УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.28) хуралдаан 10 цаг 07 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулав.
УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Ажлын хэсэг 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр цахимаар хуралдаж, анхны хэлэлцүүлгийн явцад УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн хүрээнд асуудлыг томьёолжээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу “Хуулийн зорилт”, төслийн 61 дүгээр зүйл буюу хоршоодын холбооны гишүүчлэлийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахгүйгээр уг асуудлуудыг гүйцээн боловсруулах чиглэлийг Байнгын хороонд өгсний дагуу хуулийн зорилтыг илүү тодорхой болгон найруулж, хоршоодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хоршоог хөгжүүлэх хөшүүрэг болгох зорилгоор хоршоодод мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Хоршоодын холбоотой байх, түүнд анхан болон дундын хоршоо гишүүнчлэлтэй байх агуулгаар төслийн 61 дүгээр зүйлийг өөрчлөн найруулжээ.
Мөн төслийн 9.1, 13.2, 31.2 дахь хэсэг, 43.1.1 дэх заалтын талаарх зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн боловч найруулгыг анхаарч, гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу холбогдох хэсгүүдийг өөрчлөн найруулсны дотор төслийн 31.2 дахь хэсгийг Тэргүүлэгчид санхүүгийн жил дууссанаас хойш 6 сарын дотор, мөн хоршооны алдагдлыг нөхөхөд болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгө хүрэлцэхгүй үед бүх гишүүдийн хурлыг хуралдуулаагүй бол Хяналтын зөвлөл зарлан хуралдуулж байх зохицуулалтыг тусгасан байна.
Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнх-Оргил төслийн 13.2 дахь хэсэг буюу хоршооны гишүүний нөхөх хариуцлагатай холбогдох хэсгийг хоршооны гишүүн нь хоршооны хүлээх үүргийг хариуцахгүй, гагцхүү хоршоонд оруулсан хувь хөрөнгөөрөө хариуцлага хүлээх байдлаар өөрчлөх нь хоршооны хөгжлийг дэмжихэд илүү тохиромжтой гэж үзэж зарчмын санал боловсруулсан нь ажлын хэсгийн гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан байна. Энэхүү саналтай холбогдуулан төслөөс хоршооны гишүүний нөхөх хариуцлагатай холбоотой зохицуулалтуудыг төслөөс хасах зарчмын саналыг ажлын хэсгээс мөн боловсруулсан гэлээ.
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг ажлын хэсгээс боловсруулсныг С.Чинзориг гишүүн танилцууллаа.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан. Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcний дагуу төслийн 1 дүгээр зүйлийг өөрчлөн найруулах, төслийн 61 дүгээр зүйлийг 44 дүгээр зүйл болгож, өөрчлөн найруулахаар тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэв. Түүнчлэн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэж заасны дагуу зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор, хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн.
Үргэлжлүүлэн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Ажлын хэсгээс “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсныг С.Чинзориг гишүүн танилцууллаа.
Тогтоолын төсөлд хоршооны шинэчилсэн бүртгэлийг хууль батлагдсанаас хойш нэг жилийн дотор хийх; сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчлөх; хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах, хоршооны нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн зохицуулалт, татварын орчныг улс даяар сурталчлан таниулах, хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгах, 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгох зэрэг асуудлаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан зохицуулалтыг тусгасан байна.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авах шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 87.5 хувь нь “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн. УИХ-ын гишүүн С.Чинзориг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав. Уг горимын саналыг гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг зөвшилцөж, төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд КОВИД-19 цар тахалтай тэмцэх хүрээнд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, халдварын тархалтын эрсдэлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс сэргийлэх, бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх; цар тахлын нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. Улсын төсвөөс эдгээр арга хэмжээнд шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байгаа хэдий ч цар тахлын тархалтын эрсдэлийг бууруулах, нэн ялангуяа “өндөр эрсдэлтэй” бүлэгт хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гадны нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай хэвээр байгаа гэв. Түүнчлэн цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад үргэлжлүүлэн бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлагатай байгаа аж.
Иймд цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын нийгэм, эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэмжих зорилгоор “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт” оруулах шаардлагатай талаар Б.Жавхлан сайд танилцууллаа. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах; цар тахлын эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэпжилтийг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулахаар танилцуулсан.
Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 300.0 сая ам.доллар баталж, үүнээс 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн хөтөлбөр, цар тахлын нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмжийг худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг тус тус батлуулан хзрэгжүүлж байгаа юм байна. Үлдсэн эх үүсвэрээр “КОВИД-19-ын эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл” болон төсвийн дэмжлэгийн хөтөлбөр болох “Эрүүл мэндийн аюулгуй байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлуулснаар 170.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг ашиглах боломж бүрдэнэ хэмээн Сангийн сайд танилцуулсан.
Хөтөлбөрийг хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 2 хувь гэлээ. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь зургаан сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байна гэлээ.
Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибал төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, үг хэлэв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.