Д.Тэрбишдагва: Өрхөд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх нь буруу биш

2021-04-4 Улс төр

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Цар тахлын халдварын нөхцөл байдалтай уялдуулан УОК-оос 4 дэх удаагийн хатуу хөл хориог тогтоох санал оруулсан ч дэмжигдсэнгүй. Ер нь хөл хорио тогтоох нь хэр зүйтэй алхам бэ. Таны хувьд нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Харин тэглээ. Уг нь УОК Засгийн газрын хуралдаанд асуудал оруулахаас өмнө нарийн судалгаа тооцоо хийж, хууль эрхзүйн үндэслэлийг тогтоож яамдуудаас санал аваад дэмжигдсэн тохиолдолд хуралдаанд орж шийдвэрлүүлдэг. Яагаад байнга хоорондоо зөрүүтэй шийдвэрүүд гаргаад байгааг сайн ойлгохгүй байна. Ковид-19 цар тахлаар өнөөдөр дэлхий даяар 129 сая гаруй хүн өвчлөж нас барсан хүний тоо 3 саяд дөхөж байна.

2019 оны 12 дугаар сарын сүүлээр Ухань хотод анх вирусын тохиолдол бүртгэгдснээс хойш цар тахалтай тэмцэх, бэлтгэл ажлыг хангах боломж, хугацаа бидэнд хангалттай байлаа. Цар тахалтай тэмцэх стратеги төлөвлөгөөгөө эмнэлгүүдэд хэдэн ор дэлгэснээр асуудлыг бүрэн шийдэж, төлөвлөгөөгөө биелүүлсэн мэтээр үзэж, харин энэ үед эдийн засгаа яаж хямрал багатайхан авч гарах тал дээр үнэхээр дутмаг ажилласан.

Дэлхийн улс орнууд цар тахлын нөхцөл байдал хүндрэхэд хөл хорио тогтоож, халдварын тархалт, тохиолдлын тоог бууруулах арга хэмжээг бодлоготойгоор шат дараатай авч хэрэгжүүлж байна. Үүний үр дүн гарч, зарим орон халдварын тархалтыг хумиж чадлаа. Тухайлбал, БНХАУ хатуу хөл хорио тогтоож, хатуу хяналтын дор халдвар хамгааллын дэглэм сайтар мөрдүүлснээр цар тахлын хүрээг богино хугацаанд хумиж чадаж байна. Одоогоор халдварын хүрээг хумих шалгарсан шийдэл дэлхий дахинд алга. Сүүлийн үеийн тархалтын тоо хэмжээ, цар хүрээг харж байхад нөхцөл байдал улам хүнд болж байна.

Сонгуулиар нийгмийн сэтгэл зүйд хиймэл тайвширлыг бий болгосон

-Манай улс өмнө нь хэд хэдэн удаа халдварын тархалтыг хумихын тулд хөл хорио тогтоосон. Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол нөхцөл байдал өнөөдрийнхөөс дор байх байсан гэж Эрүүл мэндийн яамнаас онцолдог. Гэвч эдийн засгийн нөхцөл байдал дордсоноос өөрөөр үр дүн гараагүй мэт…?

-Авч байгаа арга хэмжээгээ зөв зохион байгуулалттай, үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал. Уг нь хатуу хөл хорио тогтоосон шиг тогтоож өндөр сахилга хариуцлагатай ажиллаж, халдвар хамгааллын дэглэмийг хүн бүрээр чанга сахиулж эхнээсээ ажлаа зөв, сайн зохион байгуулсан бол халдварын хүрээг хумих боломж байсан. Зөв зохион байгуулалт ажлын үр дүнгийн 50 хувь ч гэдэг. Гэвч иргэдийнхээ хөдөлгөөнийг хязгаарлаж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон хугацаандаа дорвитой өөрчлөлт гарахаар арга хэмжээ авсангүй. Тиймдээ ч тодорхой үр дүнд хүрээгүй. Хамгийн сүүлийн хөл хориогоо цуцлахдаа үе шаттайгаар ядахдаа долоо, долоо хоногийн зайтай цуцалж хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээрээ анхаарсан бол нөхцөл байдал арай дээр байх байсан болов уу.

