Хүүхэд зуурдаар хорвоог орхиж гэнэ. Тэнд ямар нэгэн шалтгаан байгаа. Хүүхэд машинд дайруулж гэнэ. Хойт аав нь бяцхан охиноо хүчирхийлж гэнэ. Бяцхан зүрх зогсож гэнэ…
Тийм ээ, энэ нийгмийн зүрх бүхэн, үндэстэй болгон ердөө ганц, хоёр хоног шаналаад энэ сэдвийг мартчихаад байна. Монгол төрийн шаналал ердөө ганц, хоёр хоногоор хязгаарлагдаад байна. Нөгөө талд монгол хүний санах ой тэгтлээ саарсан уу, аливаа асуудлыг бултаараа хашгирч чинээнд нь тулгачихаад тэгсхийгээд орхидог хамгийн муу зуршилтай болж. Бидэнд хөндсөн асуудлаа цэгцэлж, эцсийн шийдэлд цэг тавих тууштай чадвар алга. Ам хэлээ билүүдэж чаддаг шигээ асуудалд Яагаад тэгж хандаж чаддаггүй юм бэ?
Олныг сэртхийлгэсэн хэрэг явдал гарахаар л хэдхэн хоног шуугиад тэгсхийгээд намжих нийгэм. Сонгогчидоосоо дараагийн парламентын “тийз” өвөртлөх гэсэн цагаан захтнууд. Ууж идсэндээ хахаж цацсан олигархиуд. Газрын баялагт хар нүдээ ч ухаж өгөхөөс сийхгүй хүн дүрст “араатан”-ууд. Хэрэг явдлыг сэмхэн намжаах гэсэн эрх баригчид. Энэ бол өнөөгийн Монгол Улсын бузар төрх. Харин энэ бүхний нөгөө талд жирийн иргэн бидний аюулгүй, амьд явах үндсэн эрх зөрчигдсөөр байна. Ялангуяа, бяцхан иргэдийн тухайд. Шулуухан хэлэхэд, Монголын төрд ирээдүйн эздийнхээ төлөө цохилох зүрх байна уу. Яагаад бидний амин зүрхний уяа болсон үрс минь өдөр болгон аймшигт араатнуудын гарт сүйдээд байна вэ. Яагаад Монгол Улс хүүхдээ хайхрахгүй, тэднийг хамгаалж чадахгүй, тэднийхээ төлөө дорвитой шийдвэр гаргахгүй байна вэ. Яагаад үрс минь тамлал гээчийн хамгийн харгисыг бяцхан биеэрээ туулна вэ. Яагаад томчуудын буруутай үйлдлийн төлөөсөнд дандаа бяцхан зүрх зогсоно вэ…
Өр эмтэрч, зүрх шимширмээр яасан харгис нийгэм, ямар дүлий төр засгийг БИД өөрсдийн гараар бүтээж буйгаа мэдэхгүй явсаар туйлдаа хүрэх нь. Өглөө бүхнийг хар мэдээгээр угтах энэ нийгэмдээ монголчууд бултаараа дасал болчихож. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л, есөн настай Э охин духандаа хөхөрсөн шархтайгаар нас барсан байсныг иргэдийн дуудлагаар холбогдох албаныхан очсон байдаг. Хэргийн газраас хараа архины шил, пивоны лааз зэргийг хураан авч 36 настай Б-г цагдан хорьжээ. Үнэндээ хөөрхий охин хойт эцгийнхээ гарт ийнхүү амиа алдав. Тэр нас барахаасаа гуравхан сарын өмнө хорооныхоо нийгмийн ажилтан болон ээжийнхээ хамт Гэмтлийн эмнэлэгт очин дөрөв, таван хавирга нь хугарсныг мэдсэн. Мөн энэ явдлаас бас л гуравхан сарын дараа хөөрхий охин өөрөө 102-т дуудлага өгсөн байдаг. Гэвч эмнэлэгт хүрч чадсангүй, түргэн тусламжийн машинд түүний зүрх зогслоо. Амьдрахын төлөө зүтгэсэн энхрий үр өөрөө гэрээсээ зугтсан, өөрөө эмнэлэгт дуудлага өгсөн…үүнээс өөрөөр яаж тэмцэх юм бэ? Тэр ямар том хүн үү, түүний дэргэд хэн байсан юм бэ. Тэр энэ гэр бүлийн хувьд, энэ улс орны хувьд, нулимсан дээр нь амьдарсан ээжийнхээ хувьд, орхиод явсан аавынхаа хувьд, зодсоор байж үхэлд хүргэсэн хойд эцгийнхээ хувьд хэн байв? Яагаад хүний амь ийм үнэгүй, хүүхдийн нулимс ийм элбэг болчихсон хорвоо вэ.
