НЭМҮТ: Дам тамхидалтын хор уршиг!

2020-12-15 Амрах агшин
НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны ЭША Б.Майцэцэг энэ удаагийн “ПОДКАСТ”-аар дам тамхидалтын хор уршиг ба түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөж байна.
Дам тамхидалт гэдэг нь тамхи татаж буй хүмүүсийн тамхины утаагаар тамхи татдаггүй хүмүүс амьсгалахыг хэлнэ. Харин татаж буй тамхины үнс, тортог, утаагаар амьсгалахыг гуравдагч дам тамхидалт гэдэг. Өөрөөр хэлбэл, тамхи татаж байгаа хүний хажууд тамхи татахгүй байсан ч яг адилхан хэмжээгээр хордож байдаг. Энэхүү дам тамхидалтад хамгийн их өртдөг бүлэг бол бага насны хүүхдүүд юм. Тухайлбал, ээж нь жирэмсэн байхдаа буюу төрсөн хойно нь аав, ээж нь тамхи татдаг бол хүүхэд ямар өвчнөөр илүү өвдөх вэ гэвэл нэн тэргүүнд дунд чихний өрөвсөл зонхилдог. Хоёрдугаарт уушигны замын өрөвсөл буюу хатгаа, гуурсан хоолойн багтраа гэх мэт. Түүнээс гадна гурван төрлийн хавдарт өртөх өндөр эрсдэлтэй. Үүнд, тунгалагын булчирхайн хавдар, цусны хорт хавдар, тархины хавдар юм.
Жил бүр 165 мянган хүүхэд таван нас хүрээгүй байхдаа амьсгалын өрөвсөлт өвчнөөр хорвоог орхидог.
Мөн хүүхэд дөнгөж төрсөн буюу нярай үедээ энддэг. Үүнийг эмнэлгийн хэллэгээр нярайн гэнэтийн нас баралт гэдэг. Энэ нь юутай холбоотой гэвэл нас барсан нярайд задлан шинжилгээ хийж үзэхэд, уушиганд нь никотин их хэмжээгээр агуулагдсан байдаг. Энэ нь хүүхдийг амьсгалын замын дутагдалд хүргэдэг байна.
Түүнчлэн дам тамхидалт нь томчуудад ямар нөлөө үзүүлэх вэ гэхээр тамхи татдаг хүн ямар өвчнөөр өвддөг яг тийм өвчнөөр өвддөг. Жишээлбэл, тархины харвалт, зүрхний шигдээс, захын судасны нарийсал, уушги болон хүзүү, толгойн хавдар гэх мэт. Ийнхүү тамхинаас хамааралтай нийт 29 гаруй төрлийн хавдраар өвчилдөг байна. Дам тамхидалтын хор уршиг нь харвалт болон шигдээсийг 25-30 хувиар нэмэгдүүлдэг. Мөн уушигны хавдрын эрсдлийг 30 хувиар нэмэгдүүлдэг байна.
Манай оронд дам тамхидалтад өртөж буй хүмүүсийн насыг судалгаагаар авч үзвэл насанд хүрэгчдийн 32.8 хувь нь гэрийн нөхцөлд, 22.6 хувь нь ажлын орчноос гэсэн үзүүлэлттэй байна.
Мөн 13-15 насны сурагчдын дунд судалгаа явуулахад 42.9 хувь нь гэртээ, 52.3 хувь нь олон нийтийн газар дам тамхидалтад өртөж байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд болон өсвөр үеийнхэн маань дам тамхидалтад илүү өртөж байна гэсэн үг.
Тэгэхээр бид энэхүү аюулаас хэрхэн сэргийлэх вэ гэхээр гэрийнхээ орчныг аюулгүй байлгахад анхаарах ёстой. Мөн хөршүүддээ тамхины хор уршгийн талаар ойлгуулж ярих хэрэгтэй. Түүнээс гадна манай иргэд машиндаа цонхоо нээгээд тамхи маш их татдаг. Энэ нь үнэхээр буруу. Хэдийгээр цонх нээсэн ч тухайн жолоочийн хажууд яваа хүн мөн л дам тамхидалтад өртөж байдаг. Мөн сургуулийн орчинг тамхигүй байлгах нь хамгаас чухал. Ялангуяа, өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ тамхи татаж буй болон дам тамхидалтад өртөж байгаа эсэхэд нь байнга хяналт тавих нь чухал. Түүнчлэн гудамжинд тамхи татаад явж байгаа хүний цаана 10-аад хүн дам тамхидалтад өртөж байдаг.
Түүнээс гадна ажлын байрны орчин 100 хувь тамхигүй байж хоёрдогч, гуравдагч дам өртөлтөөс бид сэргийлэх болно. Дашрамд хэлэхэд, дэлхийд жил бүр 400 мянган хүн ажлынхаа орчинд дам тамхидалтад өртсөний улмаас бардаг байна. Тэгэхээр ажлын орчин ч эрүүл байх ёстой.
Ийнхүү эцэст нь хэлэхэд, өөрийгөө болон өрөөлийн эрүүл мэндийг хамгаалахын тулд хэрвээ Та тамхи татдаг бол энэхүү хорыг хаяаарай. Хэрвээ үнэхээр та тамхиа хаяж чадахгүй олон жил татсан бол анхан шатны эмнэлгүүдэд хандаж, сэтгэл зүйн судалгаанд хамрагдан никетоны хамаарлаа тогтоолгоорой. Ингээд үнэхээр тамхины өндөр хамааралтай бол харъяа дүүргийнхээ эмнэлгийн сэтгэцийн эмчийн хяналтад орж, эмчлүүлэх хэрэгтэй.  

 

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.