Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт хүнсэнд зориулах КАРТААР олгож өгөөч, Ерөнхий сайд аа

2020-12-14 Гэр бүл
-Монгол Улсын хүсэлт гаргасан хүүхэд бүр 100 мянган төгрөг авна. ГЭВЧ…-
Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд хоолтой, хоолгүй өнжих бяцхан үрсийн нүд хальтрам дүр зураг цахим орчинд нэмэгдэх хандлагатай боллоо. Холбогдох хүүхдийн байгууллагын мэдээлж буйгаар 20 мянган өрх эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа буюу 30 мянга орчим  хүүхэд хоол тэжээлийн болон сэтгэл зүйн хямралд өртсөнийг судалж, тогтоосон. Мөн хөл хорионы хамгийн сул тал нь ахуйн хүрээний архидалт ихсэж, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж буй явдал. Үр хүүхдийнхээ хоолыг булааж, гашуун усанд байдгаа гөвдөг, хүйтэн харцаараа эхнэр хүүхдээ гоочилж, хөлчүүрхсэн үедээ гараа шүүстдэг адгуус аятай хүн араатан бидний бодсоноос ч олон. Хэдий одоогоор архи, согтууруулах ундааг худалдаалахгүй хориглосон ч тэд ямар нэгэн аргаар олоод л уучихдаг талаар албаныхан учирлах. Тодруулбал, хүүхдийн тусламжийн дуудлага өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн талаар холбогдох хүмүүс мэдээлж байсан. Мөн цагдаагийн байгууллагын мэдээллээр ахуйн хүрээний архидалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30-40 хувиар нэмэгджээ. Улмаар гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 61.6 хувиар, баривчлагдсан этгээдийн тоо 98.7 хувиар тус тус өссөн байна.
Тэгэхээр энэ бүх тоон мэдээллийн араас зорилтот бүлгийн хүүхдүүдийн хоол тэжээлийн асуудлыг хөндөхгүй байхын аргагүй. Хэдэн ч бяцхан зүрх хүйтэн гэрт харах хүнгүй, идэх хоолгүй хаа нэгтээ хэн нэгнийг аяглаж суугаа бол. Энэ хахир цагт бүү хэл амьдрал хэвийн үргэлжлэх энх үед ч сургуулийнхаа үдийн цайгаар амь зогоодог хэдэн мянган хүүхэд байсан. Байсаар ч байна. Тэгвэл өнөөдөр энэ хүүхдүүд юу идэж, яажшуухан суугаа бол. Тиймдээ ч хүүхдийн тодотголтой яаралтай тусламжийн утсанд хоол тэжээлийн дутагдлын талаарх дуудлага мэдээлэл өсөх хандлагатай болсныг албаныхан тодруулсаар…

Өөрөөр хэлбэл, хэдийгээр төрөөс зорилтот бүлэгт чиглэсэн хүнсний талон, хүүхдийн мөнгө, тусламж дэмжлэг үзүүлж байгаа ч хоол тэжээлийн дутагдлын дуудлага буурахгүй байгаа нь төрөөс олгож буй халамж зохист эзэддээ хүрэхгүй байна гэсэн үг. Тиймээс улсаас олгож байгаа ЯДАЖ хүүхдийн 100 мянган төгрөгийг задарсан эцэг, эхтэй ядарсан хүүхдүүдийн ходоодонд хоол болгохын тулд олгож буй үйл явцдаа өөрчлөлт оруулах ёстойг илтгэж байна.

Тэгэхээр улс орнуудын халамж жинхэнэ эзэддээ хэрхэн, яаж хүрдэг талаар зарим жишээг энд буулгая. Тухайлбал, АНУ-д цар тахлын хорионы үед сургууль цэцэрлэгүүд түр хаагдахад муж, дүүргүүдэд асуудлыг шийдвэрлэж буй нь ялгаатай ч хүүхдийн хүнсний мөнгийг ээж, аавд нь бэлнээр өгсөнгүй. Зарим нь хүүхдийн хүнсийг гэр гэрт нь хүргэж, зарим нь карт илгээжээ. Тэрхүү карт нь дэлгүүрт зөвхөн зөвшөөрөгдсөн хүнсний зүйл авахад зориулагдсан байх юм. Нэг үгээр энгийн цагт сургууль, цэцэрлэгт хүүхдийн иддэг хүнсийг нь ажиллахаа болилоо гээд төсөв хэмнэсэнгүй, зориулалтынх нь дагуу ухамсартайгаар эзэнд нь хүргэж байх жишээний. Харин манай улсад зорилтот бүлгийн бяцхан иргэддээ 100 мянган төгрөгийг хүнсэнд нь зарцуулахын тулд хүнсний карт эсвэл толанаар олгодог болгоё. Тэгж гэмээнэ архинд амьдралаа мэдүүлсэн асран хамгаалагчтай зорилтот бүлгийн хүүхдүүд өлмөн зэлмэн байдлаас жаахан ч гэсэн ангижрах бус уу…

О.МӨРӨН

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.