АРИЛЖААНЫ БАНКУУД ирэх сарын 1-н хүртэл АЖИЛЛАХГҮЙ

2020-11-17 Банк, санхүү

Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг энэ сарын 12-ны өдрийн 06:00 цагаас ирэх сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл  зарлаж, Засгийн газрын тогтоол гаргасан.

Үүнтэй холбогдуулан арилжааны банкуудын зүгээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, Covid-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжүүдээ дээр дурдсан  хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Гэхдээ Монгол Улсын төлбөрийн системийн үйл ажиллагаа болон банкуудын бүх төрлийн цахим үйлчилгээ тасралтгүй, хэвийн үргэлжилж байна. Иймд мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийхдээ төлбөрийн карт, интернет, мобайл банкны үйлчилгээг ашиглах бүрэн боломжтой юм.

Харин орон нутаг дахь арилжааны банкны салбар, нэгж нь өөрийн харьяалах нутгийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж байна гэж мэдэгдлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.