Эцэстээ халдварын нөхцөл байдал хүндэрч, иргэдийн амьжиргаа муудаж, аж ахуйн нэгж байгууллага эхнээсээ хаалгаа барихад хүрээд байна. УИХ-ын сонгуулийн үеэр хөл хорио тогтооно гэсэн атлаа эсрэгээрээ нэр дэвшигч, ухуулагч, сурталчилгааны багийнхан бөөгнөрч, тэврэлдэж, замбааргүй байдал хаяагүй бий болсон. Энэ нь нийгмийн сэтгэл зүйд хиймэл тайвширлыг бий болгосон.

-Орон нутгийн сонгууль ч ялгаагүй..?

-Мөн орон нутгийн сонгуулиар хөл хориог хатуу тогтоох ёстой байсан ч үл тоож, эцэст нь өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдал руу хөл алдчихлаа. Халдварын тархалт нэмэгдсэн нь буруу зохион байгуулсан дээрх арга хэмжээ ямар хор уршигтай байсны нэг тод илрэл.

Тайвшрал, назгайрал, хэнэггүйтлээс улбаалан шат шатандаа хариуцлага алдлаа. Үүний нэг тод жишээ бол Энхсаран сувилал.

-Иргэд цар тахлаас илүүтэй сэтгэл зүйн хувьд “уналтад” орж байна. Байгууллагууд цалингаа олгох боломж хомс, иргэд ажлын байргүй болж, амьжиргаа хэцүүдлээ. Шулуухан хэлэхэд, эрүүл мэнд чухал хэдий ч эдийн засаг тэргүүнд тавигдах нөхцөл байдал бий болчихлоо?

-Үнэхээр цар тахлын энэ үед иргэдийн ихэнх нь дээрх хэлсэн шалтгаанууд болон бусад шалтгаануудаас болж сэтгэл санааны хувьд тодорхой хямралтай байгаа нь бодит үнэн. Хөл хорионоос илүүтэй иргэдээ соён гэгээрүүлж, халдвар хамгааллын дэглэм сайтар мөрдөж, цар тахалтай хамтдаа байх “амьдралын шинэ хэв маяг”-т дасан зохицож амьдрах чиглэлээр онцгойлон анхаарч ажиллах нь өнөөгийн нөхцөлд илүү үр дүнтэй ажил боллоо. Энэ нөхцөл байдалд иргэн бүрийн хариуцлага чухал гэдгийг ойлгож, тахлын үед тавьж байгаа шаардлагууд, стандартыг өдөр тутамдаа мөрдлөг болгох нь чухал. Тахал богино хугацаанд тарж болох эрсдэлтэй цэгүүд дээрээ онцгойлон анхаарч, хөл хорио суллах бүрд нээх шаардлагагүй байсан. Соён гэгээрүүлэх, ой тойнд ортол ойлгуулах ажлууд хэт ерөнхий байдалтай байна. Бас эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийн оролцоо цар тахлын үеийн менежмент дээр ямар байгаа нь тодорхой бус. Хэд хэдэн мэргэжлийн хүмүүс өөрсдийх нь дуу хоолойг төр нь сонсохгүй байгаа талаар хаяагүй мэдэгдэж байна

Цар тахлын эсрэг шинжлэх ухааны үндэслэлтэй тэмцэж чадахгүй байна. Дэлхий ихэнх оронд 14 хоногийн тусгаарлалт мөрдөгдөж байхад манай оронд гаднаас ирж буй иргэдээ 21 хоног тусгаарлаж иргэдээ маш их чирэгдүүллээ. Хугацаа ч алдаа, олон иргэдээ гадаадаас татаж авах боломжийг ч үгүй хийлээ.

Төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр орон гаран байгаад харамсаж байна

-Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11.00 цагийн мэдээллээрээ энэ бүхнийг сануулдаг шүү дээ?

