Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МҮЭХ/ өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийлээ.
Тус хурлаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Уурхайчдын ажил, амралтыг тэнцүүлэхгүй бол тэд ажил хаяна” гэдгийг мэдэгдлээ. Учир нь салбар яамнаас гаргасан тоо баримтаас харахад, жилд 4500 гэр бүл салж, 5000-6000 хүүхэд өнчиржээ. Сүүлийн таван жилийн хугацаанд Өмнөговь аймагт амиа хорлосон 76 иргэний ийм үйлдэл хийх болсон шалтгааны ихэнх хувийг эхнэр, нөхрийн хардалт эзэлсэн байна. Тиймээс уул уурхайн компанид ажиллаж байгаа хүмүүсийн ажил, амралтыг тэнцүү горимд шилжүүлэх шаардлагатай. Уртын ээлжид 14 хоног ажиллаж, долоо хоног амарч байна. Зарим нь бүр 180 хоног ажиллаж, 20 хоног амрах жишээтэй. Зургаан сар гэртээ ирэхгүй байх хооронд гэр бүлийн харилцаанд ямар ан цав гарах уу. Хэрэв энэ асуудлыг авч хэлэлцэхгүй бол уурхайчид ажил хаялтад нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн хэмээн тодруулав. Тиймээс дээрх хуулийн зарим заалттай холбогдуулан дөрвөн заалт бүхий санал хүргүүлж буй аж. Үүнд,
Нэгдүгээрт:
-Хамтын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ ажил олгогч, төрийн байгууллага, ажилтан биелүүлэхгүй тохиолдолд нөгөө тал нь сонирхлын маргааныг үүсгэдэг. Энэ хуулийн үйлчлэл нь өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд бий. Харин шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд сонирхлын маргааныг байхгүй болгох, сонирхлын маргаан үүсэх эрхийг хязгаарлах заалтыг оруулж байгаад МҮЭХ эсэргүүцэж байна
Хоёрдугаарт:
-Манай бүх салбар үйлдвэрчний холбоод тухайн салбарынхаа ажил олгогчийн эрхийг хамгаалах хүрээнд тус салбарын төр захиргааны байгууллагуудтай хэлэлцээр хийдэг. Харин шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд талуудын зохицуулалт алдагдаад байгаа юм. Тухайн салбарын төр захиргааны байгууллага буюу салбарын яам нь оролцохгүй байх зохицуулалтыг тусгасан. Хэрэв маргаан гарвал тухайн салбар нь хөндлөнгийн байдлаар буюу зохицуулагч хэлбэрээр оролцох зохицуулалтыг эсэргүүцэж байна. Төр өөрөө, хөдөлмөрийн харилцааг зохицуулах үндсэн үүргээсээ зайлсхийж байна гэж харж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа явах ёстой. Маргаанд салбар яам, салбарын ажил олгогч, үйлдвэрчний эвлэл орох ёстой гэсэн заалтыг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна.
Гуравдугаарт:
-Шинэчилсэн найруулгын хуулийн төслийн 76.3-т зааснаар “Зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажилтантай тохиролцсоны үндсэн дээр илүү цагаар ажиллуулж болно” гэх заалтыг хасах саналтай байна. Одоогийн хуулиар ажилтан илүү цагаар ажиллах асуудлыг тухайн ажилтантай тохиролцож шийдвэрийг гаргадаг. Шинэ хуулиар бол ажилтантай тохирохгүйгээр тухайн аж ахуйн нэгж байгууллага хэдэн цагаар ч хамаагүй илүү цагаар ажиллуулах нөхцөл бүрдэж болзошгүй байна.
Дөрөвдүгээрт:
-Уул, уурхайн салбарын ажилчид ээлжээр ажилладаг. Өөрөөр хэлбэл гэр орноосоо хол, удаан хугацаагаар хөдөлмөр эрхлэх нь сүүлийн хэдэн жил ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй явж ирсэн. Тиймээс үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах тохиролцоог хийсэн боловч хэд хоногоор ажиллаж, амрах вэ гэдэг дээр ажлын хэсгийнхэн санал нэгдэж чадсангүй.
Ийнхүү дээрх заалтыг уул, уурхайн олборлолтын 14 компанийн 3400 ажилчид гарын үсэг зурж, Өргөдлийн байнгын хороонд 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг болох хүсэлтийг өгсөн. Гэвч тус байнгын хороо татан буугдаж, ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна. Харин одоогоор энэхүү асуудлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хариуцаж байгаа аж.
Уг нь энэ асуудлаар буюу өмнө нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өөрчлөлт оруулах эсэхэд санал гарган МҮЭХ, Засгийн газар, Ажил олгогч, эздийн холбооны хамтарсан ажлын хэсэг ажиллаад, 2019 оны гуравдугаар сард УИХ-д өргөн барьсан. Үүний үндсэн дээр өнгөрсөн хугацаанд саналын зөрүүтэй байсан зарим асуудлуудад тохиролцоонд хүрсэн ч дараах хуулийн өөрчлөлт нь өмнөх хуулийн заалтаасаа дордох магадлал өндөр, хөдөлмөрийн харилцаа хэвийн явагдахад хүндэрч болзошгүй байгааг уурхайчид хөндөж буй юм. Тиймээс УИХ-ын холбогдох байнгын хороо, ажлын хэсэгт дахин ийнхүү хандаж, дээр тодруулсан дөрвөн заалт бүхий саналыг хүргүүлж байгаа аж.