Монголчууд малынхаа амьсгаанаас бусдыг ашигладаг гэдэг шиг Монгол зэсийн орон л юм бол зэсийн хүдрээ бүрэн шавхаж ашиглаж чаддаг байх ёстой.
“П…”
Ерөнхийлөгч Элбэгдорж Тамгын газрын дарга Цагаанаа дуудаад “Чи юу хийгээд яваад байгаа юм? Эрдэнэтэд бизнес хийх гээд яваад байна гэж хүмүүс хэлээд байна. Намайг харддаг юм байгаа биз дээ?” гэж. П.Цагаан “Манай гэр бүлийн бизнес Тантай хамаатахгүй. Миний энд ажиллаж байгаа нь түүнд нөлөөлөх учиргүй юмсан. Хэрэв Та санаа зовоод байгаа бол би одоо гараад өөрийн бизнест Таныг хамаагүй гээд зарлачихъя л даа” гэж. Ерөнхийлөгч “П… минь тэгэхээр улам их хардаж, намайг балладаг юм байгаа биз дээ? Одоо наадхиа боль” гэжээ. П.Цагаан нь “Болихгүй” гэж…
Ингээд л хөөрхий П.Цагаан нь ажлаа өгсөн шиг байдаг. Оронд нь МҮДН-ын Ц.Баярсайхан болсон. Энэ 2016 оны 8 сарын бөгсөөр болсон явдал. Бид бол тэр зөрчлийг мэдээгүй, харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч нам дахь нөлөөгөө өргөтгөхийн тулд МҮДН-ын 2 сантийг л нэмж байна гэж таамагласан. Хэрэв мэдээлэл дутуу бол олонхи таамаг туршлагад үндэслэдэг. П.Цагааны азтай нь Эрдэнэтийн 49 хувийн будлианаас холуур байсан юм. Хэрэв хэвээрээ байсан бол одоо бүр ч их баалуулж байх учиртай…
Тухайн үед бид гайгүй харилцаатай байсан. Би ”Монцамэ” агентлагийн 95 жилийн ойн өмнө бас нэг гавьяаттай болчих санаатай хөөцөлдөж, түүнд П.Цагаан дарга их тус болж байв. Бүр зарлиг гарахын урд өдөр орж уулзахад хэдэн хүн гавьяат болж байгааг хэлж, Ерөнхийлөгчийн хувийн дугаарыг өгч ярихыг зөвлөж байсан билээ. Би ч санасандаа хүрсэн, харин П.Цагаан дарга хуульчийн хувьд манай шинэхэн гавьяаттай хамтарч “Монгол-Ойрддын их цааз”-ыг Галдан бошигт хааны болон Халимагийн Дондогдаш хааны нэмэлттэй нь бүрэн эхээр нь тод үсгээс буулган хэвлэж гавьяаг нь номоор мялаасан билээ. Нэгэнд нь хуульчийн нөгөөд нь бичгийн хүний амбиц байсан нь тэгэхэд цав хийтэл нийцсэн юм. Тэгээд огцорчихсон нь таагүй… Уг нь одон медалийн тал дээр манай агентлагийн үнэнч “холбоотон” байсан юм, цалин багатай төрийн албан хаагчийг урмаар тэтгэхийн чухлыг мэддэг байсан юм.
Өө нээрээ мартах шахаж, тэр “П” нь “Пяхлуу” юм. Эбэ уурлахаараа ингэж хэлдэг. Хэдий ижил мэргэжилтэй боловч арай ч У.Хүрэлсүх шиг “СТА” гэдэггүй юм аа… Гэхдээ л “П” үсэг эвгүй шүү! Гадаад үсгийн цагаан толгой ч яах вэ?
Хобби ашигтай…
П.Цагаан хэдий хуульч хүн боловч технологи их сонирхдог юм билээ. Хобби нь гэсэн үг. Газрын гүний дулаанаар байшин халаана гэж нэг хэсэг шуугиулсан. Өрнийн шинэ технологи. Түүний дараахан бас газрын гүнтэй холбогдсон нэг технологитой зууралдсан нь өнөөгийн “Ачит ихт” компанийг байгуулах санааг өгчээ.
