Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдлоо

2020-10-8 Мэдээ, мэдээлэл

Засгийн газрын өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг Концессын тухай хуулийн дагуу гэрээний хэлцэл хийх шийдвэр гаргасан.

Ингээд тус оныхоо тавдугаар сарын 9-ний өдөр “Макс рөүд” ХХК-тай концессын гэрээ байгуулан Ерөнхий сайд орон нутагт ажиллах үеэрээ зам барилгын ажлыг эхлүүлж байв.

Харин бүтээн байгуулалтын ажил дуусаж, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам өнөөдөр ашиглалтад орлоо. Ингэснээр Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож байна.2008 оноос хойш таван удаа шав тавьж эхлүүлж байсан ч бүтэлгүйтдэг байсан Говь-Алтай-Баянхонгорын авто замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр 11 сарын турш тасралтгүй ажиллаж бэлэн болгожээ.

Хатуу хучилттай шинэ зам нь жилдээ зорчдог 400 мянга гаруй зорчигчдын болон ачаа тээврийн цагийг 2-2.5 дахин, бензин шатахууныг 30-40 хувь хэмнэх юм. Барилгын ажлын зөвлөхөөр “Аварга зам” ХХК ажиллажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.