлэл мэдрэгдсэн ч одоогоор хохирол учирсан мэдээлэл байхгүй байна.