АНУ-ын хэвлэлүүд Ерөнхийлөгч Д.Трампыг нууц мэдээллээ ОХУ-ын Гадаад хэргийн сайдад дэлгэсэн хэмээн сэрдэж, томоохон шуугиан дэгдээгээд байгаа. ОХУ-ын сайд Сергей Лавровыг Цагаан ордонд зочилж, уулзалт хийх үеэр Д.Трамп холбоотон орныхоо тагнуулын байгууллагын ирүүлсэн мэдээг түүнд дэлгэсэн гэдэг хардлага маш хүчтэй явж буй. Үүнийг Цагаан ордон, Д.Трамп, түүний зөвлөхүүдийн зүгээс удаа дараа няцаасан ч Ерөнхийлөгчөө ОХУ-тай холбоотой гэдэг итгэл үнэмшилтэй болчихоод буй америкчуудын дунд маш том эргэлзээ, үл итгэл үүсчихээд байна.
АНУ-д үүсээд буй энэ нөхцөл байдлын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үг унагахгүй байж чадсангүй. Тэрээр Италийн Ерөнхий сайдтай уулзсаны дараа хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ талаар дараах үгсийг зориуд хэлсэн байна. “АНУ улс төрийн шизофрен туссаныг бид харж байна. Улсынхаа Ерөнхийлөгчийг нууц задалсан гэж буруутгаж байгааг би өөрөөр тайлбарлаж чадахгүй нь. Оросын эсрэг уриа лоозонгоор АНУ-ын улс төрийг тогтворгүй болгож байгаа тэр нөхөд ямар ч утга учиргүй зүйл хийж байгаагаа нэг бол ойлгохгүй тэнэгүүд , эсвэл маш сайн ойлгож, энэ бүхнийг зориуд хийж байгаа. Хэрэв тийм бол тэд маш аюултай хүмүүс. Гэсэн ч энэ бол АНУ-ын дотоод асуудал. Бид хөндлөнгөөс оролцохыг хүсэхгүй байна” гээд америкчууд үнэхээр төрийн тэргүүндээ итгэхгүй байгаа бол бид уулзалтын протоколыг гаргаж өгч болох юм гэжээ.
Хэвлэлийнхнийг оролцуулаагүй хаалттай болсон хурлын үеэр Оросын тал протокол үйлдсэнийг Цагаан ордон мэдээгүй гэнэ. Харин оросууд уулзалтын үеэр аудио бичлэг хийгээгүй, харин протокол буюу бичгээр гаргаж өгч болох юм гэжээ. Д.Трамп, С.Лавров нарын уулзалтын үеэр нислэгийн аюулгүй байдал, терроризмын талаар ярьсан гэж Цагаан ордон мэдэгдэж байгаа. Харин хэвлэлүүдээр бол Д.Трампыг Исламын улс бүлэглэлийн тухай тагнуулын нууц мэдээллийг оросуудад өгсөн гэж сэрдэж байгаа билээ.
Б.Номун
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30046
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.