Нэг үе хэсэг жүүдүүд ирж Эрдэнэтийн хаягдал шороог “угаах” гэж байга тухай шуугиж байсан даа… Үнэхээр тийм юм болжээ, гэхдээ англичууд байжээ.
Одоо Ерөнхийлөгчийн зөвлөх Лу.Болд АМХЭГ-ийн дарга байхдаа нэг өдөр “лааз өшиглөж” явсан П.Цагааныг дуудаад “Англичууд Эрдэнэтийн хаягдал отвалыг ашиглах талаар манайд ажиллах сонирхолтой юм байна. Хуулийн зөвлөх хэрэгтэй гэнэ. Мэдээж тэр нь “зохих” нөлөөтэй байвал сайн гэж байна, Та ажиллах уу?” гэж асуужээ.
П.Цагаан зөвшөөрчээ. Лу.Болд П.Цагаан хоср бол эртний хамтрагчид. П.Цагаан “Голомт” банкны Гүйцэтгэх захирал байгаад М.Энхсайханы Засгийн газарт Сангийн сайд болсон. Тэгээд нэг нь улстөрд, нөгөө нь бас улстөрд…
Англичууд гидрометаллургийн аргаар Эрдэнэтийн хаягдал овоолгоос цэвэр зэс ялгах үйлдвэр байгуулах төсөл боловсруулжээ. Ингэхдээ технологи нутагших эсэх, хэр боломжтойг нямбай судалсан байна. Тэр бүхэнд хуульчийн хувьд П.Цагаан оролцож технологийг нь сонирхож байжээ.
Бүх зүйл бэлэн болж, хоёрдугаар отвалд түшиглэн судалгаа хийж, ашиглах болоход Английн компани “Эрдэнэт” үйлдвэрээс хэдэн овоолго өгөхийг сонирхжээ. “Бирдийн нүдэнд далай харам” Эрдэнэт үйлдвэр “Эхлээд 2-р овоолгоо ашиглачих, тэгээд ярьж болно биз дээ” гэжээ. Англичууд болгоомжилжээ. Тэдэнд нэг отвал ашиглаад жаахан мөнгө хийх биш, нэлээд урт хугацааны тогтвортой төсөл хэрэгтэй байж. Тэгээд тохиролцож чадсангүй, эцэст нь хаяад Казахстан руу явчихжээ. Тэгээд тэнд үйлдвэрээ байгуулсан нь өдгөө ажиллаж байна.
Харин П.Цагаанд өнөө төсөл нь үлдсэн байна. Англичууд эргэж харалгүй явсан бололтой юм. Хэрэв технологи сонирхдоггүй хуульчид үлдсэн бол тэр төсөл хаягдал цаасанд явах байсан биз, харин П.Цагаан хэрэгжүүлэх нь зөв юм гэж үзжээ.
Ингээд ердөө хоёрдугаар овоолгод хөрөнгө оруулж, катодын зэсийн үйлдвэр байгуулахаар ажиллаж эхэлжээ. Эрдэнэтийн удирдлагуудтай уулзаж хоёрдугаар овоолгод хөрөнгө оруулж, үйлдвэр байгуулъя гэсэн санал тавихад нөгөөдүүл нь “Ээ дэмий дээ, шатна, Англичууд хүртэл ганц отвал ашиггүй гээд хаяад явчихсан” гэж чин сэтгэлээсээ зөвлөжээ. Муу санаж харамласан хэрэг биш, нэгэн үеийнхэн нөгөөгөө нүхэнд унахаас аврах гэсэн хэрэг. Тэгээд ч П.Цагаан бол nнженер биш хуульч, өөр салбарт ажилласан л даа, гэхдээ тэр нь банк байсан юм! Тэр тусмаа менежментийн чиглэлийн ажил…
Гэвч П.Цагаан зүтгэсээр ямар боловч зөвшөөрүүлж чаджээ. Тэгэхдээ бүр “Үйлдвэрийн борлуулалтын орлогоос 2 хувийн татвар (манайх роялти гэдэг) төлөх нөхцөлтэйгээр…” Эрдэнэтийн удирдлагууд энэ мөнгийг авна ч гэж бодоогүй байх. Энэ зуур өөрөө ЕТГ-ын дарга болж улстөрийн ажилд орсон тул эхнэр нь бизнес төслийг нь удирджээ.
