Говь-Алтай аймгийн соёлын үнэт өв Тонхил сумын Зүйлийн хүрээ буюу Усан зүйлийн хүрээг онцлон танилцуулъя.
Хуучин Засагт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт Усан зүйл хэмээх газар Дайчин бэйсийн хошуу хүрээ болох Зүйлийн хүрээ төвхнөж байжээ. Анх хошууны засаг Тономоогийн үед буюу 1721 онд Манжийн хааны зарлигаар 40 ламаар хурал хуруулж, 40 дуут хэмээн алдаршин цогчин хурлын сургуулийг үүсгэн тогтоожээ. Хожим нь 1821 онд Засаг гүн Сономцэрэнгийн үед маани мэгзмийн бүтээл бүтээх хурлыг эхлэн 1823 онд Майдар бурхныг эхлэн эргүүлэн тахиж залж шүтжээ. Түүхийн явцад нэр нь хэд хэд солигдсон байна.
– 1832 онд”Ганданравжаачойнхорлин”
-1838 онд “Дашдүйслин”
-1844 онд “Балданшангатэгчилин”
-1894 онд “Дэчинравжаалин” хамгийн сүүлд 1914 онд хошууны засаг ван Жалцангомбодоржийн хувийн хүч хөрөнгөөр сэргээн засч Дондолхан гэж нэрлэжээ.
Зүйлийн хүрээний лам нарын тоо 20-р зууны эхэн үеэр 1000 орчим хүрч байсан гэхээр аргагүй том хүрээ байж. Эл хийдийн лам нар Сэнжтэй, Сутай хайрхныг тахидаг байжээ. Мөн намар зулын 25, хавар цагаан сараар бүтэн 15 хоногийн турш ерөөл магтаал уншдаг байсан байна. 1936 оны их хэлмэгдүүлэлийн үеэр Зүйлийн хүрээ хаагдсан бөгөөд 1937, 1938 онд сүм дуганыг нь нураасан түүхтэй.
Э.Нарангэрэл
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.