– Өглөө бүр 11.00 цагаас иргэдийг айдаст автуулж, түгшээсэн мэдээлэл цацдаг. Манайхан ч энэ мэдээгээ хүлээгээд дасал болсон Уг нь халдвар гарсан бүс нутаг, хороо, дүүргийг тодорхой нэрлэж, дорвитой арга хэмжээ авах талаар зөвлөх нь чухал. Мөн батлагдсан тохиолдлын маршрутыг олон нийтэд ил тод зарлаж байсан бол илүү үр дүнтэй болох байсан. Төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр орон гаран байгаад харамсаж байна. Мэдээллийн агуулга тодорхой бус нуршсан хэлбэрээр их явлаа. Иргэдийн дунд эргэлзээ төөрөгдөл төрүүлсэн мэдээлэл их өгч байна.Үүний нэг жишээ нь: Вакцинжуулалт эхлээд нилээд хугацаа өнгөрсний дараа нэг өглөө элэгний В, С вирустэй хүнд тохирохгүй гэж мэдээлчихдэг, гэнэт маргааш нь залруулга хийх гэх мэт.

-Вакцинжуулалтын тал дээр та байр сууриа илэрхийлээч. Зарим хүмүүс вакцин хийлгэх тал дээр эргэлзээд байх шиг байна.Та вакцин хийлгэсэн үү?

-Дэлхий нийтэд одоогоор энэ цар тахлын эсрэг тэмцэх ганц гарц нь вакцин болоод байна.

Вакцины хүртээмж, хуваарилалт, вакцин тойрсон улс төржилт зэргээс олон асуудал өнөөдөр дэлхий нийтийн асуудал болоод байна. Манай улсын хувьд 2 хөрш маань вакцин үйлдвэрлэж байна. Монгол Улс хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байдаг тул бидэнд вакцины татан авалтууд дээр давуу талууд гарч байна. Мөн Энэтхэг улсын тусламж болон ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд вакцинууд орж ирж байна. Япон улс ч гэсэн вакцин худалдан авах тал дээр туслалцаа үзүүлэх болсон тухайгаа хэвлэлээр мэдээлсэн. Энэ бол олон талт харилцааны үр дүн.

Манай улстөрчид вакцинаар улс төр хийж болохгүй иргэд ч энэ тал дээр нэгдсэн ойлголттой байх шаардлагатай. Эрүүл мэндийн яам ч гэсэн татаж авсан вакцинуудынхаа заалтыг мэргэжлийн хүмүүсээр хянуулж, иргэдэд ойлгомжтой хэлбэрээр мэдээллийг нь олон нийтэд албан ёсоор таниулах шаардлагатай байна.

Миний хувьд вакцины эхний тунг хийлгээд хоёр дахь тунгаа хийлгэхээр хүлээж байна. Ноцтой гаж нөлөө эхний тун дээр ажиглагдаагүй.

-Монгол Улсын хувьд эдийн засгийн амаргүй өдрүүд үргэлжилж байна. Өнөөдрийн хувьд эрүүл мэнд чухал уу, эдийн засаг тэргүүн үү гэдгийг шийдэх болоод байна. Үүнээс өөр шийдэл бидэнд байна уу?

-Эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна. Ийм үед сахилга бат, хариуцлага, дэг журам тун чухал. Энэ үгийг амны уншлага болтлоо ярьдаг мөртлөө агуулгаар нь хэрэгжүүлж байгаа нь алга. Уг нь сахилга бат, хариуцлагын тогтолцоог тогтоож чадвал үр дүнд хүрдгийг Монголын Хүнсчдийн холбооны ажлын алба, түүний гишүүн байгууллагууд зохион байгуулж чадсаныг тодотгож хэлмээр байна. Цар тахлын үед иргэдийг хүнсээр тасалдуулахгүй тасралтгүй хангах үйл ажиллагаа явуулж байгаа нь хүнсний салбарынхан. Олон хүнийг ажлын байраар хангадаг энэ салбараас одоогоор том асуудал илрээгүй. Учир нь халдвар хамгааллын дэглэмийг алхам тутамдаа чанд мөрдөж, сахилга, баттай, хариуцлагатай, зөв зохион байгуулалттай ажиллаж байгаагийн тод жишээ. Энэхүү салбар халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөж хариуцлага, сахилга баттай байж, эдийн засгаа сайжруулах боломжтой гэдгийн батлан харуулж байна.

Иймд төр засгийн зүгээс энэ салбараас жишээ авч бусад салбарууд дээр халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан ажиллах шаардлагатай байна. Харамсалтай нь сүржин мэдэгдэл гаргаж, даржин үр дүнд хүрч, зохион байгуулалтын алдаа их гаргаж байна.

-Тухайлбал…?