Богино хугацаанд гадаадаас 20 гаруй тэрбум төгрөгтэй дүйцэх хөрөнгө босгож чаджээ. Түүгээрээ гидрометаллургийн хамгийн орчин үеийн технологийг оруулж иржээ. Гол нь боловсон хүчин!
Боловсон хүчин…
Энэ удаад энэ үгийг давхар утгатай хэрэглэж байна, учрыг уншаад ойлгоно биз. Социализмын материал техникийн баазаас илүүтэй мэргэжилтэй ажилчин, ажилтнууд манай улсын хамгийн “үнэт хөрөнгө” байсан юм.
Манай ид бүтээн байгуулалтын жилүүдэд ЗХУ-д 9 мянга гаруй ажилчин, инженер техникийн ажилтан курс дадлага, сургалтанд хамрагдаж, 7,5 мянган залуус ТМС-д суралцсан юм. БНАГерман Улсын сургуулиудад манай 370 гаруй оюутан, 30 гаруй аспирант, ТМС-д нь 690 гаруй залуус суралцсан, 2250 хүний мэргэжлийг дээшлүүлсэн. БНСЧСУ-д 1850 гаруй хүн мэргэжил дээшлүүлж, 320 гаруй хүн ТМС-д сурсан.Унгарт манай 500 гаруй иргэд улсад үйлдвэрлэлийн дадлага хийж, 100 залуус ТМС-д суралцаж мэргэжил эзэмшжээ. Бүр хамгийн баруунжсан ХБНСЮУ Улаанбаатарын савхин эдлэлийн, оёдлын үйлдвэр байгуулж өгөхдөө бүр ТЭЗҮ-ийг манай улсад үнэ төлбөргүй боловсруулж өгсөн ба 80 гаруй хүнийг Югославт үйлдвэрлэлийн дадлага хийлгэсэн байдаг. Үр дүнд нь газар тавихаар босоогоороо зогсож байдаг, бас нөгөө Оросын мафийн толгойлогчийн тухай онигоонд гардаг шиг АКА-аар буудахад нэвтэрдэггүй цагаан нэхий экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болсон билээ. Товчхондоо шинэ технологи, шинэ үйлдвэр бүр түүнийг ажиллуулах мэргжилтэй ажилчин ажилтныг шаарддаг. Бүр малчин Монголчууд хүртэл нэхий салхины технологийг “тариачдаас” сурч байсан хэрэг.
Социализмыг санагалзсан юм биш, гол нь “Ачит ихт” барууны технологийг эзэмшсэн инженер техникийн ажилтнуудыг хэрхэн сургав гэдэг л сонин. Сургууль байгуулаагүй, гадаадад сургаагүй, гадаадын мэргэжилтэн олноор уриагүй, дотоодод бэлтгэдэггүй атал…
Үнэндээ гидрометаллургийн зэс ялгах технологийг Монголчууд хэрэглээд удсан байв. “Эрдмин” үйлдвэр бол түрүү үеийн технологийг хэрэглэж катодын зэс үйлдвэрлээд удаж байна. Улсын мэдлийн үйлдвэр. Тус үйлдвэрт басхүү энэ технологийг нутагшуулах ажил хийгдсэн байв. Катодын зэсийн үйлдвэрийн шанг тэд татсан.
Тус үйлдвэр ажиллах хугацаанд инженер техникийн ажилтнууд, бас “Оюу толгой”-н төсөлд ажиллаж туршлагажсан Монголын мэргэжилтнүүд “Ачит Ихт”-ийн “олборлох” баяжуулах үйлдвэрийг байгуулжээ.
