Монгол Улсын түүхнээ Халхын хэцүү То ван хэмээн мөнхрөн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр нь 1797 оны есдүгээр сарын 15-нд Сэцэн хан аймгийн Илдэн хошууны нутаг “Сангийн далай” хэмээх газарт засаг ноён Бат-Очирын гэр бүлд төрж, 25 насандаа эцгийнхээ хэргэм зэргийг залган хошууны ноён болсон ба 1839 онд Хэбэй ван, 1859 онд Сэцэн хан аймгийн чуулганы даргаар сонгогджээ. Тэрбээр 1868 оны 4 дүгээр сард Бээжин рүү яваад буцах замдаа учир битүүлэг шалтгаанаар нас баржээ. Чингис хааны 27 дахь үеийн удам бөгөөд төр нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, авъяаслаг зохион байгуулагч, эх оронч хүн юм.
1822 оноос өмнө Илдэн засаг хошуу 58 мянган толгой малтай, “Халхын сүм” хэмээх ганц сүмтэй, манжаас байгуулсан Ганданчойнхор Дашпэлжээлэн хэмээх хийдээс өөр байшин барилгагүй байсан бол То ван засаг ноён болсны дараа тус хошууны төв Тамсагбулагийг суурин соёл иргэншлийн том төв болгож, сургууль соёлын газар байгуулж, “Соёлыг бадруулагч”, “Хамгийг хамгаалагч” сүм, Ноёны ордон, Сүмбэр уул, хиймэл нуур байгуулж, суваг шуудуу татан газар тариалангийн аж ахуй эрхэлж, алт мөнгөний дархан, чулуу засах газар, оёдол хатгамлын үйлдвэр, мужааны тасаг, гурилын тээрэм байгуулах, арьс элдэх, цэмбэ нэхэх гар үйлдвэрүүдийг нээн ажиллуулж маш олон тооны ажлын байрыг бий болгосноос гадна малын тоо толгойг 120 мянгад хүргэжээ. Тэрбээр 1853 онд “Хэбэй вангийн аж төрөх үйлийг заасан сургаал” хэмээх зохиол бичсэн нь нүүдлийн соёл иргэншлийг суурин соёл иргэншилтэй хослуулан амьдрах ухааны тухай зааж сургасан агуулгатай юм. Монголын хувьд одоогоор мэдэгдээд байгаа эдийн засгийн ухааны хамгийн анхны ном ажээ.
То ван гэрийн өндөр боловсролтой хүн байсан бөгөөд уйгаржин монгол бичгийг заах дүрмийн номыг зохиож өөрийн байгуулсан хошууны сургуульд сурах бичиг болгон хэрэглүүлжээ. Манжийн төрөөс Монголын хөгжлийг сааруулж хүн амыг доройтуулах бодлого явуулж байхад тэднийг аялдан дагаж бялдуучлан амьдарч байсан бусад ноёдоос шал өөр үзэл бодолтой, хийж бүтээсэн үйл хэргээрээ тод ялгаран гарч байсан хүн бол То ван билээ. Алсын холч хараатай, цэцэн цэлмэг ухаантай хүн байсан болохоор Манжийн татварын бодлого ард түмний нуруун дээр маш хүнд ачаа авчирч буйг өөрийн арга ухаанаар зохицуулахыг хичээж, хошууныхаа 4 жасыг том лам нарын мэдлээс гаргаж, үйл ажиллагааг нь өргөтгөн өөрөө удирдаж, өртөө улааны алба хаших, уран барилга, бурхан шүтээний зураг төсөл зохиох, ном хэвлэх, ядуучуудад өглөг хишиг хүртээх зэргээр эдийн засгийн шинэчлэл хийжээ.
1859-1864 онд Тамсагбулагаас 5 өртөө газрын зайд 21340 метр.кв талбай хамруулан, өнгөт чулуу шигтгэж Жанрайсиг их бурханыг бүтээн залсан нь эдүгээ соёл түүхийн үнэт дурсгал болон үлджээ. Хошуу захирсан 46 жилийн хугацаанд хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нэг ажлын далимаар хэд хэдэн ажлыг амжуулдаг байх, ард олноо гэгээрүүлэх, урлаг уран сайхан, биеийн тамир спортыг хөгжүүлэх, шашин шүтлэг, сүсэг бишрэл, баяр наадамд хүртэл шинэчлэл хийж, спортын наадмыг үндэсний урлагийн тоглолттой хослуулан хийх, дуу бүжиг, хөгжмийн сургууль, филармони хүртэл байгуулсан нь эдүгээ судалгааны том үндэс болсоор байна.
Манжийн үед түүний нутагт байнга гардаг зөрчил бол хилийн маргаантай асуудал байсан хэдий ч То ван мэргэн ухаанаар Ар булаг, Модон хашаат, Хулд уул зэрэг Манжид алдагдсан газрыг буцаан авчээ. Тэрбээр хойч үедээ “Монгол улсын зүүн хязгаар нутгийг надаас хойш сайн хамгаалж байгаарай” хэмээн байнга захиж, “Амьдрал бол ухаан юм” хэмээн гайхалтай товч үгээр гүн ухаанчилж, “хийж бүтээж байж улс орон оршин тогтноно” гэж үздэг байжээ.
Олон улсын Монголч эрдэмтдийн хурал дээр Германы профессор В.Вейт түүнийг “гойд ухаантай төрийн зүтгэлтэн” хэмээн үнэлсэн бол Английн Манчестрийн Их Сургуулийн захирал, доктор Терри Пийч хурлын үеэр илтгэлдээ “Зах зээлд шилжих хүндрэл бэрхшээлтэй энэ үед Монгол улсын хувьд То вангийн сургаал гадаадын зээл тусламжаас илүү өгөөжтэй байх болно” хэмээн онцлон хэлж, Италийн эрдэмтэд “То ван бол Монголын бахархал, То ван судлалын нийгэмлэг нь италичуудад Монголын тухай шинэ соргог мэдээлэл өгдөг дэлхийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллага мөн” хэмээн үнэлсэн байдаг.
То ван судлалын нийгэмлэгт 10 орчим орны 200 шахам төр нийгэм, урлаг соёл, хэвлэл мэдээллийн зүтгэлтэн, эрдэмтэн сэхээтнүүд багтдаг бөгөөд эрдмийн 18 салбар зөвлөлтэй, судалгаа шинжилгээний өргөн хүрээний ажил эрхлэн явуулдаг байгууллага юм. Эдүгээ тус нийгэмлэг То ван судлалаар “108 цуврал бичиг” ном хэвлүүлжээ.
Эх сурвалж: Newsmedia.mn
1 цагийн өмнө
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
2024-10-1
87301
30035
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.