– ПСР шинжилгээг авахдаа олноор нь дугаарлуулж хүмүүсийн бөөгнөрөл үүсгэнэ. Орон нутаг руу зорчих тээврийн хэрэгсэл нь товчоод дээрээ бөөгнөрнө. Шүүмжлээд байвал олон зүйл бий. Цар тахлын үеийн менежмент хийж байгаа нэр бүхий хэдэн байгууллагуудын хамтын уялдаа холбоо байхгүй. Яам нь нэг юм хэлдэг, нийслэл нь өөрөөр тайлбарладаг, УОК нь тэс хөндлөн ярьж, Засгийн газар нь бас өөр шийдвэр гаргаж байна, Өнөөдөр гаргасан шийдвэрээ маргааш нь өөрчилдөг. Ийм замбараагаа алдсан, удирдлагууд нь хоорондоо ойлголцож, уялдаатай ажиллаж чадахгүй нөхцөлд үр дүн гарна гэдэг үлгэр. Иргэдийг ч төөрөгдөлд оруулж байна. Удирдлага зангарагтай, өөрсдөө манлайлалтай байхад ажил уул нь аяндаа цэгцэрдэг дээ.

Дархлаажуулалтын вакцин дээр ч ялгаагүй, бас бөөн дараалал үүсгэнэ. Хэдэн мянгаар нь баахан хийж байснаа ийм тийм өвчтэй хүнд таарахгүй гээд яамнаас мэдээ тарааж иргэдийг хямруулдаг.

Цар тахлаас гадна амиа хорлолттой холбоотой асуудалд төр анхаарах хэрэгтэй

-Монголын төр 4 дэх удаагийн хатуу хөл хорио тогтоох тухай ярьж байхад БНСУ-ын Засгийн газар 4 дэх удаагийн эдийн засгийн буцалтгүй тусламжаа иргэддээ “цацаж” эхэллээ. Энэ удаад нийт 17.5 их наяд төгрөгтэй тэнцэх санхүүгийн дэмжлэг нь багадаа 1.3 сая, дээд тал нь 13 сая төгрөгтэй дүйцэнэ. Гэтэл Монгол Улсад мөнгө байхгүй гэх шалтгаанаар Ерөнхийлөгчийн өрх бүрд 1 сая төгрөг санаачилгыг эрх баригчид дэмждэггүй. Үүнийг та хэрхэн хардаг вэ?

-Цар тахлыг далимдуулж улстөржилт их өрнөж байна. Харамсалтай нь Монголд аливаа асуудалд улс төргүй хандана гэсэн ойлголт бараг үгүй болжээ. Цар тахалд анхаарах нь туйлын чухал боловч эдийн засгаас хараагаа салгах боломжгүй. Мөн үүний зэрэгцээ ганц цар тахал гэлтгүй гэр бүлийн хүчирхийлэл, бусад халдварт өвчин, дээрэм, хуулийн байгууллагад бүртгэгдэж байгаагаас гадна хүний амь болон амиа хорлолттой холбоотой асуудалд төр анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед цочирдмоор амиа хорлолт ихсэж байгаа нь сэтгэл их эмзэглүүлэх сэдэв боллоо. Ямар шалтгаанаар хүний амь нас эрсдэж байгаа судалгааг хийж, үр дүнг олон нийтэд танилцуулах хэрэгтэй. Төв талбайд хүртэл олныг цочирдуулсан харамсалтай явдал гардаг боллоо. Ер нь нийгмийн сэтгэл зүй ямар байна вэ гэдгийг энэ цаг үед судлах, яаралтай арга хэмжээнүүд авах шаардлагатай. Ганц цар тахалтай зууралдаад үр дүн гарсангүй. Энэ хугацаанд бусад олон асуудал орхигдож байна. Эдийн засаг, ажилгүйдэл, ядуурал, төрөл бүрийн хүчирхийллийн гэмт хэргүүд, хэв журмын зөрчил гээд ярих сэдвүүд, шийдэх асуудлууд олон байна. Маш сайн тооцоо, судалгаа гаргаж цар тахлын энэ хүнд үед боломжийн ажилтай, орлоготой цөөхөн өрхөөс бусад өрхөд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх нь буруу биш гэж боддог.

-Иргэдийн амар тайван амьдрах эх үндэс нь эрүүл бие, ажилтай орлоготой амьдрал. Тийм биз?