Сүүдэр нь гэвэл үйлдвэрийг барьж босголцсон зарим нөхөд “бослого гаргаж” удирдлагуудаа шахамдуулж, өөрсдөдөөө үйлдвэрийн хувьцааны тодорхой хувийг өгөхийг шаардсан байна. Хэрэв бид байгагүй бол Та нар үйлдвэрээ босгохгүй байсан, тиймээс хувь эзэмшүүл, үгүй бол бид ховор хүмүүс тул орхиод явлаа… Энэ бол чухамдаа эрүүгийн утгаараа “боловсон хүчин” байсан юм.
Энэ дотоод хямралыг туулж гарсан боловч толгойлогч нь бууж өгсөнгүй шилд гарчээ. Тэр нөхөр Ерөнхий сайдад садангийн сүлбээгээр “матаас” шивнэж, түүний улмаас 10 хувийг булааж ажил улстөрийн агуулгаар баяжжээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зөрчилд энэ үйл явдал нэг зэвсэг болж хувирчээ.
Ерөнхий сайд яг Тамгын газрын даргаа халахын өмнө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн болгоомжилж байсан тэр дайралтыг эхлүүлжээ. Ингээд “Ачит ихт” хадны завсар хавчуулагдчихжээ. Тэгээд хоёр талаас артиллерийн бэлтгэл хийхдээ тус компанийн нэр төр дээр цохилт өгдөг болжээ… П.Цагаан хаана байна, тэр газрыг онилж хөөцөлдөж байх зуур эхнэр нь компаниа босгоод авсан шиг…
Шинэ менежмент…
Тус үйлдвэрийн зохион байгуулалтыг харвал олон компанийн нэгдэл мэт харагдана. Хуучин ЗХУ-ын байгуулсан “Эрдэнэт” үйлдвэр нэгдсэн удирдлагатай, хэлтэс, албадаас бүтсэн ер нь Монголын компаниудын бүтэц одоо ч иймэрхүү. Харин “Ачит ихт” бол бие даасан олон компанийн нэг. Худалдааны компани тусдаа, толгой компани бас тусдаа. Гэхдээ захирах бус харин стратегийн хөгжлийн төлөвлөлт хийж өгдөг, тэгэхээр толгой гэх ч хаашаа… П.Цагааны ярих нь олборлогч ба зэс боловсруулах хэсгээ ч хоёр компани болгож салгах байсан юм гэнэ. Чухам иймээс өнгөрсөн хугацаанд цавчих гээд үзсэн нөхөд толгойг нь ололгүй мунгинасаар хөл дээр нь босгоод алдчихсан бололтой.
Хамгийн сүүлд АТГ энэ хавар, зунжин шалгаад юм ололгүй орхижээ. Дөнгөж амьсгаа аваад биднийг урьж юу хийснээ харуулж байгаа аж. Би ч тийш явахдаа Булганы айрагны баярт явж байна л гэж бодсон болохоос “Ачит ихт”-ийг сурвалжлах юм гэж мэдсэнгүй, гэвч вагоны купенд П.Цагаан даргатай таараад… гэвч хожимдсон байв. “Богоон зогсдоггүй” юм билээ.
Өмнө нь Эрдэнэтийн будлиантай холбоотойгоор бас л “эх орончоор” үзэн ядаж нэг бичсэн юм, ЗГ-ын талд шүү дээ. Түүнийг гарсны дараа П.Цагаан дарга залгаж бид утсаар цаг шахам яриад салсан. Тэгэхэд л тус компанийг чиглэсэн дайралтанд эргэлзэ төрсөн тул “үзээгүйгээ бичихгүй” гэж бүр мартсан юм…
Хоёрдугаар отвал…
Отвал ч гоё шүү! Би багадаа Налайхын хөх отвал дунд тоглож өссөн. Эрдэнэтийн отвал түүнтэй яаж зүйрлэх вэ? Нүсэр эд…
“Ачит ихт” компани хоёрдугаар отвалаас зэсийн уусмал ялгаж авч байна. Яаж зүгээр байх вэ? Яагаад нэгдүгээр отвалын ашигладаггүй юм гэж асууж амжив. Дарааллын хувьд нэгээсээ эхлэх ёстой биз дээ? Гэтэл нэгийн дор ихээхэн “нууц” булсан тул боломжгүй юм билээ. Машин техник, хаягдал, юм юмны үлдэгдэл… жишээ нь тэслэгч! Түүнээс нэгдүгээр отвал хоёроосоо ч нүсэр юм.
