ОБЕГ: Он гарсаар 37 хүн үер усны ослоор амь насаа алдсаны найм нь хүүхэд байна

2021-07-7 Мэдээ, мэдээлэл
Наадмын амралтын өдрүүд болох гэж байгаатай холбоотойгоор усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн байгууллага, Цаг уур, орчны шинжилгээний газраас хамтран мэдээлэл хийлээ. 

Сүүлийн гурван жилд усанд осолдсон нийтлэг шалтгааны тухайд: 

  • Иргэд амарч зугаалж явахдаа 77%
  • Эцэг эхийн хараа хяналт суларсан үед хүүхэд осолдсон 20% нь
  • Баталгаат бус гүүрээр ус гатлах оролдлого хийж байхдаа 3% нь осолдсон байна.

Усны ослоор баяр наадмын өдрүүдэд амиа алдсан хүний тоо:

  • 2017 онд 12 хүн
  • 2018 онд 4 хүн
  • 2019 онд 14 хүн
  • 2020 онд 17 хүн

Улмаар сүүлийн дөрвөн жилд 47 хүн наадмын баярын амралтын өдрүүдэд усны осолд өртөж, амиа алдсан байна. Харин он гарсаар долдугаар сарын байдлаар 37 хүн үер усны осолд өртөж амь насаа алджээ. Эдгээрээс найм нь хүүхэд байсан байна. Иймд иргэдийг үер усны ослоос сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ. 

Энэ үеэр гол мөрөн, нуурын усны түвшний нөхцөл байдлын талаар ЦУОШГ-ын Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гадаргын ус судлалын хэлтсийн дарга С.Саранцацралт мэдээллээ.

Тэрбээр “Тав, зургаадугаар сард хур бороо элбэг байсантай холбоотойгоор манай орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджийг давсан. Зарим гол үерийн болон үерийн аюултай түвшнийг давсан. Тухайлбал, Ерөө, Туул, Дэлгэрмөрөн, Дэлтэс, Үүр, Сэлбэ, Тэрэлж, Онон, Хэрлэн, Халх зэрэг гол үерийн түвшин давж үерлэсэн.

Хоёр, гурав хоногийн өмнөөс Хангайн нурууны ар, өврөөс эхтэй голууд үерлэж эхэлсэн. Тухайлбал, Урд Тамир гол, Хойд Тамир гол, хөгшин Орхон, Орхон, Өврийн бадраг, Онги, Хүдэр, Хараа, Ерөө зэрэг голуудын үерийн түвшин одоогийн байдлаар 40-80 см давсан байдалтай байгаа.

Цаашид ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин одоогийнхоосоо илүү нэмэгдэнэ.Тиймээс иргэд үер усны аюулаас болгоомжлох шаардлагатай.

Гэр, хашаа, майхан зэргийг гуу жалга, голын ойролцоо барьж, суурьшихгүй байх хэрэгтэй. Бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулах, үерийн далан, шуудуу ухах, анхаарах, голын усны түвшин нэмэгдсэн үед гармаар зорчихгүй найдвартай замаар зэргийг анхаарах нь зүйтэй” гэсэн юм.

ШУУД ҮЗЭХ: 

 

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.