Нийслэлчүүдийн хөл хорионы дэглэм суларлаа

2021-01-11 Нийслэл


Нийслэл хотод өнөөдөр (2021.01.11) 06.00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий 18 салбар, чиглэлээс бусад ААН-үүд хэвийн ажиллаж эхэлнэ.

Хөл хорионы дэглэм суларч байгаа тул ард иргэд, ААН халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, нэг нэгэндээ шаардлага, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан уриалсан. Өчигдөр (2021.01.10)-ийн 11.00 цагийн байдлаар манайд улсын дотооддоо халдвар авсан хүний тоо 929, зөөвөрлөгдсөн 409 буюу нийт 1429 хүн Covid-19-өөр өвчилжээ. Үүнээс 896 нь эдгэрч, 522 хүн эмчлүүлж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд зургаан аймагт кластер голомтыг хумьж, голомтын халдварлалт бүрэн зогссон.

Харин Улаанбаатар хотод дөрвөн хэсэгт халдвар голомтлон тархаж, өнөөдрийн байдлаар нийт 603 тохиолдол бүртгэгдсэнээс 54 хувь нь Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой тохиолдлууд байв. Өнгөрсөн өдрүүдэд Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой тохиолдлын тоо эрс цөөрсөн.

Хоёр дахь голомт болох “Ачтан” эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд халдвар гарсан. Ялангуяа Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд байрлах “Ачтан” эмнэлгийн ажилчдын байртай холбоотой голомт үүссэн. Үүнтэй холбоотойгоор 5, 6 дугаар хорооны нийт 20 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Нийт 14 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахад зургаан тохиолдол батлагдсан. Гурав дахь голомт нь “Тэнүүн-Огоо” компанийн автобус баазтай холбоотой. Энэ голомтоос өдөрт халдвар 5-аас доош илэрч байгаа ч хяналтдаа бүрэн авчээ. Дөрөвдүгээрт, “Мөнххада” компанитай холбоотой голомт. Хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулжээ.

Цаашид иргэд Covid-19-тэй үеийн амьдралын шинэ хэв маягт дасан зохицох хэрэгтэй болж байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тодотгож байна. Дэглэм буурч байгаа хэдий ч Улаанбаатар хотод халдварын голомтууд идэвхтэй хэвээр байгаа учир иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх шаардлагатайг мартаж болохгүй.

Даваа гаригийн өглөөний 06:00 цагаас эхлэн нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу явах бөгөөд дугаарын хязгаарлалт хэрэгжинэ.

Мөн үйл ажиллагаа нь нээгдэж буй ААН-үүд өглөө бүр ажилчдынхаа халууныг хэмжиж, хүн хоорондын зайгаа барьж, хоол ундаа хамт идэх зэргээр амны хаалтаа авахаас аль болох зайлсхийх хэрэгтэйг НЭМГ–ын дарга Л.Төмөрбаатар анхаарууллаа. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд халдвар голомтлон гараад буй газраар ажилчдаа явсан эсэхийг тодруулж, халдварын шинж тэмдэг байгаа эсэхийг асуухыг зөвлөж байна.

Улаанбаатар хотоос иргэд эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх шалтгаан зэрэг тодорхой нөхцлийн улмаас орон нутгийг зорихдоо заавал шинжилгээ хийлгэнэ.

Мөн өнөөдөр (2021.01.11)-өөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг хэвийн горимд нь шилжүүлэн нээж байна. Нийслэлээс иргэдэд аль болох бөөгнөрөл үүсгэхгүйгээр холбогдох байгууллагуудын хяналт дор агаар салхинд гарах маршрутыг нээхээр дээрх шийдвэрийг гаргажээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээний газрууд ажиллахгүй ч иргэдэд агаарт гарах нөхцөл боломж бүрдэх юм. Ингэхдээ агаарт гарах маршрутыг хамт олноор бус гэр бүлийн хүрээнд, ямар нэг бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохицуулах юм байна.

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл:

-Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа (бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар)
-Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
-Бүх төрлийн баар
-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
-Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
-Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб
-Саун, бассейн
-Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
-Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар
-Үсчин, гоо сайхан /гоо сайхан, хумс засал/
-Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
-Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал
-Түргэн үйлчилгээний цэг
-Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг
-Нийтийн халуун ус
-Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ
-Дүрс бичлэг
-5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.