“Спиннинг давалгаа” фестиваль ирэх сарын 3-нд болно 

2017-05-26 Мэдээ, мэдээлэл

Манай улсад  эргэлтэт дугуйн спорт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж буй энтэртайнмент чиглэлийн спорт юм.  Энэхүү спортоор нэг цаг хичээллэхэд биеийн бүх булчинг жигд  ажиллуулж 800-1200 килкалор шатаадаг. Тэгвэл энэ спортоор хичээллэхийн гайхамшгийг ирэх сарын 3-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд харуулах нь ээ. Энэ өдөрМонголын эргэлтэт дугуйн холбоо,  “Сүлд” спиннинг клубээс “Спиннинг давалгаа” Үндэсний фестивалийг зохион байгуулахаар болжээ.

 

 

Эрүүл амьдрал, зөв хэвшлийг сурталчлах зорилготой уг арга хэмжээний талаар Монголын эргэлтэт дугуйн холбооны тэргүүн Сүлд “Фестиваль маань урлаг спортын нэгдсэн арга хэмжээ болно. Өнгөрсөн тавдугаар сарын 28-нд анх удаа зохион байгуулж байсан. Энэ жилийн хувьд бүр өргөн хүрээтэйгээр зохион байгуулахаар бэлтгэж байна. Ирэх жил бид ОУ-ын фестивалийг зохион байгуулна. Энэ спорт бол өөрөө шинэ цагийнх. Тэгэхээр бидний үе миний бие энэ спортыг хөгжүүлж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах бүрэн боломжтой. Бид Фестивальд зориулж 16 метр урт тайз зассан. 300 дугуй байрлуулна. Хамгийн сүүлийн үеийн гэрэл техник, хөгжим хэрэгслүүд ашиглан фестивалиа зохион байгуулахаар бэлдэж байна. Спиннингийг урлаг талаас хэрхэн хөгжүүлж байгаа талаарх маш гоё үзүүлбэрүүдийг бэлтгэсэн” гэлээ.

Энэхүү фестивалийн үеэр эргэлтэт дугуйн дээр хичээллэж, мэргэжлийн багшаас жин хасах талаар зөвлөгөө авах боломжтой. Мөн оролцогч спиннинг клубүүдийн давуу тал болон өөрт ойрхон спиннинг клубуудын мэдээллийг авах бүрэн боломжтой юм.

А.Уянга

 

 

 

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.