“Гамлет”, “Тамгагүй төр”, “Тэнгэрийн хүү”, “Шөнө дундын бүжиг”, “Би ч гэсэн жаргамаар байна” гээд сүүлийн үеийн сор бүтээлүүдийн автор нь Драмын театрын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар билээ. Бид энэ удаагийнхаа зочноор эрхэм найруулагчийг урьж ярилцсан юм.
-Сайн зохиол дээр уран бүтээл илүү сайн амьдардаг гэдэг. Зохиол амьдралаас бичигддэг юм уу аль эсвэл үзэгчдийн таашаалд нийцүүлж бичигддэг юм уу?
-Зохиол гээд томоор ярья л даа. Манайханд буруу ойлголт байна. Өнгөрсөн зууны үйл явдалтай. Тийм дэг жаягтай бүтээлийг сонгодог гэж өрөөсгөлөөр ойлгоод байх юм. Угтаа зохиолын драмматург, үйл явдал, зөрчил, хэлэх гэсэн санаа, диалог, харилцан яриа нь цаг хугацааг даван туулаад, шалгагдаад өнөөгийн үзэгчдийн сонсогчдын хэрэгцээг хангаж буй бүтээлийг сонгодог гэж хэлээд байгаа юм. Жишээ нь Толстойн Анна Каринина, Шекспирийн бүтээлүүд байна. Цаашилбал манай эриний өмнөх үеийн Күньзийн сургаал, бүтээлүүд, Инжинаш гэх мэт. Бүтээлүүд цаг хугацааны шалгуурыг давж, хэдэн зууныг дамжин бидэнд хүрч ирснээр сонгодог бүтээл болж байгаа юм. Ийм бүтээл дараагийн 22-р зуунд ч гэсэн амьдрах чадвартай.
Ташуур бариад морь унасан бүхэн Монгол болчихдоггүй. Гагцхүү бид монгол сэтгэлгээгээ алдаж болохгүй. Хэдий даяаршиж байгаа ч бид хэл соёлоо алдаж гээж болохгүй. Монгол хүний сэтгэлгээг тал нутаг шигээ уудам гэдэг. Тийм болохоор монгол сэтгэлгээтэй хүний хайрыг тийм л уужуу тайван хүлээцтэй, уучлал өндөртэй хайр юм болов уу гэж боддог.
-Өөрөөр хэлбэл “амьдрах чадвар” гэж юуг хэлээд байна вэ гэхээр тухайн зохиолд гарч буй санаа, үйл явдал, зөрчил, үг хэллэг нь дахиад бидний цаг үед ч байгаа тохиолдолд тэр зохиол амьдраад байгаа юм. Хэрэв байхгүй болчихвол тэр зохиол амьдарч чадахгүй. Хүмүүс хүлээж авахгүй. Сүүлийн үед гарч ирж буй зохиолууд яагаад С.Пүрэв, Л.Түдэв, Д.Пүрэвдорж гуайн бүтээл шиг хүнд хүрч чадахгүй байна вэ? Яагаад гэвэл судалгаа багатай. Яруу тансаг хэллэг байхгүй. Үгийн сонголт, өгүүлбэр зүйн найрлага нь маш их алдаатай байгаа юм. Мөн маш их хулгай хийдэг. Тэгж болохгүй шүү дээ. Уншигчид тэнэг биш. Мэдэж л байгаа. Тэр дундаа жүжгийн зохиол гэдэг уран зохиолын хамгийн супер төрөл. Ер нь жүжгийн зохиол бичдэг хүн ховор байдаг юм. Яагаад гэхээр маш их чадамж, чадвар шаарддаг төрөл. Харин кино зохиол гэдэг бол арай өөр доошоо төрөл. Кино гол төлөв дүрсээр, дүрслэлийн аргаар үйл явдлыг товойлгон харуулдаг бол жүжиг зөвхөн харилцан яриан дээр тулгуурлан дүрийн дотоод сэтгэл, хүсэл тэмүүлэл, характер, нийгмийн өнгө төрх гээд бүхий л зүйлийг илэрхийлдэг. Энэ бол асар том чадвар. Ийм чадвартай зохиолчдыг бэлтгэхэд төрийн бодлого хэрэгтэй. Хүмүүсийг юм хийлгэх, урамшуулах, хөхүүлэн дэмжих тогтолцоо хэрэгтэй байна.