– Гэтэл эдийн засаг болон гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл санааны байдал, ажилгүйдлээс болж хэчнээн хүн амь насаа алдаж байна. Энэ төрлийн судалгаа өнөөдөр Монгол Улсад байна уу. Үүнд ганц нэг төрийн бус байгууллагууд анхаарахаас өөр хүн ч алга. Ганц ярьдаг сэдэвтэй. Тэр нь цар тахал. Үүнийг тойрсон том улстөржилт. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь байгаа онодоггүй, үр дүнгүй. Магадгүй Ерөнхий сайд нь өөрөө урьдчилж энэ бүхнийг тооцсон, эсвэл тооцоо судалгааг нь хараад зугтаасан байх талтай.

-У.Хүрэлсүхийг хэлж байна уу, та?

-Тийм.

-Албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хариуцлагаас мултарч дөнгөдөг тод жишээ тэр биш үү. Өдгөө халдварын тохиолдол нэмэгдэж байгаа иргэдийн ухамсартай шууд холбоотой Засгийн газар, УОК хариуцлагаас мултрах боломжгүй. Гэвч эсрэгээрээ..?

-Цар тахалд дотоод, гадаадын мөнгө их зарцуулж байна. Гэтэл халдварын тоо өдрөөс өдөрт буурах биш нэмэгдэж байна. Гаргаж байгаа хөрөнгө мөнгө, зохион байгуулж байгаа ажил нь үр дүнтэй байгаагийн тод жишээ нь. 1.3 тэрбум хүн амтай улс богино хугацаанд зохион байгуулалттайгаар халдварын хүрээг хумиж чадлаа. Харин 3 сая хүн амтай Монгол Улсад ч ийм боломж бүр их бий. Засгийн газар богино хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж, зохион байгуулах боломжтой. Эцэст нь иргэдийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс болж коронавирус тархсан. Эсвэл халдвар хамгааллын дэглэмийг аж ахуйн нэгжүүд мөрдөөгүйгээс гэсэн байдлаар буруугаа бусад руу нялзаадаг. Энэ гэм биш зан болсон. Төр засаг гэж байгаа бол иргэд, аж ахуйн нэгжээ халдвараас хамгаалах үүрэгтэй, тэр талаар ч шахаж шаардах эрх нь бий. Халдварыг дэлгэрүүлснээ тайлбарлах нь төрийн үүрэг биш.

Ганцхан сарын дотор 1 сая төгрөг өгөөд хандлага өөрчилнө гэдэг популист арга

-Мөнгөгүй гэх Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөр” санаачлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөртэй танилцсан уу?

-Манайхан мөн олон хөтөлбөр санаачилж, гаргах юм. Хөтөлбөрийн улс болж. Засгийн газар солигдох бүрд чихэнд чимэгтэй гоё, гоё нэртэй хөтөлбөрүүд гаргана. Хөтөлбөр гаргаж, гоё нэр өгөхдөө гол нь биш эцсийн үр дүн нь чухал. Уг нь хөтөлбөр нэмж гаргахаасаа илүүтэй өмнөх хөтөлбөрүүдийнхээ үр дүнг тооцож, алдаа, оноог нь дэнсэлдэг болмоор байгаа юм. Улмаар үр дүнг тооцож, алдааг нь олон нийтэд тайлагнаад дараа нь шинэ хөтөлбөр санаачлан танилцуулах ёстой гэж бодогддог.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөр”-т авах гээхийн ухаанаар хандах зүйл олон байна билээ. Бодлогын олон зүйл харагдсан. Гэхдээ яг өнөө, маргааш хийх ажил нь юу билээ. Богино болон дунд хугацаанд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх үр дүнг дэс дараалалтай тодорхой гаргаж өгсөн бол…

Баахан том тоо. Хөтөлбөрт тусгагдсан 10 их наядыг богино хугацаанд хэрэгжүүлэх асуудал мэтээр олон хүн ойлгож байсан. Гэтэл 4 жилийн хугацаанд шат дараатай хэрэгжих хөтөлбөрийнх нь нийт дүнгийн тоо. Тиймээс үе, зааг тавьж ажилгүйдэл ядуурал хэр хэмжээнд буурч, эдийн засаг хэрхэн сэргэж, иргэдийн амьжиргаанд хэрхэн тусгалаа олох үр дүнг нүдэнд харагдтал үзүүлэх хөтөлбөр болгосон бол гэж харсан.

