Өндөр албан тушаалаас өнхөрч уначихаад дахиад л боксны мишоок аятай босоод ирдэг тийм нэгэн эрхэм энэ төрөөс салахгүй бололтой. Үнэндээ ууган хүчин энэ хүнд ямар өртэй юм бол гэж гайхмаар. Гэвч үнэндээ гурван сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн зам мөрөө эрх баригчид засаж суугаа нь энэ. Одоогийн товоор Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх тус намаас нэр дэвших магадлал өндөр байгаа. Харин ойчиж, босож, тэмцэж ирсэн Я.Содбаатар яг энэ үед л У.Хүрэлсүхэд хэрэгтэй. Учир гэвээс том “босс” хаана явна, тэнд Я.Содбаатар дагаж явдаг тал бий. Иймээс МАН-ын дарга өөрийн хүнийг дэргэдээ авах санаачлага ч гаргасан байхыг үгүйсгэхгүй.
Я.Содбаатарын тухайд, УИХ-д хоёр удаа дараалан сонгогдсон ч Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдсоноор өнгөрсөн онд болсон сонгуульд нэрээ дэвшүүлээгүй. Гэхдээ Засгийн газарт сайдын албан тушаал хаших тохироотойгоор УИХ-ын сонгуулийг өнжиж буй гэх яриа чих дэлсэж байсан. Харин энэхүү таамаг ч үнэнд дүйж, мань эр Шадар сайдын сэнтийд заларсан. Гэвч тэрбээр тус албанд томилогдоод дөрвөн сар болж байхад нь Covid-19 халдвар дотоодод алдагдаж, эх үүсвэр нь “Энх саран” сувилалтай холбогдсон. Тэр үеэс экс Шадар сайдын чихийг халууцуулаагүй өдөр ховор гэж хэлж болно. Ямар сайндаа л хэвлэлийн хурал хийх бүрийд нь “Covid-19 халдварыг дотоодод алдсан албан тушаалтнуудад хэзээ хариуцлага тооцох вэ” гэдэг асуултад ээрэгдэж явсаар эцэстээ “Өргөө” амаржих газарт нярайлсан эхийг гэрийн халаад, углааштай нь хөхөө өвлийн хүйтнээр гаргаж, хүний мөсгүй хандсаны хариуцлагыг хүлээж огцорч буйгаа зарласан юм. Гэвч Засгийн газрын тэргүүн нь дээрх хүнлэг бус үйлдэлд танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх ёстой гэж үзэн, огцорсон.
Ийнхүү мань эр албан тушаалаасаа чөлөөлөгдөж буйгаа өөрийн амаар зарлаж хэсэгхэн зуур “амралттай” байв. Харин тэрбээр тун удахгүй МАН-ын нарийн бичгийн дарга болж, энхрий хайрт нөхрийнхөө дэргэд эзэн болж суух сурагтай. Тэгээд ч зогсохгүй ойрмогхон зуур эл томилгоог хийнэ гэсэн мэдээлэл ч шаргал ордонд хөврөх болов.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.