Намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эргүүлэн татсан талаарх албан бичгийг гишүүдэд танилцууллаа.
Мөн энэ өдөр “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хууль санаачлагч гишүүн Д.Тогтохсүрэн, “хуулийн төслийн зарим заалт дээр Ажлын хэсэг, дэд хэсэг нухацтай ярилцах, АН-ын бүлгээс ирүүлсэн саналыг авч үзэх шаардлагатай тул төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд буцааж, анхны хэлэлцүүлгийг дахин явуулах” горимын санал гаргалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 77,1 хувь нь уг горимын саналыг дэмжив.
Өнөөдрийн хуралдаанаар мөн Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Төслийн талаар хууль санаачлагч гишүүн С.Бямбацогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар тус тус танилцуулав. Тухайлбал, нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 09.00 цагаас эхлүүлж, 10.00 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, хууль санаачлагч, дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд саналаа хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж, тус захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод цаглавараа баталж, мөрдөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
Мөн хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах үндэслэл болох, түүнчлэн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн Улсын Их Хурлын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоохоор төсөлд тусгажээ. Тусгайлсан дэгээр зохицуулж буй зарим тогтоолын төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах дэгтэй ижил зохицуулах, түүнчлэн Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн явцад гишүүн өөрийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаа татан авах боломжтой байхаар зохицуулав гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Түүнчлэн Байнгын хороо хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг илүү ажил хэрэгч, үр дүнтэй зохион байгуулах, мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн нээлттэй болон хаалттай явуулахаар, шаардлагатай тохиолдолд Ерөнхий сайдын мэдээллийг түүний томилсон Засгийн газрын гишүүн хийхээр, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар санал хурааж, дүнг танилцуулснаар холбогдох тогтоолын төслийг баталсанд тооцохоор, Үндсэн хуульд нийцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэхгүй байх зохицуулалтыг төсөлд тус тус тусгажээ.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Улсын Их Хурлын үйл ажиллагааг зохицуулж буй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталж, дагаж мөрдөж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг хэрэглэх явцад зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах практик хэрэгцээ, шаардлага үүссэн гэж үзэн хууль санаачлагч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайдын мэдээллийг нэгдсэн хуралдаанд гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд зөвхөн Ерөнхий сайд мэдээлэл хийдэг байх, хэлэлцэж буй асуудлын ач холбогдлыг харгалзан гишүүний асуулт асуух, үг хэлэх хугацаатай холбоотой хуралдаан даргалагчийн эрхийг нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах мэтгэлцээний зохицуулалтыг тодруулах, Улсын Их Хурлын гишүүний хариуцлагын хувьд хуралдаанд оролцох эрхийг хасах бус санал хураалтад оролцох эрхийг хасах байдлаар зохицуулах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хуралдааныг үр дүнтэй явуулах үүднээс гишүүний асуулт асуух хугацааг багасгаж, нэмэлт асуулт асуух хугацааг нэмэгдүүлэх нь ач холбогдолтой талаар, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан зөвхөн Улсын Их Хурал дахь цөөнхийн гишуүдээс тавьсан асуултад хариулахаас гадна бусад гишүүд асуулт асууж, хариулт авдаг байх талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Улсын Их Хурал дэгээ өөрөө тогтоодог байх нь зүйтэй бөгөөд дотоод зохион байгуулалтын асуудал хариуцсан Байнгын хороотой байх нь ач холбогдолтой талаар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх зохицуулалтыг илүү боловсронгуй болгох талаар асуулт асууж, үг хэлсэн болно. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдлаа.
Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүдэд хариуцлага тооцох заалт нь аль ч улсын парламентын хуралдааны дэгийн хуульд байдаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 2007, 2010 оны хуульд ч гишүүдэд хариуцлага хүлээлгэх заалт байсан. Харин тэрхүү зохицуулалт нь хэтэрхий хатуу байсныг илүү уян хатан болгох зохицуулалт хийсэн гэж ойлгох хэрэгтэй гэдгийг төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хариултдаа онцлов. Түүнчлэн тэрбээр Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотой заалтад зайлшгүй тохиолдолд салбар хариуцсан сайд нь илүү мэдээлэл өгөх болов уу гэж бодон уян хатан зохицуулалтыг тусгасан. Гэхдээ анхны хэлэлцүүлгийн үеэр та бүхэн шийдвэрлэх бололцоотой гэж байлаа. Төсөл санаачлагч гишүүн Т.Аюурсайхан, “Хуралдааны дэг зөрчвөл ямар хариуцлага хүлээх талаар өмнөх хуулиудад байсан заалт. Бусад улсуудын парламентад ямар зохицуулалттай байдаг талаар Парламентын судалгааны хүрээлэн судалгаа хийсэн, үүнтэй танилцаж болно. Хуулийн төсөлд гишүүдийн хариуцлагыг шат дараатай болгож, сануулаад, үг хэлэх эрхийг нь хасах гэх мэтээр шат дараатай болгож гаргалгаатай, зөөллөсөн гэсэн нэмэлт тайлбарыг хийв.