-Хөтөлбөрт хөрсөн дээр буухгүй хэд хэдэн зүйл байгаагийн нэг нь сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалт. Сарын хугацаанд залуучуудын сэтгэлгээ хандлагыг өөрчлөх боломжтой юу?

-Энэ бол үнэхээр инээдтэй, явцгүй асуудал. Олон жил энэ хандлагыг өөрчлөхийн тулд ажилласан. Гэтэл үүнийг ганцхан сарын дотор 1 сая төгрөг өгөөд өөрчилнө гэдэг популист арга. Харин үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагаас эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн судалгаа гаргаж, тэр хэрэгцээнд тулгуурлан “жинхэнэ баялаг бүтээгч” бий болгох нь чухал юм. Яг тэр ажлын байранд нь дадлагажуулж, онол, практик хослуулах байдлаар 6 сараас 1 жилийн хугацаанд Засгийн газар, ААН байгууллагууд хамтран, боломжийн цалин өгч дэмжиж сургавал үүний дараа хөх захтан гэдэг шиг мэргэжилтэй ажилтан, баялаг бүтээгчдийг бий болгох боломжтой. Хөтөлбөр жинхэнэ утгаараа үр дүнгээ өгнө.

Түүнээс биш сарын дотор хандлагыг нь өөрчлөх нэрээр мөнгө цацах нь нэг төрлийн мөнгө угаалт. Тооцоолох үр дүн нь ч харагдахгүй. Тэдэн хүнд тэдэн удаа сургалт хийлээ гээд лоозогноод өнгөрнө дөө. Бодит үр дүн, гарт бариад авах үр дагавар харагдахгүй хайран мөнгө гэж бодож байна.

-Хатуухан хэлэхэд, Засгийн газар мөнгөгүй гэж иргэдээсээ харамлах атлаа өөрсдөө татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байгаа дүр зураг харагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Зарим шүүмжлэлтэй санал нийлэх байна. Хуралдаа суухгүй, ажлаа хийхгүй мөртлөө цахим нэрийн дор цалингаа бүтэн авч байгаа тохиолдол бий. “Татвар төлөгчдийн мөнгө өвддөггүй” гэдэг энэ. Гадаадад, дотоодын зээл тусламж замбараагаа алдаж байна. Засгийн газрын өр сүүлийн дөрөвхөн жилд 2 дахин нэмэгдлээ гэсэн судлаачийн дүгнэлтийг уншсан. Гэтэл эдийн засагт ахиц дэвшил тун тааруу үзүүлэлттэй байна.

Байгалийн баялгаараа хөгжинө, урагшилна гэж их бахархалтай ярьдаг. Энэ салбар Монгол Улсын хөгжлийн тулгуур салбарын нэг гэдэгтээ хэн ч маргахгүй. Гэхдээ устаж дуусдаггүй, өсөж үрждэг мөн оюуны мэдлэг шингэсэн аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэлийг дэмжих бодлого ус, агаар шиг үгүйлэгдэж байна.

Төрөөс бодлогоор дэмжихгүй бол эцэст нь татвараа нэмэх үү, бууруулах уу гэх ангалын ирмэг дээр ирэх вий.

-Аж ахуйн нэгжид 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ. Ажлын байрыг дэмжих энэ зээл жинхэнэ зорилтот бүлэгтээ хүрэх эсэхэд эргэлзэж байна. ЖДҮХС-гаас ижил үнийн дүнтэй зээл гишүүдийн хамаарал бүхий компаниуд руу урссан гашуун түүх бидэнд бий. Энэ хөтөлбөр эдийн засгийг аварч чадах болов уу?

