Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвших материал хүлээн авч эхэллээ

2021-04-2 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна.

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу Улсын дээд шүүхээс санал болгох Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийн 7.11-д заасны дагуу 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаас нэр дэвшигчийн жагаалтаас хасагдсан болон санал хураалтаар олонхын санал аваагүй нэр дэвшигчийг дахин бүртгэхгүй.

Нэр дэвшигчийн материалыг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд, ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр болон info@supremecourt.mn и-мэйл цахим шуудангаар (PDF форматаар) хүлээн авна.

Нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ: Үүнд:

1. нэр дэвших тухай хүсэлт (гарын үсэг зурсан байх);

2.төрийн албан хаагчийн анкет;

3.иргэний үнэмлэхний хуулбар;

4.боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5.нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл ажил эрхлэлтийн талаарх нийгмийн даатгалын лавлагааны эх хувь.

6.хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэйгээ тодорхойлсон холбогдох баримт: Үүнд

а/ хууль зүйн мэргэшсэн салбар;

б/ улс төрийн мэргэшсэн байдал;

в/ мэргэшсэн ажлын туршлага, хугацаа;

г/ эрдмийн зэрэг, цол (хамгаалсан сэдэв, огноо, сургууль);

д/ ном, судалгааны бүтээлийн жагсаалт;

е/ дээрх шаардлагыг нотолно гэж үзсэн бусад баримт;

Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Улсын Их Хуралд хүргүүлнэ.

Нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд цаг тухайд нь мэдээлэх бөгөөд олонхын санал аваагүй нэр дэвшигчийн талаар тайлбар гаргахгүй, нэр дэвшигчийн ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021.04.02

Бүртгэлтэй холбоотой мэдээллийг ажлын цагаар 51-261544, 51-261747 дугаарын утсаар авах боломжтой.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.