Төрийн тэргүүний төлөөх улс төр улайсав

2021-04-19 Нийтлэл

Хуулийн дагуу 10 гаруй хоногийн дараа буюу энэ сарын 30-наас УИХ-д суудалтай нам, эвслүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна. Харин ийм эгзэгтэй үед өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс болон одоогийн Ерөнхийлөгч сонгуульд дахин нэр дэвших эрхтэй эсэхийг УИХ хэлэлцэх гэж байна.

Өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн Цэц Дунд суудлын хуралдаанаа хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн өөрчлөлтийг оруулсан байдаг. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц үзсэн юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “зөвхөн нэг удаа сонгогдох эрхтэй” гэж оруулаагүй нь ийнхүү Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж буй. Цэцийн уг дүгнэлтийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэх гэж буй нь энэ. Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэх учиртай. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах цаг хугацаа тулсан энэ үед Цэцийн дүгнэлтийг яаравчлан хэлэлцэхээс өөр гарцгүй.

Харин сөрөг хүчний бүлгийн зүгээс одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэх сонирхолтой учраас хэлэлцүүлгийн явцад завсарлага авах зэргээр хугацаа хойшлуулах магадлал өндөр. Мөн УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих таамаг ч их бий. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал 14 хоногийн дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Энэ хуулийн хэлэлцүүлгийг ч сөрөг хүчний зүгээс хойшлуулах гэж хичээх нь мэдээжийн асуудал. Түүнчлэн УИХ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол Цэц Их суудлын хуралдаанаараа асуудлыг эцэслэн шийдвэрлэх учиртай. Цэц Дунд суудлын хуралдааны шийдвэрээ Их суудлын хурлаараа барагтай өөрчилдөггүй болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж л таарна. Энэ хэрээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулах 10 гаруй хоногийн хугацаанаас өмнө хуулийг хэрэгжүүлэхэд нэлээд хүндрэлтэй болж буй. Өөрөөр хэлбэл, Цэцийн дүгнэлтийн дагуу хуулийг яаравчлан өөрчлөхөөр зэхэж буй эрх баригчдын ажил сөрөг хүчний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна. Энэ хэрээр төрийн тэргүүний төлөөх улс төр улайсан өрнөх нь.

Цэцийн дүгнэлтийг УИХ дараах дэгээр хэлэлцэнэ. (УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас)

82 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам

82.2.1.Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох Байнгын хороо хэлэлцэж бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь /хэсэгчлэн/ хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлаар санал, дүгнэлт гаргах;
82.2.2.энэ хуулийн 82.2.1-д заасны дагуу Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргахдаа холбогдох хууль, тогтоолын Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр, хэрэв Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулах;
82.2.3.нэгдсэн хуралдаан энэ хуулийн 82.2.2-т заасны дагуу Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт тус бүрээр ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар тогтоол батлах бөгөөд уг тогтоолд зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн заалтыг тус тусад нь заах;
82.2.4.Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл нэгдсэн хуралдаанд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтээр эхэлж санал хураалгах бөгөөд энэ санал дэмжигдээгүй бол холбогдох Байнгын хорооны санал дэмжигдсэн гэж үзэх;
82.2.5.хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах;
82.2.7.энэ хуулийн 82.2.5-д заасан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй;     

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.