МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж МАХН-тай нэгдэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Нөгөө талд МАХН-ын Гүйцэтгэх товчоо цахимаар хуралдаж хоёр нам нэгдэх хийгээд хамтын ажиллагааны гэрээний талаар шийдвэрлэсэн ажээ. Улмаар “МАН, МАХН: Нэг зорилго, нэгдмэл бодлого” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр хоёр нам нэгдэх болсныг зарлалаа.
Нэгдэх болсон шалтгааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Нэг түүхтэй, нэг гарал үүсэлтэй улс төрийн намуудын хувьд улс төрийн саналын зөрүү нь арилж хамтдаа зүтгэх боломж гарлаа. Энэ цаг үед нийлж нэгдэх нь зүйн хэрэг юм. МАН сүүлийн 30 жилийн хугацаанд дараалан барих эрхийг авсан. Энэ эрхийг бид бусад намуудтайгаа нэгдэж нийлж улс орныхоо төлөө ажиллах шаардлага тулгараад байна” гэлээ.
Харин МАХН–ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Хоёр намыг нэгдэхэд гол үүрэг гүйцэтгэх хүмүүс бол МАН, МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид байна. Нэг зүгт харж явах нь бидний ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой” хэмээн тодотгов.
Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН, МАН-тай эвлэлдэн нийлж, ард түмнийхээ эрх ашигийг дээдлэн эв санаагаа нэгтгэн ажиллана. УИХ-д 62 суудалтай МАН-тай манай нам угшил, үүсэл, санаа зорилго нэгтэй нам. Зорилго нэгтэй тул МАХН нь өрсөлдөх биш МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг дэмжинэ. Ард түмний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд хамтарч ажиллана” гэв.
Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хоёр нам зүүн төвийн үзэл баримталтай. Хэрэгжүүлж байгаа мөрийн хөтөлбөр нь нийгэмд шударга ёсыг тогтоох, эв нэгдэлтэй байлгахад чиглэсэн бодлого, чиглэл нь нэг. Намууд нэгдэх асуудал таван жил яригдсан. 2021 он гарсаар энэ чиглэлээр нэлээн идэвхтэй ажиллаж байна” гэсэн юм.
Ийнхүү МАХН МАН-тай нэгдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран нэг хүнийг дэвшүүлнэ. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байдаг. Харин хоёр намын нэгдлийн талаар тун удахгүй МАН, МАХН-ын дарга нар албан ёсны мэдэгдэл хийж зарлах ажээ.