Тийм ээ, яасан хэцүү цаг үе вэ. Өлгийтэй нярайг хана мөргүүлж тогоо руу шидэж хөмсгийг нь сэтэлж хараанд нь өөрчлөлт оруулчихаад 2-5 настай ах нарыг нь хазаж элэгдэж заазуурдсан араатныг хүний ертөнцөд амьд байлгах ямар хэрэгтэй юм бэ. Төр төмөр нударгатай гэлцдэг биш бил үү. 13 настай турьхан охиныг 40 хүрч яваа төрсөн ах нь хүчирхийлсэн хэргийн талаар нэг хэсэг бөөнөөрөө “шуураад” өнгөрсөн. Бас л 13 настай охиныг 20 гаруйхан настай гурван залуу буудалд оруулж байгаад архи цутган хүчирхийлээд амь насыг нь хөнөөсөн хэрэг өнөөдөр ч шийдэгдээгүй байна. Хэдхэн жилийн өмнө хойд эцэгтээ зодуулж, дарамтлуулдаг байсан 11 настай хүү эрүүлжүүлэхээс удахгүй гарах ааваасаа айхдаа хөшигнөөсөө өөрийгөө боомилж амиа хорлосон эмгэнэлтэй хэрэг гарсан. Бид үүнийг “мартсан”. Мөн энэ оны эхээр архичин эцэгтээ зодуулж, заазуурдуулчихаад цусаа гоожуулан дүүгээ тэврэн зогсохдоо дусал ч нулимс унагахгүй «Би том болоод бөх болно» гээд зогсох Идрээ хүүгийн талаарх дүрс бичлэгийг үзээд нийгэм тэр аяараа яргачин эцгийг жигшсэн. Үүнийг ч мөн өнөөдөр “мартав”. Сайншандад гэрээсээ гараад сураггүй болсон 10 наст, хонины бэлчээрт алга болсон хоёр наст, хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн таван наст, хэдхэн хоногийн өмнө ЕБС-ийн хөл бөмбөгийн хаалганд дарагдаж амиа алдсан 11 наст, орцондоо хөөгдөж шалдан зогссон дөрвөн наст гээд сэтгэл сэртхийлгэсэн аймшигт хэргүүдийг жагсаавал хэдэн хуудас болохыг хэн ч таашгүй. Ядаж баячууд нь хүний жаахан үрийн амь насаар дэнчин тавин байж хахир цаг гэлтгүй хурдан морины нуруун дээр хэнэг ч үгүй суулгаж орхино. Тэгээд л хэдхэн цагийн цэнгэлээс болж насаараа тахир дутуу болчихоод харамсаж халаглаж суугаа хүүхдүүд цөөнгүй. Гэтэл төр засаг нь баячуудын энэ мэтчилэн зугааг албан ёсоор дэмжсээр л байх уу…
Эцэст нь хэлэхэд, жил бүр 320-411 хүн зам тээврийн ослоор нас барж байгаагийн 18-20 хувь нь хүүхэд. Жилд 210 орчим хүүхэд насан туршийн эрэмдэг, хөгжлийн бэрхшээлтэй болдог гэнэ. Тэдэнд тайван өсч өндийх боломж нөхцөл ярвигтай байгаа нь өнөөдрийн нийгмийн бодит үнэн. Ядаж л байрны гадаа хүүхдэд оногдох зай талбай өдрөөс өдөрт хумигдсаар байна. Учиргүй сайхан тансаг хаус, үнэтэй байрнуудын гадаа л тийм зай талбай нь байна уу гэхээс жирийн иргэдийн гадаа хомсхон юм. Харамсалтай нь ийм амьдралыг төр нь харсан ч хараагүй мэт чимээ алдарсаар л. Эрх баригчдын албан тушаалын хэрүүл бяцхан хүүхдүүдийн зовлонг алгассаар л. Нэг үгээр хүүхдийн аюулгүй амьдрах нөхцөл бүх талаараа булшлагдчихаад байна. Энэ асуудлыг л түмэнд түгээж, төр засгийн санах ойд суулгаж өгөх хэрэгтэй байна, монголчууд аа.
О.ГЭРЭЛ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.