Анагаах ухааны шинэ найдвар болсон ЗD хэвлэгчийн ачаар бас нэгэн дэвшилд хүрэхэд ойрхон иржээ. “Nature Communications” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар 3D принтерээр гаргаж авсан өндгөвчийг хулганы биед шилжүүлэн суулгаж, улмаар үр тогтоож, хоёр ч зулзага гаргажээ.
Нөхөн сэргээх анагаах ухаанд ихээхэн итгэл найдвар авчирсан энэ био хиймэл өндгөвчийг цаашдаа хорт хавдрын өвчтөнүүдийг эмчлэхэд томоохон дэвшил болно гэж эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж байна. Хэрэв хиймэл өндгөвчийг хүнд шилжүүлэх алсын зорилго амжилтад хүрвэл хорт хавдрын эмчилгээний улмаас үргүй болсон эмэгтэйчүүдэд өндгөвч суулгаж, үр тогтоох чадвартай болгох юм байна.
Эмэгтэй хүний нөхөн үржихүйн системийн хамгийн чухал хэсэг болсон өндгөвч нь сар бүр үр тогтоох боломжтой нэг өндөг боловсруулан гаргахаас гадна даавар ялгаруулж байдаг. Энэ чухал эрхтнийг яг хүний эд эрхтэн мэт хиймлээр хийхийн тулд эрдэмтэд 99 хувь нь ус, нэг хувь полимерээс бүрдэх гидрогел хэмээх материалаар өндгөвчний хальсыг хийж, түүнийгээ ашиглан 3D-гээр өндгөвчийг бүтээсэн байна.
3D хэвлэгчээр хүний эд эрхтэн, яс, булчинг хүртэл бий болгох туршилтыг амжилттай хийж байгаа ч хүний нөхөн үржихүйн системийн чухал хэсэг болсон өндгөвчийг хараахан гаргаж аваагүй байсан юм. Хулганад хийсэн амжилттай туршилтыг 4-5 жилийн хугацаанд хүн дээр хийх боломжтой гэж судлаачид найдаж буй аж. Гэхдээ эхний ээлжинд зөвхөн дааврын тэнцвэрийг хадгалах зорилгоор өндгөвчийг суулгах зорилго тавьж буй бөгөөд нөхөн үржихүйн хувьд ахиц дэвшилд хүрэхэд хугацаа шаардлагатай аж.
Б.Номун
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30046
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.