ХӨСҮТ: 14 хоногийн дараа өдөрт 150-400 хүртэл ХАЛДВАР гарах магадлалтай

2021-03-12 Мэдээ мэдээлэл

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Э.Тэмүүлэн УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханд нөхцөл байдлыг танилцууллаа.

Тэрбээр “Дэлхий нийтэд өргөнөөр коронавирусийн шинжилгээг хийж байна. Манай улсад энэ арга хэмжээг маш сайн авсан. Гурван эмнэлэг рүү бүх батлагдсан тохиолдлуудаа хуваарилснаар халдварыг цааш нь тархахгүй болгож байгаа. Ингээд ойрын хавьтлуудыг тодорхойлох ажлыг явуулдаг. Судалгааны үр дүнд нийт хавьтлуудын 90-ээс дээш хувийг олдог. Олсон хавьтлуудаа 14 хоног тусгаарладаг. ХӨСҮТ-ийн хувьд ямар ч өвчлөлгүй үед бэлэн байдлаа хангаж байсан. Тохиолдлын тоо ихсээд, хүн амын дунд өргөн тархалт үүссэн үед тандалтын хариу арга хэмжээ өөрчлөгддөг. Энэ үед батлагдсан тохиолдлуудаа хөнгөн бол гэрт нь тусгаарлах гэх мэт арга хэмжээ авч байна. Сүүлийн 7 хоногийн нөхцөл байдлаас харахад хүн амын дундах халдварын өргөн тархалт руу орж байгаа нь санаа зовоож байна.

Улаанбаатар хотод дөрөвдүгээр үе шат буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан үе байна. Халдварын шатны үнэлгээг долоо хоног бүр хийж байна. Улаанбаатар хотод дөрөвдүгээр үе шат буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан үе байна. Харин Завхан, Төв аймаг хоёрдугаар үе шатанд байгаа. Бүртгэгдсэн 81 кластер байна. Үүнээс 21 нь хянагдаж дууссан. Одоогийн байдлаар 41 идэвхтэй кластер байна. Халдвар зөвхөн орон зайгаар хязгаарлагдахгүй. Драмын театртай холбоотой кластер олон хүнийг хамруулж, 450 ойрын хавьтал бүртгэгдээд байна. 14 хоногийн дараа өдөрт 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байна” хэмээв. Харин ХӨСҮТ-ийн ажилчдад тулгамдаж буй асуудлын тухайд “Илүү цаг, ажлын ачаалал зэрэг нийгмийн асуудал тулгамдаж байна” хэмээн хэллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.