Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газрын 28 хүний бүрэлдэхүүнтэй баг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын 15-17-ны өдрүүдэд “Хүүхдэд ээлтэй орон нутаг” туршлага судлах сургалт семинарт оролцжээ. Тэд 16-ны орой 21.00-22.00 цагийн үед Хөвсгөл аймгийн Хатгал сумын иргэнээс Цэнхэр далайн өгөөж, Хар ус нуур нэрийн шилтэй загас болон, утсан загас, энэ сарын 17-ны өдрийн 12.00 цагт “Далай ээж” хүнсний захаас Дүүрэн нуур, Хөвсгөл хатгал, Хатан загас, Хөвсгөл цагаан загас нэрийн шилтэй загам болон утсан загас худалдаж авсан байна.
Гэвч дээрх төрлийн бүтээгдэхүүнийг хоол хүнсэнд хэрэглэснээс болж Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 4 том хүн, 3 хүүхэд хоолны хордлогод орж хэвтэн эмчлүүлж байна.
Мөн Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газрын семинарт оролцсон багш, мэргэжилтнүүд буцах замдаа Эрдэнэт, Улаанбаатар хотод амьдардаг хамаатан садан, найзууддаа дээрх нэр төрлийн шилтэй загас өгснөөс болж Эрдэнэт хотод 3 хүн, Улаанбатар хотод 8 хүн хордлогонд орж хэвтэн эмчлүүлээд байна. Одоогоор өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой, эмчилгээ хэвийн явагдаж байгаа
Цэнхэр далайн өгөөж, Хар ус нуур нэрийн шилтэй загас болон утсан загаснууд нь хаяг шошгоны зөрчилтэй, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд байжээ. Тиймээс хэрэв загас идсэний дараа халуурах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг ЭМЯ-наас сэрэмжлүүлж байна.