Уг нь их энгийн технологи юм. Хүхрийн хүчлийн уусмалыг отвалд шингээгээд түүнийг дороос нь урсгаж тусгай санд цуглуулаад тэр уусмалаа үйлдвэрт оруулж “тогонд цохиулаад” хавтан дээр зэсийн молекулыг наалдуулаад хавтан болгож авдаг.
Отвол руу шингээсэн уусмал яагаад хөрс рүүгээ шингэдэггүй юм бол? гэж асуув. Орчин үед бол дор нь тусгаарлагч дэвсээд хөрснөөс тусгаарлаж, ийм аргаар хаягдлаас зэс ялгадаг болсон аж. Харин 1970-аад онд энэ талаар бодож ч байсангүй. Тэр тусмаа Оросууд энэ технологийг ашиглахад цаг уурын нөхцөл таарахгүй гэж үздэгээс одоо ч хэрэглэдэггүй аж.
Гэхдээ Оросууд тийм ч “муу” хүмүүс биш ажээ. Ядаж л мэргэжлийн ёс зүйг барьж байж. Эрдэнэтийн баяжуулах технологид таарахгүй, агуулга багатай хүдрийг зөөж асгахдаа хоёр уулын дунд, хуучин ус, намагтай газрыг сонгожээ. Тиймээс шаварлаг хөрс отвалын чийгийг хөрсөнд үл шингээх байгалийн тусгаарлагч болжээ.
Гэвч энэ нь бас л асуудалтай. Зуны бороо, өвлийн цас хайлж нэвшээд зэсийн хүдрийг уусгаад шүүрэхдээ хөрсөнд шингэхгүй тул шууд “ногоон ус” болон үерлэж хавийг усанд автуулдаг байжээ. Тийм устай газар хүн мал ойртуулж болохгүй. Эрдэнэтийн орчим цагаан тоосноос гадна ногоон ус экологид дутахгүй хор нөлөө үзүүлж байжээ. Тиймээс ийм үйлдвэрүүд байгуулагдсанаар ногоон усыг аюул биш баялаг болгох боломжтой юм.
Одоо байгаа хоёр үйлдвэр л хангалттай. Отвалын өндөр 80 гаруй метр, цөөн жил ашиглаад хүдрийн агуулга муудсан тулд дахин зөөж 25 метр үелсэн хэлбэрт оруулж байна. Үлгэрлэвэл Египтийн пирамид шиг овоолгыг Майя нарын нарын сүм шиг болгож байна. Ингэснээр зэсийн хүдрийг бүрэн ашиглах юм. Учир нь Оросууд дараа ингэж ашиглана гэж тооцоогүйгээс хэт өндөр отвал татчихжээ.
Монголчууд малынхаа амьсгаанаас бусдыг ашигладаг гэдэг шиг Монгол зэсийн орон л юм бол зэсийн хүдрээ бүрэн шавхаж ашиглаж чаддаг байх ёстой.
Хамгийн сонирхолтой нь “Эрдэнэт”-ийг байгуулж өгсөн ах нарын ашиглаж чаддаггүй технологийг манайхан яаж ашиглаад байна вэ? Нэгэнт Оросууд гидрометаллургийг ашигладаггүй бол уул уурхайн сургуулиудад энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхгүй нь аргагүй. Гэвч манай техникийн их сургууль төгссөн инженерүүд мэргэжлээ сольж, “дээшлүүлснээс” гадна технологийг нь “монголчилж” чаджээ.
