Хуралдааны эхэнд Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн талаарх санал хураалт явуулаа. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны саналаар Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Хуралдааны үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Уг тогтоолын төсөлд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөр ахлуулан гишүүдэд нь Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын төлөөлөл Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн, Та бидний эвслийн төлөөлөл С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Зөв хүн электорат эвслийн төлөөлөл Т.Доржханд, Улсын Их Хурлын бие даагч гишүүн Н.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулахаар тусгажээ.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг батлахыг дэмжсэн гэж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Даваасүрэн нар үг хэлсний дараа тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувь нь дэмжсэн.