Халамжийн үйлчилгээг ДӨРВӨН аргаар авч болно

2020-10-26 Мэдээ, мэдээлэл

Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулахаар тусгасан. Ингэхдээ иргэдэд үзүүлж буй үйлчилгээг ил тод, хүртээмжтэй болгох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд улсын хэмжээнд “И-халамж.мн” сайтаар халамжийн цахим үйлчилгээ нэвтэрч эхэллээ.

Тодруулбал, Говь-Сүмбэр аймагт гэхэд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар аймгийнхаа халамжийн үйлчилгээ авдаг иргэдийг 99.9 хувь цахим данстай болгоод байна. Тус аймагт эхний ээлжинд 6 төрлийн үйлчилгээг нэвтрүүлэн 2000 гаруй иргэнийг хамруулжээ. Энд ахмад настны “Насны хишиг”, жирэмсэн эхчүүд болон 0-3 хүртлэх насны хүүхэд асарч буй иргэдийн болон ихэр хүүхдүүдийн тэтгэмж, өрх толгойлсон иргэдийн болон одонтой ээжүүдийн тэтгэмжийг цахимжуулжээ.

Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрынхан цахим үйлчилгээг сайн сурталчилж, мөн халамжийн үйлчилгээг и-баримттай холбож өгөх зэргээр идэвхтэй ажилласны үр дүнд халамжийн дээрх 6 үйлчилгээг авах иргэд бүрэн хамрагджээ. Ингэснээр иргэд үйлчилгээнд цаг хэмнэхээс гадна аль ч шатанд үйлчилгээгээ хянах боломжтой болж байна. Иргэд халамжийн үйлчилгээг авахдаа:

  1. “И-халамж.мн” сайтад хандан орох,
  2. Гар утасны И-баримт аппликейшны ашиглан хүсэлт гаргах,
  3. Интернэт орчингүй иргэд халамж, үйлчилгээний газар ирж хурууны хээгээ уншуулан бүртгүүлэх,
  4. Төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаас мэдээллээ оруулах замаар халамжийн үйлчилгээгээ 4 аргаар авч болох юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.