Үг хэлсэн гишүүдийн зүгээс гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд зөвхөн Ерөнхий сайд мэдээлэл хийдэг байх, хуралдааны цагийг хойшлуулах шаардлагагүй, Үндсэн хуулийн цэцээс Улсын Их Хурал Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан ч гишүүдийн асуулт, хариулт авах эрхийг хасаж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 53,4 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэв
Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Засгийн газраас өнгөрөгч сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Коронавируст халдварын цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд үргэлжлэн нөлөөлөх шинжтэй байгааг харгалзан 2021 онд буцаад 22 хувь болж нэмэгдэх байсан НДШ-ийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ийг хүртэл өдрийг хүртэлх хугацаанд 17 хувиар буюу ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгал болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг нийт дүнгээр нь 3-5 нэгжээр бууруулахаар тооцсонтой холбогдуулах Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж байлаа.
Түүнчлэн, манай улсын мал сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрээд байгаа нь хүн амын хүнсний хэрэглээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй хэдий ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна. Иймд орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг ирэх оноос олгохоор төлөвлөж байгаатай холбогдуулан Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар малын тоо толгойн татварын орлогыг тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломж бүрдэх болно. Энэхүү хуулийн төсөлтэй уялдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг онцлов.
Мөн Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир спорт, соёлын салбарт хэрэгжүүлж байгаа санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл болон орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт төсвийн зарцуулалтын эрхийг эрүүл мэндийн даатгалын санд олгох, сумын эрүүл мэндийн төвийг 2021 оноос эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2020 оны 7 дугаар сард орсон өөрчлөлтөөр нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн асуудал Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон, орон нутаг дахь соёлын үйлчилгээ орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэгт шилжсэн, түүнчлэн малын тоо толгойн татвар нь сум, дүүргийн татварын орлогын бүрэлдэхүүнд хамрах болсон зэргээс шалтгаалан холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Концессын үр дүнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр төрийн эсхүл орон нутгийн өмчлөлд ирээдүйд тодорхой эд хөрөнгө бий болох ба энэхүү хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хамаарч байна. Иймд үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зорилгоор концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг төрийн худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх, үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлаас “концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг хасаж, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудалд хамруулахаар Засгийн газрын тухай хуулийн тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж танилцуулгад дурдлаа.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Байнгын хорооны санал, дүгнэлтдээ онцолсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдон Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, С.Чинзориг, Т.Доржханд, Х.Болорчулуун, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, Н.Наранбаатар, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Н.Ганибал, Н.Алтанхуяг, Ч.Ундрам, Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Засгийн газраас малын тоо толгойн албан татварын хуулийн төсөлд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас татварын хувь хэмжээг тогтоож, бүрдүүлсэн төсвөө зарцуулах асуудлыг шийдвэрлэх зарчмыг баримталсан. Өөрөөр хэлбэл, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж, малын үүлдэр угсааг сайжруулах, малын эрүүл мэндийн асуудал зэргээр зарцуулалтыг нь тодорхой заалгүй, сум орон нутгийн онцлогийг харгалзаж, төвлөрлийг сааруулж, иргэд өөрсдөө асуудлаа шийдвэрлэх эрхийг нээж өгөхөд чиглэсэн. Мөн албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өмчилсөн малаа хаана бүртгүүлсэн тэрхүү сум, дүүргийн төсөвтөө татвараа төлнө гэдгийг Сангийн сайд хариултдаа онцолсон. Мөн Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг хамгийн оновчтой, үр ашигтай ашиглах ёстой. Гадаадын их дээд сургуульд суралцах нэг оюутны төлбөр нэлээдгүй хөрөнгө болдог. Засгийн газрын зүгээс Монголын төр, хувийн хэвшил гэлтгүй Топ-10 их дээд, сургуулийг дэмжинэ гэсэн бодлогыг баримталж байна. Иймд Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг эдгээр сургуулиудад зарцуулна. Төсвийн нэг төгрөгийг ч оновчтой зарцуулах ёстой. Чанартай, чанаргүй 100 гаруй их дээд сургуулиуд олон айлын хөрөнгийг барж байна. Эцэг эхийн цалингийн зээл, мал хөрөнгийг зараад их, дээд сургуульд суралцсан хүүхдүүд чанаргүй боловсрол эзэмшиж, ажлын байрны шаардлага хангахгүй байгаа нь эдийн засгийн хувьд асар их хөрөнгийн буруу зарцуулалт болж байна гэдгийг Сангийн сайд хариултдаа онцлон тэмдэглэсэн.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудыг дагасан хуулийн төслүүдийн талаарх УИХ-ын гишүүдийн асуулт хариултаар чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.