Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийлээ.
Л.Энх-Амгалан сайд “Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар зохион байгуулсан. Нийт 40420 бүртгүүлэгч бүртгүүлснээс 36782 шалгуулагч шалгалт өгсөн. Өнөөдөр батламжаа авч байна. Энэ жил 12 дугаар ангиа төгссөн 31782 сурагч, өнгөрсөн жил төгссөн 8638 төгсөгч шалгалт өгсөн.
Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой материал нь түрүүлж задарсан, алдаатай материалууд байсан гэх мэдээллүүд их явсан. Энэ бол худлаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг ч материал задраагүй. Харин нэг хүүхэд гар утсаа авч ороод бусдаас тусламж гуйгаад газар дээрээ баригдсан. Цаашдаа элсэтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авах шинэ тогтолцоо руу орох нь зүйтэй. Мөн хичээлийн сонголтоо эргэн харах нь зүйтэй. Их дээд сургуулиудын хөтөлбөртэй уялдуулна. Түүнчлэн хичээлийн сонголтоос гадна хичээлийн шалгалтуудын түвшинг эргэн харж, өөрчлөх ёстой юм байна.
Энэ жил 88 их сургуульд 140 мянга гаруй оюутан орж суралцана. Хөдөө орон нутгаас 74 мянга гаруй оюутан ирнэ. Хувийн их, дээд сургуулиуд яамны тогтоосон босго оноог дураараа буулгаснаас болж, улсын хэмжээнд 7200 хүүхэд баталгаажуулж чадаагүй. Босго оноогоо дутуу харчихсан учир дипломоо авч чадахгүй байх эрсдэл үүсч байна. Тиймээс хувийн сургуулиуд босго оноог дураараа засахыг хатуу хориглож байна. Өмнө нь иймэрхүү алдаа дутагдал гаргаж, олон мянган хүүхдүүдийг хохироосон их дээд сургуулийн захирлуудад хариуцлага тооцно.
Өнгөрсөн хавар ковидын хуулийн хэрэгжилттэй холбогдуулж Боловсрол, шинжлэх ухааны сайдын түр журам батлагдсан. 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Мөн өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд төлбөрөө нэмэхгүй байх чиглэлийг Боловсрол, шинжлэх ухааннаас гаргасан.
Хичээл сонголт болон анги танхимын суудлын хуваарь нэрээр барьцаалж төлбөрийг авдаг байсан. Тэгвэл энэхүү түр журмаар сургалтын төлбөрийг хэсэгчилж авах, ямар нэгэн байдлаар хичээл сонголтоор барьцаалж төлбөрийг авахгүй байхыг чиглэл болгосон. Энэ журмыг зөрчиж байгаа өмчийн ямар ч хэлбэрийн сургуульд хатуу хариуцлага тооцно. Сургалтын төлбөртэй, түр журамтай холбоотой гомдол мэдээллээ тусгай утсанд хандан хэлэх боломжтой” гэлээ.