-Цаг хугацааны шалгуурыг давсан бүтээлүүд ихэнх нь хайрын тухай байдаг.Таны ихэнх бүтээлүүд ч хайрын сэдэвтэй байдаг. “Залуучууд” театрын тайзнаа тавьж буй “Хар санаа, хайр сэтгэл” жүжгээр та юу хэлэхийг хүссэн бэ?
-Хайрын тухай жүжгүүдийг хийж байгаа л даа. Киноны саналууд ч ирдэг юм. Аймшигийн, аллага, хүчирхийлэл, зодоон, тулаантай гээд янз бүрийн киноо найруулаач гэсэн санал тавих нь бий. Надад тийм сэдэвтэй зохиол бүтээл дээр ажиллах сонирхол байдаггүй. Хайр энэрэл гэдэг өөрөө асар том ухагдахуун юм. Бид үүнийг сайн таниж мэдэхгүй л яваад байна. Жишээлбэл, Ошоогийн хайр гэдэг номонд хайрын талаар агуу зүйлийг бичсэн байдаг. Зөвхөн дурлалт хосуудын сэтгэлээр хайрыг төсөөлж болохгүй. Энэ хорвоо ертөнцөд түмэн зүйлийг энэрэн нигүүсэхүй хайр байна. Би Герман хүний хайрыг мэдэхгүй. Гэхдээ зохиол бүтээл дээр хэрхэн бичсэнээр л төсөөлдөг. Тэгэхээр “ном ертөнцийг харах цонх” гэж маш оновчтой тодорхойлсон байгаа юм. Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжиг 17-р зуунд бичигдсэн. Жүжгийн гол агуулга дээдсийн хүү, ядуу хөгжимчний охин хоёрын хайрын харилцаа. Энэ нь нийгмийн хоёр өөр давхаргын асуудлыг хөндөж байгаа. Энэ бол “Ромео Жульета хоёр” шиг ариун хайр дурлалыг өгүүлсэн жүжиг биш гэж би ойлгодог. Зохиол дээр Фердинандыг ариун цагаан сэтгэлтэй. Өө сэвгүй, хиргүй ариун цагаан сэтгэлтэн мэтээр дүрсэлсэн байдаг. Харин надад Фердинандад дээдсийн хүүхдийн хувиа хичээсэн дээрэлхүү, атаархуу, өс хонзон санадаг өчүүхэн муу сэтгэл байгаа нь мэдрэгдээд байгаа юм. Тэр зан нь энэ жүжгийн араншин болчихмоор санагдаад байгаа. Тэгэхээр би жүжгийг мөнхийн хайр дурлалын жүжиг гэхээсээ илүүтэйгээр өнөөдрийн нийгмийн араншинг илүүтэйгээр тодорхойлсон жүжиг болгож байгаа. Хэлэх гэсэн санаа минь юу вэ гэхээр хайр гэдэг бол хайрласан хүнийхээ хүсэл сэтгэлийн төлөө байхыг хэлнэ гэх гээд байгаа юм. Яагаад гэхээр ихэнх хүмүүс “Би түүнийг хайрлаад байхад намайг ойлгохгүй өөдгүй “муу новш” юм. Хүний хайр даахгүй” гэх нь бий. Үнэхээр хайрласан л юм бол тэр хүнийхээ сайн сайхны төлөө үхэж ч чадах, өөрийгөө тэр хүндээ бүрэн зориулж чадах сэтгэлийг л хайр гээд байх юм. Тэгэхээр түүндээ хайртай юу, хайргүй юу гэдгээ сайн таниж мэдэх хэрэгтэй. Энэ жүжгийн гол санаа нь хайраа зөв таниж мэдэх хэрэгтэй гэсэн өгүүлэмж.Үнэхээр хайртай байсан бол Фердинанд хайртай бүсгүйдээ хор өгч чадах байсан уу. Хайртай л байсан бол хэзээ ч амин хувиа хичээж, хайртай бүсгүйгээ хөнөөж чадахгүй шүү дээ. Тийм харгис хайр байж болохгүй. Одоо манай нийгэмд хайртай бүсгүйгээ, эхнэрээ хөнөөдөг балиар заваан харгис хүчирхийлэл байна. Ийм хүмүүс байна шүү гэсэн нийгмийн араншинг энэ жүжгээр харуулах гэсэн юм.