Тиймээс тус үйлдвэр жилд засварын хугацаанд сар орчим зогсоод, бусад хугацаанд ажиллаж байна. Ачит ихтийнхнийг Узбекууд залж, хуучны хаягдал овоолгуудаа ашиглахад туслаж, зөвлөөч гэж байгааг бодвол сүрхий төгс монголчилсон хэрэг, одоо Оросуудад ч заах нь…
1970-аад оны үйлдвэр өдгөө хуучирч хоцрогдсоны дээр тэр үеийн технологийн түвшнээс хамаарч бага агууламжтай зэсийн хүдэр уул болон хаягдаж байсныг шавхан боловсруулж байгаа нь өнөө л баялагтаа эзэн байх, сорчлох бус бүрэн дүүрэн ашиглах замаар байгаль орчноо бага сүйтгэж, нэгэнт сүйтгэсэн бол гаргаснаа тултал хэрэглэх, баялгийн нөөцөө бүрэн дүүрэн ашиглах манай үндэсний эрмэлзэлтэй нийцэж байна.
Эрдэнэт үйлдвэр зэсийн хүдэр экспортлодог бол “Ачит ихт” цэвэр зэс экспортлож байна. Тэр туслаа зургаан есийн сорьцтой аранжин зэс. 99,9999 хувийн цэвэр зэс гэсэн үг. Ийм зэсийг Лондоны биржид “премиум” гэдэг. Үндсэндээ тус биржийн цэвэр зэсэнд тавьдаг шаардлага бол 99,935 хувийн цэвэр зэс юм. Үүнээс дээш гарвал премиум болдог. Тус үйлдвэрийн гаргаж буй зэсийн чанарыг өөрсдөө бус, улс бус, харин Лондоны биржээс итгэмжлэгдсэн ОУ-ын лабортори тогтоодог юм. Монголын ийм өндөр чанарын 10 мянган тонн зэс Лондоны биржид тус компанийн нэрээр гарч байна. Энэ хэрээр улсын экспортын орлого өсдөг. Үнэндээ хаягдлаас шижир ялгаад олж буй орлого энэ.
Лабораторийн сорьцын бэлдмэл хуучны 20 мөнгөний зоосын хэр улаан зэсийн дээр “AIG” гэсэн бичгийг цохижээ. Түүнээс гурвыг авав, гэртээ хариад усны ваарандаа хийчихье, Монголчууд эртнээс зэс домбонд цайгаа хийдэг байсан. Түүн лүгээ адил аранжин зэсээр “баяжуулсан” цай ууя даа…
П.Цагаан даргыгодоокомпанидаа ямар ажилтайгасуувал “Эд нар маань мөнгө олдог, харин би түүнийг хэрхэн үрэн таран хийх аргыг заадаг ажилтай” гэж хошигнов.
Олж байгаа мөнгийг нь мөсөн ордон барьж, байт сурын спортыг дэмжиж үрж туслаж байгаа ажээ. Урианхай хүн тул суранд хорхойтой бололтой, Мөсөн ордны тухайд бүү мэд, Тагнын урианхай нар тэшүүрт бус цананд сүрхий л гэдэг. Бас сая наадмаар жаал мөнгө үрж өгчээ.
“Хэро студи” наадам зохион байгуулаад мөнгө идээд баяжиж байна гэж цуурч байхад хөөрхийс төсөвлөсөн мөнгө нь хүрэхгүй бадар барьж яваад эцэст нь“Ачит Ихт”-д хандаж нэлээд зардлаа шийдүүлжээ. Одоо ч наадмын ажлын өр нэхэгдэж сандарч байгаа ч “Тэвдэж явахад тэмээ”-гээр тусласан ач ихтэй “Ачит Ихт”-ийн ачийг хариулж, юу хийж бүтээснийг наадам үзэж магнай нь тэнийсэн олонд харуулах гэж явсан нь энэ аж.
Нийтэлч Баатархуяг
15 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87383
30509
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.