Туул, Тэрэлж, Хэрлэн голын дагуу завьт эргүүл гарна

2021-05-28 Мэдээ, мэдээлэл

Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллана.

Тодруулбал Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын бүрэлдэхүүн хамтран Хэрлэн, Тэрэлж, Туул гол, голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлж Багануур дүүргийн Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд завьт эргүүл иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм. Нийслэлийн хэмжээнд он гарсаар голын усны осолтой холбоотой 13 дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж 33 иргэний амь насыг авран хамгааллаа.

Өнгөрсөн онд завьт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх хугацаанд үер, усны ослын 37 удаагийн дуудлагаар 66 иргэний /45 том хүн, 21 хүүхэд/ амь насыг аварч, усанд осолдсон 14 том хүн, 5 хүүхдийг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Завьт эргүүлийг ажиллуулснаар нийслэлийн хэмжээнд голын усны ослын эрсдэл буурч, аврах, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.