БНСУ-ын Засгийн газраас корона вируст халдварын дэгдэлт тус улсад эрчимтэй явагдаж байгаагаас шалтгаалан 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд Сөүл хотод “2.5”, орон нутагт “2” дугаар хорио цээрийн дэглэмийн зэрэглэлийг үргэлжлүүлэн тогтоох шийдвэр гаргасан.
Иймд 5-аас дээш хүний бөөгнөрөл бий болгох аливаа үйл ажиллагаа, гэр бүлийн цуглаан хийхгүй байх, аль болох олон нийтийн газраар явахгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих зэрэг хорио цээрийн журмыг үргэлжлүүлэн чанд сахиж, дараах зүйлийг анхаарна уу.
Үүнд:
-Хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаатай холбогдуулан гадуур холбогдох байгууллагуудын хяналт, шалгалт тогтмол хийгдэх тул олон нийтийн газраар явахгүй байх, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байх, хувийн болон албан уулзалт, цуглаан, аяллыг хойшлуулах, цуцлах;
-Зайлшгүй гадагш гарах шаардлагатай бол хүмүүстэй “хувийн 2 метрийн зай барьж” харилцах журмыг мөрдөх;
-Халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт шуурхай хандах, ингэхдээ БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 дугаарт залгасны дараа “4” товчлуурыг дарж гадаадын иргэдийг хариуцсан ажилтантай холбогдож заавар, зөвлөгөө авна уу.
-ЭСЯ-ны консулын зарим үйлчилгээг шуудангаар болон цахимаар авах боломжтой. Халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс халдварын тархалт намжтал, мөн Монгол Улсад 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Консулын хэлтэст биеэр ирэхгүй байх, зайлшгүй шаардлагатай, нэн яаралтай бус бол иргэний бүртгэл, бичиг баримт захиалга, итгэмжлэл, нотариатын баталгаажуулалтыг түр азнахыг зөвлөж байна.
БНСУ-д байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэд нь хорио цээрийн онц байдлын үеийн энэ журмыг солонгос иргэдийн адил дагаж мөрдөх үүрэгтэй, тиймээс тус улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэд оршин байгаа улсынхаа халдвар хамгааллын дэглэмийн журмыг хатуу сахиж, мөрдөхийг Элчин сайдын яамнаас анхааруулжээ. Хэрэв таньд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эрүүл мэндийн төвүүдэд хандана уу.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ,КОНСУЛЫН ХЭЛТЭС