Хүүхдэд бие махбодийн шийтгэл хүлээлгэх нь амжилттай хүн болон төлөвших ирээдүйг нь балладаг

2021-03-25 Сэтгэл зүйч хариулж байна

Сэтгэл судлаач хариулж байна

 

Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэг “Хүүхдийг бие махбодийн шийтгэл хүлээлгэж шийтгэх нь ямар хор уршигтай вэ?” гэсэн асуултад дараах хариултыг өглөө. Тиймээс манайхны дунд яригддаг “Би зодуулж өссөн, муу зүйл болоогүй, тиймээс би хүүхдээ зодож шийтгэж хүмүүжүүлнэ” гэж зүтгэдэг зарим нэгэн хүмүүсийн хандлага нь хүүхдийн ТАРХИНЫХ НЬ АЙДСЫН ТӨВ-ийг идэвхжүүлж, СТРЕССИЙН ДААВАР ялгаруулахад хүргэдэг байна.

-Хүүхдийг зодож шийтгэх нь тун буруу. Нэгдүгээрт, хүүхдийн тархийг гэмтээж, амжилттай хүн болон төлөвших ирээдүйг нь балладаг. Хүүхдийн биед хүрч, өвтгөх бүрд түүний тархины айдсын төв идэвхжиж стрессийн даавар ялгарч байдаг. Стрессийн даавар нь тархины чухал хэсэг болох духны урд хэсгийн үйл ажиллагааг доголдуулдаг нь тогтоогдсон. Духны урд хэсэгт бидний амжилттай ажиллаж, амьдрахад шаардлагатай анхаарлаа төвлөрүүлэх, өөрийгөө удирдах, шийдвэр гаргах зэрэг ур чадваруудыг хариуцдаг хэсгүүд байрладаг байна. Тэгвэл та хүүхдээ зодож шийтгэх бүрдээ түүний зөвхөн биеийг өвтгөж байгаа бус тархийг нь гэмтээж байдаг.

Хоёрдугаарт, хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нь бууруулдаг. Хүн бүр хүүхдээ амжилттай хүн болоосой, өөртөө итгэлтэй байгаасай гэж хүсдэг. Гэтэл хүүхэд зодуулж шийтгүүлэх бүрдээ “Би үнэ цэнэгүй, ээж аав надад дургүй” гэсэн бодол, мэдрэмж төрдөг, суудаг байна. Ийм хүн өөртөө итгэх итгэл багатай байхаас гадна бусдад ч итгэх итгэлгүй болдог. Хүнд итгэх итгэл хүүхдийг дөнгөж төрснөөс эхлээд эхний зургаан сард бий болдог гэдгийг судлаачид тогтоосон. Хүн эхлээд ээж аавдаа итгэснээр, дараагаар нь нийт хүн төрөлхтөнд итгэж болох юм байна гэдэг мэдрэмж төрдөг. Өөрөөр хэлбэл ээж аавдаа итгэдэггүй хүн бусад хүнд итгэж чадахгүй. Бусдад итгэдэггүй хүн ойр дотно харилцаа үүсгэхэд бэрхшээл учирдаг. Та хүүхдэдээ гар хүрдэг бол тэр бүрийдээ хүүхдийнхээ танд итгэх итгэл болоод бусдад итгэх итгэлийг үгүй хийж, түүнийг өөрөөсөө холдуулж байна гэж ойлгоорой. Та хожим хичнээн сайхан харилцсан ч тэр танд эргэлзэх болно, мөн танд итгэж нууцаа, асуудлаа ярихгүй хүн болно.

Гуравдугаарт, хүүхдэд асуудлыг хүчирхийллээр шийдэж болдог гэдэг буруу хүмүүжил өгдөг. Тэр хожим уурлаж бухимдсан үед, аливаа асуудал үүссэн үед ярилцаж асуудлыг шийдвэрлэхийг оролдохоос өмнө түрүүлээд түрэмгийлэл үйлддэг нэгэн болж болно. Өөрөөр хэлбэл, асуудал гарахад тархиа ажиллуулахын оронд нударгаараа асуудлыг шийдэх хандлагатай болно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.