-Сүүлийн үед солонгос сериалууд ихээр гарч байна. Уран бүтээлч хүний торгон мэдрэмжээр цэгнэхэд, харь орны хайрын талаарх ойлголт манай залуусын хайр дурлалын харилцаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Гадны орнуудын зорилго, стратегиэ хэрэгжүүлэгч нь кино юм. Кино их хүчтэй урлаг. Ялангуяа хамгийн их хүчтэй нөлөөг өсвөр үеийнхэнд үзүүлдэг. Үүнийг соёлын довтолгоо гэдэг. Манай залуус Солонгос киног үзсээр байгаад үсний засалт, хувцаслалт нь яг Солонгосууд шиг болчихсон. Бариу нарийн өмд өмсчихсөн эр, эм нь мэдэгдэхгүй залуус бий болж байна. Найз охинтойгоо муудалцаад Солонгос киноны баатрууд шиг архи ууж, гудамжинд тасарч унадаг болсон. Кинон дээр нь ийм үед нь нөгөөх нь машинтай ирж авдаг шүү дээ. Тэр киноныхоо романтик байдлыг дуурайх гэдэг. Гэвч тэр чинь кино, амьдрал дээр тэгэх нь ховор. Мөн өс хонзон санадаг. Солонгос киноны ихэнх өрнөл өс хонзон байдаг. Түүнийг нь дуурайж байна. Яг үнэнийг хэлэхэд ийм кинонуудыг Солонгост ч гаргадаггүй. Хориотой байдаг юм билээ.
-Энэ бүхнээс яаж сэргийлэх ёстой юм бэ?
-Үүнийг төр л зохицуулж чадна. Бүх телевизүүдийн Солонгос киног хаах хэрэгтэй. Хэрэв гаргах бол тухайн киноны утга санааг сайн хянаж үзэх ёстой. Телевизүүд дуртай киногоо авчирч гаргаж байна шүү дээ. Мөн өөрсдийнхөө ч кино хийж байгаа хүмүүсийг ч хянах хэрэгтэй. Үзэгчдэд юу үзүүлээд байгаа юм. Хүүхэд, залууст ямар үлгэр дууриал, ёс суртахуунд нь ямар нөлөө үзүүлж байгаа. Танин мэдэхүй, гоо зүй, соён гэгээрэх ямар ач тустай юм гэдгийг нь анхаарах ёстой. Үнэндээ хамгийн доод буюу цэнгэн баясгах, хөгжөөх, марзагнах, алиалах инээлгэх байдлыг л үзүүлээд байна шүү дээ. Чухал юмаа мартчихсан. Бодлого байхгүй яваад байна. Соёл урлаг сөнөх л юм бол бид өөрсдийгөө бодож, сэтгэгдэггүй мал болно л гэж ойлгох хэрэгтэй. Бидний ирээдүй үе оюуны хоосролд орчих гээд байна. Тийм юм руу түлхээд байгаа соёл урлагаа хар л даа. Төрөөс ердөө дэмжихгүй байна. Соёл урлаг, театр, утга зохиол хөгжөөд хүчтэй болвол иргэдийн оюуны дархлаа сайжирч, сэтгэн бодох чадвар, ухамсар, оюун ухаан, соёл боловсрол нь дээшлэнэ. Соён гэгээрсэн ард түмэн аливаа гадны соёлын довтолгоонд хууртахгүй болчихно. Алс ирээдүйгээ хардаг болно.