-Буруу биш. Аж ахуйн нэгж сэргэж байж улс орны эдийн засаг сэргэх ёстой. Гол нь болгоомжтой хандах хэрэгтэй. Хүндээ хүрэх ажлыг хийх нь чухал. Яг өнөөдрийн нөхцөлд арилжааны банкны шалгуурыг хангаж, зээлээ авч чадаж байгаа нь хэд бол. Ажлын байраа алдаж, үйлдвэр үйлчилгээ нь хаагдсан олон газар арилжааны банкны өндөр шалгуурыг хангана гэдэг амаргүй. Мэдээж арилжааны банкууд бизнесийн байгууллага болохоор эрсдэлээ харна, зээлийн барьцаа хөрөнгө шаардана. Хорио цээрийн дэглэмээс шалтгаалаад 50 гаруй хоног үйл ажиллагаа нь зогсонги байдалд байсан хувийн хэвшлийхэн тэр дотроо ЖДҮ-ээс энэ шалгууруудыг давах бизнес эрхлэгчид цөөхөн байгаа.

3 хувийн хүүтэй зээл ч зорилтот хэсэгтээ хүрч чадахгүй байна гэх шүүмжлэл их бий. Үүнтэй санал нийлж байна. Том компаниуд нэр зүсээ олон янзаар хувиргаж, жижиглээд 500 сая төгрөг хүртэл зээл хэд хэдэн удаа авах нь бий. Гэтэл ажлын байр бий болгож, баялаг бүтээдэг зорилтот аж ахуйн нэгж 500 сая битгий хэл 5-50 сая төгрөгийн зээл авах гэж үйлээ үзэж, эцэст нь хоосон хоцордог. Өнөөх айхтар “10 хувийн яриа” аль хэдийн тархсан байна лээ. Нөгөө дарга нарын компаниуд чинь мэргэжлийн төсөл бичдэг багтай. Бас ар, өврийн хаалга танил тал сайтай. Тэгээд л бага хүүтэй зээлийн ихэнхийг халааслаж, эцэст нь гоё нэртэй хөтөлбөрийн үр шим хөрсөн дээр буулгүй нэр бүхий хэдэн нөхдөө улам баяжуулаад л өнгөрдөг туршлага бий дээ уул нь. Үнэхээр эрэлт хэрэгцээтэй байгаа ЖДҮ маань юунд ч хүрэлгүй үлдэх бий. Энэ байдал дахин давтагдахаас болгоомжилж байна.

Хэрвээ үнэхээр эдийн засгаа сэргээж ажлын байраа хадгалья гэж байгаа бол тооцоо судалгаатай, зорилтот бүлгээ дэмжсэн үйл ажиллагаа явуулах ёстой. Ингэж чадвал төр засгийн бодлого жинхэнэ эзэндээ хүрч хөтөлбөр бүрэн утгаараа хэрэгжинэ.

Том компаниуд нэр зүсээ олон янзаар хувиргаж, жижиглээд 500 сая төгрөг хүртэл зээл хэд хэдэн удаа авах нь бий.

-Та цаашид ямар арга хэмжээ авбал зохистой вэ, таны бодлоор?

-Цар тахалтай холбоотойгоор дэлхий нийтийн санааг зовоож байгаа Ковид-19-ийн мутацийн хэлбэр орж ирэхэд бэлэн байх хэрэгтэй. Эдийн засгаа сэргээх арга хэмжээгээ популист маягаар сонгууль угтсан хэлбэрээр бус цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалж, бий болгох гэж зүтгэж байгаа аж ахуйн нэгжүүд, зорилтот бүлэгт чиглэсэн үр дүнд хүргэх бодит арга хэмжээнүүдийг авах нь чухал. Эрүүл мэндийн салбар, Онцгой байдал болон цар тахлын үед ар гэрээ умартан нойр хоолгүй тэмцэж байгаа тангараг өргөсөн төрийн албан хаагчидаа төрийн зүгээс анхаарч үзэх хэрэгтэй. Сайны хажуугаар садаа гэдэг шиг шат шатандаа хариуцлагын асуудлыг байнга мөрдөн ажиллахгүй бол хүнд суртал, авлигал хээл хахууль нэмэгдэх хандлагатай байгааг олон нийт бодит шүүмжлэл өрнүүлэх боллоо. Мөн төрийн байгууллагуудын уялдаа холбоо, ажлын гүйцэтгэл, мэдээллийн нэгдсэн нэг шугам дээр байхгүйгээс ард иргэдийг чирэгдүүлж байгаад анхаарах нь чухал. Эцэст нь хааяагүй “Хариуцлага, Хариуцлага, Хариуцлага”-ын тогтолцоог хатуухан тогтоож өгөх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.