Шүүхийн ёс зүйн хороо гурван шүүгчийн асуудлыг ирэх мягмар гарагт хэлэлцэнэ

2021-05-21 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанаар Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар нарын гурван шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэлэлцлээ. Өмгөөлөгч Б.Баасанцогт зүй бус үйлдэл гаргахад дээрх гурван шүүгч хамт байгаа бичлэг сошиалд цацагдсан билээ.

Гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн ёс зүйн хороонд гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт холбогдох сахилгын хэргийг хэлэлцэх Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанд гурван шүүгчийн нэг нь оролцсон бол хоёрынх нь шүүх хуралдаан давхцсан байна.

Шүүгч Д.Отгонбаатар хуралдаанд оролцсон бол шүүгч Х.Идэр, З.Болдбаатарын шүүх хуралдаан давхцсан учир Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 4.2-т гомдол гаргагчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж заасан байдаг. Үүний дагуу хуралдааныг хойшлуулж, 2021 оны тавдугаар сарын 25-ны 09:00 цагт товлолоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.