Солонгос киног үзсээр байгаад манай хүүхэд залуусын үсний засалт, хувцаслалт нь яг Солонгосууд шиг болчихсон. Бариу нарийн өмд өмсчихсөн эр, эм нь мэдэгдэхгүй залуус бий болж байна. Найз охинтойгоо муудалцаад Солонгос киноны баатрууд шиг архи ууж, гудамжинд тасарч унадаг болсон. Кинон дээр нь ийм үед нь нөгөөх нь машинтай ирж авдаг шүү дээ. Тэр киноныхоо романтик байдлыг дуурайх гэдэг. Гэвч тэр чинь кино, амьдрал дээр тэгэх нь ховор. Мөн өс хонзон санадаг. Солонгос киноны ихэнх өрнөл өс хонзон байдаг. Түүнийг нь дуурайж байна. Яг үнэнийг хэлэхэд ийм кинонуудыг Солонгост гаргадаггүй. Хориотой байдаг юм билээ. Иргэдээ хамгаалж, харин гадны зах зээл рүү ийм киногоо шахдаг. Ийм кино үзсэн өсвөр үеийнхний тархи оюун нь хоосон кибер болчихдог. Ирээдүй үеийнхэн нь ийм хийсвэр кибер болчихсон үед бидний газрын доорх баялагийг маш хялбархан аргаар авч чадна шүү дээ.
-Яагаад ингэж асуув гэхээр америкуудын, солонгосчуудын хайр гэж ийм байна гэж та түрүүн дурдлаа шүү дээ?
–Манай монголд монгол хайр гэхээсээ илүүтэйгээр, монгол сэтгэлгээ илүү чухал болов уу. Сэтэлгээ өөрөө монгол байвал түүнийг монгол хүн ойлгодог. Тэрнээс биш өдөр бүр монгол дээл өмсөж явснаар монгол болчихдоггүй байх. Ташуур бариад морь унасан бүхэн Монгол болчихдоггүй. Гагцхүү бид монгол сэтгэлгээгээ алдаж болохгүй. Хэдий даяаршиж байгаа ч бид хэл соёлоо алдаж гээж болохгүй. Монгол хүний сэтгэлгээг тал нутаг шигээ уудам гэдэг. Тийм болохоор монгол сэтгэлгээтэй хүний хайрыг тийм л уужуу тайван хүлээцтэй, уучлал өндөртэй хайр юм болов уу гэж боддог. Амьдрал баялаг болохоор алдаж, онох янз бүрийн л зүйл байдаг. Энэ бүхнийг уучлах тамир нь их байдаг болов уу. Амьдралын болон эрдэм боловсролтой, ухааны их хэмжүүртэй байдаг. Өвгөдөөс уламжилсан амьдрал, орчин ахуйгаас улбаалсан соёлын нөлөөгөөр ухаан, тэвчээр, уучлал гурав цуг зангидагдсан байдаг. Магадгүй энэ бүхэн чиний асуугаад байгаа монгол хайр байх.
-Монгол сэтгэлгээнд, монгол үзэгчдэд “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийг хэрхэн нийцүүлэн тавьж байгаа вэ?
-Би герман хүн биш. Герман сэтгэлгээг мэдэхгүй. Герман хувцаслалт, 17-р зууны цаг үеийг барихгүй, өнөө үед байж болохуйц, яг аль цаг үе гэдгийг тодорхой баримтлахгүй байхыг хичээсэн. Тэгж байж л өнөөдрийн үзэгчдийн сэтгэлд бууна. Сэтгэлгээ ааш авир, араншинг нь жүжигчиддээ суулгаад өгчихөөр бидэнтэй их ойрхон болж ирж байгаа юм. Сэтгэлгээ ааш авир, юманд хандах хандлагыг нь өөрсдийнхөө оюун санаанд нийцүүлэхээр “made in Mongolia” болчихоод байна гэж хошигнож болох юм.
-Дарханы уран бүтээлчидтэй ажиллах танд ямар байв?
