АН-ын бүлэг Сүхбаатарын талбайд ээлжит хуралдаанаа хийв

2021-05-10 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа Сүхбаатарын талбайд хийлээ. Бүлгийн хуралд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй гишүүдээс гадна бусад гишүүд нь ирж оролцжээ.

Тус бүлгийн дарга Д.Ганбат “Төрийн байгууллагууд хэтэрхий улстөржиж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг МҮОНРТ нэг ч удаа талбайд ирж мэдээлэл аваагүй. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бол ард түмний олонхийн төлөөлөл. Манай бүлэг нийт сонгогчдын 60 хувийг төлөөлж байгаа. Учир нь, бие дааж нэр дэвшсэн Н.Алтанхуяг гишүүн, мөн С.Ганбаатар гишүүн манай бүлэгт нэгдсэн. Ингэснээр манай бүлгийн 13 гишүүн ард түмний 60 хувийн төлөөлөл болж байгаа юм” гэлээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Засгийн газрын 100 хоног тохиож байна. Эрх баригчид энэ тухай л ярьж байна. Харин короанавирусийн халдварын улмаас 170 хүн нас бараад байгааг хэн ч тоохгүй байна. Өнөөдөр Монгол Улсад хүний амь ийм үнэ цэнэгүй болжээ. Өөрөөр хэлбэл, 100 мянган хүнд ногдох нас баралт, өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж эхэллээ. Энэ бол Засгийн газрын үйл ажиллагаатай шууд холбоотой. Эрүүл мэндийн ажилтнууд ажиллах тэнхэлгүй болж байна. Эдгээр хүмүүст урамшууллын мөнгө өгч байгаа гэсэн боловч амьдралд нь хүрэлцэхгүй байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу олгох ёстой мөнгөө олгохгүй байна гэсэн гомдол ирж байгаа” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Ерөнхийлөгч өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хориг тавьсан. Гэтэл СЕХ нэр дэвшигчдийг бүртгэж хууль зөрчлөө” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.