А.Амбасэлмаа эмч Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнууллаа

2021-05-14 Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст  Төрийн дээд одон, медаль гардууллаа.

ХӨСҮТ-ийн ахмад эмч, доктор А.Амбасэлмаа өнөөдөр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнууллаа.  Цар тахлын үед хүн амын эрүүл мэндийн төлөө өөрийн амь насыг үл хайрлан хүчин зүтгэж буй эрүүл мэндийн ажилтнуудыг төр ийнхүү үнэлж, хүндэтгэлээ илэрхийлж буй юм.

Доктор А.Амбасэлмаа “Ард түмэндээ, хамт олондоо маш их баярлалаа. Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх нь багийн ажил байдаг. 40-өөд жил халдварт өвчинтэй тэмцэх ажилд мөр зэрэгцэн зүтгэж байсан үе үеийн хамт олондоо талархаж байна.

Цар тахлын вирусийг тойроод гарах арга байдаггүй. Өвчлөлд өртөх, эсвэл вакцинаар дархлаажуулах арга бий. Цар тахал өргөн тархсан үед бүгдээрээ вакцинаа хийлгэвэл сайхан цаг удахгүй ирнэ. Нийт ард түмэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе” гэв.

Мөн ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Цэрэндоржийн Чинбаяр  Хүний гавьяат эмч цол тэмдэгээр шагнагдлаа.

Ц.Чинбаяр нь КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх багийг ахлан ажиллаж байгаа юм.

Тэрбээр “Зуны тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Монгол Улсын Хүний гавьяат эмч хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэндээ маш их баярлаж байна. Төрүүлж өсгөсөн хайрт аав, ээждээ, эрдэм номд сургаж, эмч хэмээх сайхан мэргэжлийг эзэмшүүлсэн үе үеийн эрдэмтэн багш профессорууддаа болон хөдөлмөрийн гараагаа эхэлсэн цагаас минь эхлэн өлгийдөн авч, өдийг хүргэсэн ХӨСҮТ-ийнхөө нийт хамт олондоо маш их баярлалаа.

Би 1997 онд Анагаах ухааны их сургуулийн эмчилгээний ангийг төгсөж, ХӨСҮТ-д ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. 23 дахь жилдээ энэ хамт олныхоо дунд үе үеийн ахмад эмч нарынхаа хайр ивээл дор өдийг хүртэл ажилласан” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.