-Дарханы залуу жүжигчид өөрсдийн чадал, чансаа, ур чадвараа нэмэгдүүлэх гэж ажиллаж байгаа нь бахархууштай, үнэлүүштэй зүйл. Нөгөө талаас сонгодог бүтээл гэдэг том конкурс байдаг. Үүнийг давж гарах хүсэл тэмүүлэл, эрмэлзлэл нь их чухал байна. Жүжиг тавихаас гадна Дарханы театрын залуу жүжигчдэд сургалт үзүүлж байгаа юм шүү дээ. Сонгодог жүжигт хэрхэн хандах. Одоо цагт зохиолыг хэрхэн задалж, дүрүүдийг яаж нээж задалж байгааг харуулж байна. Яахав жүжигт шинэ, сонин шийдлүүд бий. Ер нь жүжиг үзэж байгаа хүн эхлээд зохиолыг нь уншчихаад ирвэл илүү ойлгож хүлээж авдаг. Тэгээд зохиол, жүжиг хоёрт харьцуулалт хийж үзвэл их чухал.
-Уран бүтээлчидтэй ажиллах цаг зав хэр гэрч байна. Тэнд ажиллах, энд ирээд ажиллах хоёрт бэрхшээл саад байна уу?
-Өө байлгүй яахав. Улаанбаатар хотод гэрээсээ гараад ажил дээрээ ирээд ажиллана. Дарханд 230 км давхиж ирээд ажиллахад хүндрэл байлгүй яахав. Тэндэх ажлынхаа цаг зав, чөлөөг ашиглан энд богино хугацаанд ажиллах тийм амар хялбар зүйл байгаагүй. Богино хугацаанд хүчтэй хурдан дайралт хийхийг хичээж байна.
-Манай театрын уран бүтээлчид таны сэтгэлд хүрч байна уу?
-Болж байна аа. “Залуучууд” таетрын залуу жүжигчид давгүй шүү. Сайхан бүтээлч сэтгэлгээтэй залуус байна. Уран бүтээлдээ сайхан хандаад явж байгаа. Ямарч байсан санасан хэмжээнд гайгүй бүтээл болчих байхаа.
-Орон нутгийн театр урлагийн байгууллагынхан жүжигчдээ хөгжүүлэх, үзэгчдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн уран бүтээл хийхийн тулд хэрхэн хөгжих чадваржих ёстой вэ?
-Үүнийг ганц театрын удирдлага шийдэх асуудал бишээ. Төвийн театр урлагийн байгууллагатай холбоотой ажиллах хэрэгтэй байна. Дарханы театрын санаачлан хийж байгаа энэ алхам маш зөв зүйтэй ажил. Төвийн театрын найруулагчаар жүжиг тавиулахаас гадна. Жүжигчдийг нь авчирч өөрсдийн жүжигчидтэй хамтарч тоглуулах туршлага арга барилаас нь суралцуулах нь чухал. Энэ бүхнийг хийхэд төрийн бодлого оролцоо, анхаарал их хэрэгтэй. Төрийн бодлого гэдгийн ард юу оршиж байна вэ гэхээр өнөөх л санхүүгийн асуудал байгаа юм. Мөнгө санхүүгийн асуудлыг нь төрөөс дэмжээд өгвөл театрт болохгүй юм гэж ерөөсөө байхгүй. Хөдөө орон нутгийн театр бүхэн уран бүтээл хийхийг хүсдэг. Гагцхүү хөрөнгө, санхүү дээр л гацдаг нь бодит үнэн.
-Төрийн соёл урлагийн бодлого төлөвлөлтийг тодорхойлдог хүмүүсийн дунд театрын зовлон бэрхшээлийг мэддэг урлагийн тогоонд чанагдсан хүмүүс хэрэгтэй байх шиг. Танд ийм ажлын санал ирвэл та яах вэ?
-Хэрвээ шаардлагатай гэвэл би орж болно. Яагаад гэвэл би өөрийнхөө төлөө ажиллах гэж байгаа юм биш. 17 жил энэ урлагийн гал тогоонд чанагдсан хүнийхээ хувьд цаашдын хөгжлийнх нь гарцыг өөрийн нүдээр хардаг хүний хувьд, ямар цэгт хүрч болох вэ, ямар потенцаль бидэнд байгаа вэ гэдгийг мэднэ. Шаардлагатай бол очно. Гэвч манай төр засгийнхан үнэхээр урлагийг гаргуунд нь хаячихсан. Энэ салбарыг мэдэхгүй найз нөхөд, “цүнх баригсад”, мөнгө өгсөн хүмүүсээр бодлого тодорхойлуулж байна. Тэр хүн дөрвөн жил юу хийх үү? Самарч л чадна шүү дээ.
