Б.Идэр-Од: ЯМАР МЭРГЭЖЛЭЭР СУРАХ ВЭ?

2021-08-17 Амрах агшин

 

Цахим ертөнц болон нийгэмд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэйгөөр өртөөчлөх стандап комедиан, технологийн бизнесмэн залуу Б.Идэр-Од улс орны ирээдүйн эздэд “ЯМАР МЭРГЭЖЛЭЭР СУРАХ ВЭ?” гэсэн асуултад ийнхүү өөрийн үзэл бодлоо хуваалцжээ.

Тэрбээр “Ирээдүй үнэхээр сонирхолтой байна. Би бүр өмнөөс чинь мэргэжил сонгох дээр чинь догдолж байна, дүү минь. За, Дэлхий ертөнц товчхондоо ийм байна.

САНСАР

Бид нарны системийнхээ 9 гаригийг л хичээлээс мэддэг. Гэтэл бид одоо 5000 гаруй гарагийг илрүүлчхээд байна. Марс дээр хүн амьдардаг болох нь тодорхой болчихсон. Тэгээд бүр цаашаа ч явах зам нээлттэй байна. 7 жилийн өмнө бид сансарт асар хурдтай явж буй солир дээр төхөөрөмж буулгаад үзчихсэн байна. Одоо Марс дээр бичил уурхай, 3D хэвлэх технологиор үйлдвэрүүд барьж эхлэх гэж байна. Дэлхийн хамгийн хүчирхэг, сансарт олон удаа гарч, бууж ирдэг, босоогоороо газардаж чаддаг пуужинг хувийн компани хийж байна. NASA мэтийн улсын байгууллагууд одоо хувийн тек компаниудаар гэрээлж ажлаа хийлгэдэг болчихлоо. Мөн Элон Маскын компани уже 1000 гаруй интернетийн хиймэл дагуулыг сансарт гаргаад байна.

Дэлхийн хүн амын бараг тал нь одоо болтол интернетгүй амьдардаг. Антенаа бараадаж интернетэд ордог үе өнгөрч сансар дээрээс сүлжээ цацаад эхэлж байна. Удахгүй 12,000 ийм хиймэл дагуул дэлхийг бүрхэнэ.

Физик хөгжиж бид 6 жилийн өмнө алсын алсад хоёр хар нүх мөргөлдөж буй сансрын гравитацын долгионыг багаж дээр мэдэрч, байдгийг нь баталж чадлаа. Энэ өмнө нь зөвхөн математикаар байж болохыг нь харуулсан онол байсан юм. Хоёр жил хүрэхгүйн өмнө бид нарыг 6.5 тэрбум нугалсан юм шиг масстай хар нүх гэдэг юмны гэрэл зургийг авч, байдгийг нь үзүүлж чадлаа. Бас л онол, таамаг гэж явдаг байсан зүйл.

Үүнийг хийхэд 200 эрдэмтэд дэлхийн энд тэндээс хамтарч ажилласан юм. Одоо нэг ухаантай хүний хийдэг нээлт гэж бараг үгүй. Хамтарч ажиллах дуртай, тэр нь боломжтой тийм эринд бид амьдарч байна. Нээлт хиймээр байвал багийн супер гишүүн л бай.

КОМПЬЮТЕР, ИНТЕРНЕТ

Хүн компьютертой гараараа л харьцдаг үе улирах гэж байна. Хүн компьютертой дуу хоолой, бодлоороо шууд харилцдаг болж байна. Бидний амьдрал улам хурдтай хөвөрнө гэсэн үг.
Бид утас, компьютер л интернетэд холбогддог гэж боддог байлаа. Одоо байж болох бүх эд хогшил интернетэд холбогдож эхэллээ. Чи хөшиг, жорлонгийн бочки, нохойн идүүр гээд л бодож болох бүх юмыг удирддаг боллоо.

Хиймэл оюун ухаан гараад ирлээ. Хүн компьютерыг програмчилж хөгжүүлдэг байсан бол компьютер өөрөө хэрэгтэй юмаа сурч чаддаг болчихлоо. Хүн хязгаар тавьж, чиглүүлж, сурахад нь хэрэгтэй датагаар л тэжээх хэрэгтэй боллоо.
Хоёр жилийн өмнө Гүүглийн куантум компьютер дэлхийн хамгийн хүчтэй компьютерын 10,000 жил хийх байсан тооцооллыг 3 минутад л тооцоолж аварга үсрэлт үзүүллээ. Одоо компьютер гацаад, халаад, уншихгүй байна гэдэг асуудал огт байхгүй болсон гэсэн үг энгийнээр хэлбэл. Ийм компьютертой байхад машин, барилга, байгалийн үзэгдэл, онгоц гээд бүх юмны загварыг компьютероор гаргаж яг бодит хийсэн юм шиг туршиж, хөгжүүлж болно гэсэн үг. Маш их хөрөнгө, цаг, материал хэмнэнэ.

ДЭД БҮТЭЦ, ТЕХНОЛОГИ

Санхүүгийн, хүнсний, түүхий эд түгээлтийн гээд бүх дэд бүтцүүд тектоник шилжилтэд орчихлоо. 2009 онд эхэлж байсан дижитал мөнгө болох Биткойн гэдэг юман дотор өнөөдөр 1 триллион доллартой тэнцэх санхүүгийн хүч эргэж байна. Биткойноор чи Тесла машиныг үйлдвэрээс нь авч болно. Чи энэ мөнгийг дэлхийн хаашаа ч найзынхаа дижитал түрийвчрүү ямар ч банкаар дамжиж, дунд нь банканд шилжүүлгийн хөлс хураалгахгүй шидэж болно. Энэ бол хүлээн зөвшөөрөгдчихсөн мөнгө болчихлоо.

