Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь зэрэг манай улсын зарим иргэд хандивын аян санаачилсан билээ. Үүнийг нь Засгийн газрын захиалга, төр иргэдээсээ хандив авч бондын өрөө төлөх гэж байгаа мэтээр санаатай санаандгүйгээр гуйвуулсан мэдээлэл гарч байгаа юм.
Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр байр сууриа илэрхийлж, зарим сайд нарт үүрэг өглөө.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хандив бол иргэдийн сайн дурын аян. Засгийн газар ийм аяныг эхлүүл гэж хэлээгүйтэй адил иргэдийнхээ сайн дурын санаачилгыг зогсоо гэж үүрэгдэх боломжгүй. Эх орноо гэж байгаа сайхан сэтгэлтэй хүнийг , түүний үйлдлийг ч цааш түлхэж болохгүй. Тийм учраас Төрийн сан дээр хандивын нэгдсэн данс нээ. Хандив хүлээж авах тодорхой хугацаа тогтоож, энэ хугацаанд ирсэн орлого, хандивыг өдөр бүр олон нийтэд ил тод мэдээлж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгож байна. Гэхдээ Монголын төр, Засгийн газар ард түмнээсээ хандив цуглуулж бондын өр төлөхгүй. Иргэдийн хандиваас нэг ч төгрөгийг бондын өр төлөлтөд зарцуулахгүй. Засгийн газар ирэх гуравдугаар сард төлөх бондын өрөө хэрхэн төлөх шийдлээ нэгэнт олсон, хугацаанд нь бүрэн төлөх боломжтой болсон байгаа. Харин иргэдээс сайн дурын үндсэн дээр цугларсан хандивыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаад эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн утааг бууруулах, дэд бүтцийн шинэчлэл зэрэгт ард түмнийхээ хяналт дор зарцуулна” гэлээ.
Мөн эх оронч санаачилга эхлүүлсэн, үүнд нэгдсэн иргэдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс албан ёсоор талархал илэрхийлэх, хандивын аянд оролцсоныг нотлох батламж хадгалуулах зэргээр тухайн иргэдийг алдаршуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Дашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /1 сарын 31-нд/ хандивын аян санаачлагч Б.Осоргаравыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзахдаа “Таны эх оронч сэтгэлийг хүндэлж байна. Гэхдээ Засгийн газар ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа” гэдгээ тодорхой хэлсэн юм.
Үүнээс 26 өдрийн өмнө буюу 2017 оны нэгдүгээр сарын 5-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийслэл, аймгийн Засаг дарга нартай уулзахдаа хэвлэлийнхний өмнө “Засгийн газар ирэх гуравдугаар сард 580 сая долларын бондын өрөө улсын эдийн засагт болон ард түмнийхээ амьдралд дарамт болохгүйгээр төлөх бүрэн бололцоотой, төлөх гарц шийдлээ олсон” гэж хэлсэн. Бондын өрөө хугацаанд нь улсын эдийн засаг болон ард түмнийхээ амьдралд бодитой дарамт болохгүйгээр төлнө, тийм бүрэн боломжтой гэсэн Монгол Улсын Ерөнхий сайдын энэ байр суурь хэвээр байгаа болно гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
2024-10-1
87301
30035
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.