-Системээрээ гажуудчихаад байна гэж та хэлэх гээд байнаа даа. Тэгвэл юу хийвэл эрүүлжүүлж, өөрчилж болох вэ?
-Сонгуулиар үүнийг өөрчилнө гэдэг худлаа болохыг бид мэдчихлээ. Бид хоёр намыг л сонгож байна. Энэ 26 жилд энэ хоёр намаас л байнга нэр дэвшдэг хэдэн хүнийг сонгосон. Тэднийг л бид ээлжилж сонгоод байхаар яаж өөрчлөгдөх юм бэ. Энэ хорвоо ертөнц, монголын улстөрчид зөвхөн тэднээс тогтдог юм уу. Монголын гурван сая хүний хамгийн ухаантай лидер нь тэд юм уу. Үгүй шүү дээ. Миний бодлоор энэ намаас нэр дэвших гэдэг асуудлыг бүр таслан зогсоомоор байгаа юм. Нам гэдэг чинь юу юм бэ. Үзэл бодлоороо нийлсэн хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл бүхий ТББ шүү дээ. Тэд монголыг хувааж идээд дууслаа. Монголчууд хэтэрхий хүлцэнгүй номхон байна. Зоригтой хүн гэж алга. Үгээ үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг боллоо.
-Та бид хоёр жижигхэн улс төржчихлөө. Нэгэнт ийм сэдэв хөндсөн болохоор нэг зүйл асуумаар байна. Таны найз жүжигчин Амарсайханы тоглосон “Би юу хийчих вэ…” гээд шүдэнз асаадаг пиар сурталчилгаа гарсан. Энэ өөрийнх нь үзэл бодол байсан болов уу?
-Мэдээж уран бүтээлч аливаа зүйлийн реклам сурталчилгаанд оролцон тоглох ёстой. Тэгж л харж байна. Өөр ямар нэгэн өнцгийг олж харахгүй байгаа.
-Ингэж асуух гэсэн юм л даа. Жүжигчин Амарсайхан тэр рекламанд тоглосон нь нийгмийн сэтгэлгээнд хүчтэй нөлөө үзүүлсэн. Энэ миний хувийн бодол. Гэхдээ олон хүн санал нийлэх байх. Ер нь уран бүтээлчийн том ч бай жижиг ч бай аливаа бүтээлд хувийнх нь үзэл бодол шингэсэн байдаг уу? Аль эсвэл үгүй юу?
–Амарааг ямар бодолтой байсныг би сайн мэдэхгүй юм. Бодол санаагаа шингээдэг уран бүтээлч ч байдаг, үгүй нь ч бас байгаа. Жишээ нь би бол үзэл бодлоосоо уравдаггүй. Бодол санаа нь чухал биш. Үнэн хөлс нь чухал гэж бодож тоглодог ч хүмүүс байна. Гол нь Амараагийн тоглосон рекламд хэн үнэмших вэ гэдэг асуудал чухал. Заавал Амараа ч биш, Болд-Эрдэнэ ч юм уу, Цэрэндагва гуай ч тоглож “чүдэнз зурж” болно шүү дээ. Хэн тоглохоос үл хамаарч ард түмэн өөрсдөө ухаантай байх ёстой байхгүй юу. Реклам сурталчилгаа гэдгийг нь мэдсээр байж. Тийм юманд хууртаад байхдаа яахав дээ. Тийм л гэнэн ард түмэнтэй болчихоод байна. Түрүүний бид хоёрын ярьсан өнөөх оюуны дархлаа энэ. Өөрийн гэсэн үзэл бодолтой, тунгааж боддог, баргийн зүйлд автаад байдаггүй ард түмэнтэй болоход соёл урлагийн нөлөө асар их.
Эх сурвалж: Newsmedia.mn
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.