Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдлаа

2021-08-2 Мэдээ, мэдээлэл

Он гарсаар наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа болжээ. Иргэд  19 газар хөдлөлтийг мэдэрсэн байна.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл өнөөдөр хуралдлаа.

Энэ үеэр ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх болон зарлан мэдээлэх техник хэрэгслийн нөхцөл байдлын тухай танилцуулав.

Тэрбээр “Хүчтэй газар хөдлөлтийн чичирхийллийн тархалтын зураглалыг гаргах ажлыг хийх хэрэгтэй байна. Улаанбаатар хотод нүүдлийн 10 станц суурилуулах зардлыг тооцоолон холбогдох газруудад хүргүүлсэн.

Газар хөдлөлтийн мэдээллийг шуурхай хүргэх асуудал нь газар хөдлөлтийг бүртгэх станцуудын хэвийн ажиллагаатай шууд холбоотой.

Баянхонгор аймгийн Богд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Дундговь аймгийн Мандалговьд газар хөдлөлтийг бүртгэх станц шинээр барьсан. Богдын станцын багаж төхөөрөмжийг авсан бол Сүхбаатар, Мандалговийн станцын багаж төхөрөөмжийг одоо болтол худалдаж авч чадаагүй.

Газар хөдлөлтийн станцуудын тоног төхөөрөмж хамгийн залуудаа гэхэд 10 жилийн өмнө авсан. Станцуудыг хэвийн ажиллуулахын тулд сэлбэг, хэрэгслийг бэлэн байлгах хэрэгтэй.

Тухайлбал Могодын газар хөдлөлтийг бүртгэх станцад аянга бууж, нэг станц бүрэн гэмтсэн. Гэвч сэлбэггүйгээс засуулж чадахгүй байна. Дотоодын нөөц бололцоогоо ашиглаад Могодын газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийг захиалсан байгаа. Удахгүй ашиглалтад оруулна. Амжиж анхааруулах систем болон станцад шаардлагатай сэлбэгийн тооцооллыг гаргаж холбогдох байгууллагад өгсөн.

Монгол орны зүүн бүс Дорнод аймгийн газар хөдлөлтийн идэвхтэй бус бүсэд хамаардаг нефть олборлолтын талбай хавьцаа хүчтэй газар хөдлөлт болоод байгаа. Хамгийн сүүлд долдугаар сарын 30-нд 4 гаруй магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн. Тиймээс тус газар хөдлөлтийн бүсийг судлах даалгаврыг УОК-оос өгсөн тул нүүдлийн таван станц суурилуулан судалгааны ажлыг эхлүүлсэн. Петрочайна дачин тамсаг зэрэг газруудтай хамтран судалж байна.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд:

Есөн аймгийн газар хөдлөлтийн судалгааны ажлын зардлыг шийдвэрлэн дуусгах

Газар хөдлөлтийн аюулгүйн үнэлгээний судалгааны ажлын дүнг хот төлөвлөлт болон барилгын норм дүрэмд хэрэгжүүлэх ажлыг хийх

Газар хөдлөлт бүртгэх станцуудын техникийн хэвийн ажиллагааг хангах, зардлыг шийдвэрлэх

Хот, аймаг, сумдад газар хөдлөлтийн чичирхийллийг тодорхойлох станцын үндэсний хэмжээний сүлжээтэй болгох

БНХАУ, Монгол Улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан таамаглах 10 станцын тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх саналыг хэлье” гэжээ.

 

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.