Дэлхийн хамгийн том сургууль гэгддэг Khan Academy өнөөдөр 50 сая хүнийг 190 оронд сургаж, боловсролыг хүргэж байна. Монголд манай Hippocards гэхэд л 450К сурагчтай, өдөрт 100К хүн аппруу ордог гээд боддоо. Боловсрол хямд, хүн бүрт хүрдэг болчихлоо. 2012 онд анхны цахилгаан машины масс үйлдвэрлэл Tеслагаар эхэлж байлаа. Одоо бүх үйлдвэрлэгчид жолоочгүй явж чаддаг, цахилгаан машин хийцгээж ширүүн уралдаж байна. Ашгүй ийм машинд зэс маш их ордог учраас манай Оюутолгойн зэс их эрэлттэй байхаар байна. Ийм машины шинэ үед олон төрлийн мэдрэгч хийдэг, програмчлалыг нь хөгжүүлдэг, үйлдвэрийнх нь роботуудыг хөгжүүлдэг, шинэ супер материал судалдаг гэх мэт тасархай ажлын байрууд дагаад дэлгэрч байна.

Aмерикт 3.5 сая ачааны машины жолооч нар байдаг. Монгол залуус их хийдэг ажил. Энэ ажил харин тун удахгүй алга болох гэж байна. Вэймо гэдэг компанийн жолоочгүй машин 16 сая километрийг жинхэнэ зам дээр яваад үзүүлчихлээ.

Батарейны технологи яг үсрэнгүй хөгжөөгүй байгаа ч үйлдвэрлэл нь маш масс хэлбэрт орж үнэ нь сүүлийн арван жилд бараг 10 дахин хямд болж чадлаа. Баттерэй хямдарна гэдэг бол бид энергийг зөөж, хадгалж чаддаг боллоо гэсэн үг. Энерги хаана байна тэнд амьдралыг цэцэглүүлж болдог. Төвийн шугам, тогны утасгүйгээр хаана ч тансаг амьдарч болно гэсэн. Амьдрал шал өөр болж байна. Нарны эрчим хүчний хураагуур технологи хамгийн сайн нь 22% орчмын энерги шингээлттэй байдаг. Гэтэл 2020 онд энэ тоо 26 хувь гараад, нотлогдоод өсч байна. Ойлгож байна уу? Нар, супер батарей байхад … тэнд тухтай амьдрал байна. Хот гэдэг ойлголт эвдэгдэх гэж байна. Агаарын чийглэгийг ус болгодог технологи бас явж өгч байна. Бас л нарны тог байхад агаараас өдрийн дотор 2000 литр ус авч болдгийг үзүүлчихсэн байгаа.

ХҮНС, БИОЛОГИ

Босоо фарминг хөгжиж байна. Заавал газар хагалж байж ногоо тарьдаг гэсэн ойголт эвдэгдэж байна. Сингапур мэтийн орнуудаас эхлээд ногоо тарьдаг цамхаг гэдэг юмыг дэлгэрүүлээд эхэллээ. 20,000 булчингийн нарын эдийг лаборатори дотор ургуулж маш нарийвчлалтай бүтэцтэй жинхэнэ махнаас ялгагдах юмгүй үхрийн махыг ургуулж чадчихаад байна. Кг хиймэл махны үнэ жинхэнээсээ тун удахгүй хямд болох гэж байна. Сингапурт хиймэл тахиан мах зарахыг одоо хуулиараа зөвшөөрчихсөн байгаа.

Стем эс буюу үүдэл эсийн технологиор хүний биеийн бүх эртхэнг ургуулж болдог болоход ойр байна. Хүн анх үүсэхдээ нэг л немо шиг ганц эс байдаг даа… Тэр эсээс л бусад өөр хоорондоо ялгаатай эсүүд үүсдэг дээ.. Энэ байгалийн замналыг хиймлээр, үе алгасаж хийдэг болно гэсэн үг.

Хүний дархлааны эсийг дураараа шахуу био хак хийж зорилго, хийдэг юмыг нь өөрчилдөг болж байна. Хорт хавдарлуу яг оновчтой онилж дархлааны эсүүдийг анч ноход шиг дайруулдаг болно гэсэн үг. Ёс зүй талын хэл ам татуулсан ген засварлах технологи бас туршигдаад батлагдчихсан явж байна. Хүнийг төрөхөөс нь өмнө удмын мэдээлэлд нь засвар оруулж болно гэсэн үг. Ингэснээр үс нь бууралтдаггүй хүн, асар үнэрч хүн, алив нэг өвчнийг төрөлхөөсөө тусдаггүй хүн… гэх мэт онцгой хүн төрөх боломжийг олгох технологи юм.

ДҮГНЭЛТ

Дүү минь… мэддэг хэдхэн хичээлээрээ ирээдүйгээ бүү төсөөл. Хүмүүсээс сонссон хэдхэн мэргэжлээрээ өөрийгөө бүү хайрцагла. Олон хүнээс асуу, олон юмыг сонирхож унш. YouTube гэж сайхан багш байна. Сайн ух. Сонирхолдоо автаж чаддаг бай. Ирээдүй чинь далай шиг цэлийж байна. Үргэлж сониуч бай…

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.