МАН донхолзож, АН онхолдож, ХҮН мунгинаж сууна

2021-04-30 Нам хөдөлгөөний амьдрал
 
 Улс төрийн хүрээнийхэн сүүлийн өдрүүдэд үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Өдрөөс өдөрт халдварын тохиолдол нэмэгдэж, хүний алтан амь үрэгдсэн ч сонгууль болдогоороо болох шинжтэй. Ийнхүү өнөөдрөөс эхлэн нам, эвсэл нэр дэвшигчээ тодруулж эхлэх ёстой. Нэг үгээр хэлбэл, нам эвсэлүүд 2021 оны дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 2-ны өдрийн хооронд нэр дэвшигчээ тодруулж, тавдугаар сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Харин Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд нэр дэвшигчийг бүртгэх эсэхээ шийдвэрлэнэ. Энэ удаагийн сонгуульд холбогдох хуулийн дагуу парламентад суудалтай намууд өрсөлдөх эрхтэй. Тэгэхээр МАН, АН, МАХН, ХҮН-аас нэр дэвших эрхтэй гэсэн үг. Гэвч “ах” нам өөрийн угшил нэгт буюу УИХ-д ганц суудалтай МАХН-ын дарга Н.Энхбаярыг дагаар оруулж, эгнээндээ нэгтгэв. Ийнхүү улаан талаас ирэх сонгуулийн зам мөрөө олов. Одоо У.Хүрэлсүхээ бөндийтөл бөөцийлж байгаад бүртгүүлчихвэл тэгээд болж байх шиг. Эл намын тухайд, сүүлийн гурван ч удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн. Тэд их шазууртай байгаа нь тодорхой. Дээр нь МАН 100 жилийн ой дээрээ ялалт байгуулахаар бүх хүчээ зориулж буй. Тиймээс МАН-ын нэр дэвшигчээ тодруулах Бага хурал товч, тодорхой болоод өнгөрөх болов уу. Зүй нь бүх зүйл парламентын сонгуулийн дараагаас төлөвлөгдөж, аль хэдийнэ сценари нь бичигдсэн. Харин өөрсдийн гараар намаа “сэхээнд” оруулчихсан АН-ын хувь заяа тун бүрхэг байна. Ядаж байхад албан ёсны дарга ч байхгүй. Ямар сайндаа л хоёр даргатай болсон Ардчилсан намыг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзаж, нам дотроо учраа ол гэдгээс өөр юм хэлсэнгүй. Гэхдээ ч сонгуулийн хугацаа хоолойд тулсан хойно намын баруун, зүүн жигүүрээс тодорсон хоёр дарга болох М.Тулгат, О.Цогтгэрэл нар намынхантайгаа уулзаж, нэгдэх асуудлаар зөвшилцөх хэд хэдэн удаагийн уулзалт хийж эхэлсэн мэдээтэй. Ямартай ч тэд хуулийн хугацаанд нэр дэвшигчээ тодруулж чадахгүй бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болно. Гэхдээ ч улс төрийн хоёр дахь хүчний хувьд, арай тэгж голомтоо харлуулдаггүй байлгүй. Уг нь тус нам нэгдэж нийлвэл хэд хэдэн нэр дэвшигчийн талаар хүчтэй хөндөгдөж байгаа юм. Тухайлбал, Р.Амаржаргал нэр дэвшихээ зарлачихлаа. Түүнийг улс төрийн томоохон шийдвэр гаргаж чадахгүй, бөөрөнхий хүн хэмээн ярьдаг хэсэг байдаг ч яалт ч үгүй АН-ын лидер мөн. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжинг Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад хүч үзэж болохгүй гэж хэмээн олон нийт үзэж байгаа. Түүний хувьд сайн хуульч гэдгээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Ерөнхийлөгчид нэр дэвшлээ гэхэд гайхаад байх зүйлгүй. Харин аль эртнээс л хүч үзнэ гэдгээ илэрхийлсэн сайд асан Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр яригдаж байна. Түүний хувьд “Жорлонгоо өөрчилье” төслийг санаачлагч. Тэрбээр нэр дэвшээд яллаа гэхэд Монголын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно. Гэвч монголчуудын хувьд эмэгтэй Ерөнхийлөгч хүлээн авах ардчилалтай болсон уу. Юутай ч тэд хуулийн хугацаанд үлдсэн энэ хэдхэн хоногт дотоод дахь “дайнаа” зогсоох ёстой болж байна. Харин ганц үнэн гэвэл намын дотоод хагарал, бутрал ирэх сонгуульд ямар ч сайн нэр дэвшигч өрсөлдлөө гэсэн муугаар нөлөөлж таарна.
Түүнчлэн парламентад ганц суудалтай удаах нам бол Хөдөлмөрийн үндэсний намынхан нэр дэвшигчээ тодруулах хурлаа мөн тавдугаар сарын 2-нд товложээ. Тус намаас сонгогдсон Т.Доржханд, намын удирдлага нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нас хүрэхгүй учраас олон нийтээс санал авч нэр дэвшигчээ тодруулна хэмээн зарласан. Тиймээс тус намаас нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг нэр дэвшүүлнэ гэж буй ч нэлээд олон хүн нэр дэвшихээ илэрхийлээд байгаа гэх. Үнэндээ ХҮН-ын ард Электорат эвсэл бий. Тэд “Ерөнхийлөгчөө захиалъя” хэмээн хөдөлгөөн өрнүүлж, иргэд Ерөнхийлөгчид ямар хүнийг хүсч хүлээж байгааг олж авсан гэнэ лээ. Эндээс ДеФакто Д.Жаргалсайхан, Ц.Оюунгэрэл, Б.Болдсайхан, Б.Нямтайшир, Д.Энхбат нарын таван хүний нэр хамгийн олон дэмжлэг аваад байгаа юм байна. Нийгмийн зүтгэлтэн, эдийн засагч ДеФакто Д.Жаргалсайхан байж болох л хувилбар. Биднийг дэлхийтэй холбосон хүн буюу интернэтийг Монголд авчирсан “Датаком”-ын Д.Энхбат Ерөнхийлөгчөө захиалах иргэдийн хүсэлтэд багтжээ. Маш хүчтэй өрсөлдөгч. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нөлөөтэй нэгэн. Б.Болдсайхан эмчийн хувьд “Зүрх мартахгүй” төслийг санаачлан зүрхний өвчтэй олон хүүхдийн амь насыг аварсан ачтан. Нийгэмд маш сайн дүр. Харин Б.Нямтайшир бол Монголын толгой бизнесмэнүүдийн нэг, МАК хэмээх бизнесийн том айлын удирдагч. Тэрбээр мөн л байж болох хувилбар. Эдний хэн ч нэр дэвшлээ гэхэд сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр байна. Хэрвээ ХҮН зөв хүнээ гаргаж ирэх юм бол ард түмэн ч дэмжихгүй гэх зүйлгүй. Иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нь л харах шинжтэй байна. ХҮН нэр дэвшигчээс болоод задарчихдаггүй л юм бол энэ намд Ерөнхийлөгчийн сонгуульд шаанс бий. Ганц будлиангүй нь энэ нам байх шив дээ. За юутай ч цар тахлыг умартан өрсөлдөх нам, эвсэлүүд иймэрхүү сонин сайхантай байцгаана.
О.ГЭРЭЛ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.