Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн хуралдаан болжээ

2020-11-9 Засгийн газар

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар даргалан явууллаа. Энэ үеэр комиссын хуралдааны бэлтгэлийг эрчимжүүлэх, хуралдааны үеэр манай талаас дэвшүүлэх санал, илэрхийлэх байр суурийг хэлэлцлээ.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс нь Монгол, Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг гол механизм билээ.
Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хоёр жилд тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн Комиссын 16 дугаар хуралдаан Монгол Улсад болох ээлжтэй байсан хэдий ч “КОВИД-19” цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон юм.

Энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь манай улсад Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсаны дараа болж буйгаагаараа онцлог юм.
Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны явцад гарсан ололт амжилтыг дүгнэх, ойрын хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх гол зорилт, томоохон арга хэмжээ, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, өндөр дээд түвшний айлчлалын үеэр тохирсон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх тохиролцоо, хэрэгжүүлж буй томоохон төсөл, арга хэмжээний явцыг түргэтгэхэд ач холбогдолтой юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.