Оны эхнээс эмнэлгүүд хагас бие даасан байдал руу үе шаттай шилжинэ

2020-09-21 Мэдээ мэдээлэл
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЭМЯ-нд ажиллаж эрүүл мэндийн салбар 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай биечлэн танилцлаа.

Ковид-19

Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 халдварыг дотооддоо алдахгүй байх, дотроо алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авч, хохирол багатайгаар даван туулах вэ гэсэн зарчмыг барьж ажиллаж байна.

Дотооддоо алдах эрсдэлийг багасгахын тулд оношилгооны лабораториудыг нэмж байгуулж байна. ХӨСҮТ-ийн Биоаюулгүй байдлын 3 дугаар зэрэглэлийн лабораторийг 12 дугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  Сэлэнгэ, Замын-Үүд, Дорнод аймгийн лабораториудыг өргөтгөнө. ХӨСҮТ-ийн орны нөөцийг 450 болгон нэмэгдүүллээ.

1) Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг;

2) АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг;

3) Улсын Гуравдугаар төв эмнэлэг (Мэдрэлийн тасаг);

4) Нийслэлийн 9 дүүргийн болон 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг нийт 1000 орчим нэр төрлийн 11500 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн КОВИД-19 халдварын тархалтыг удаашруулж, хязгаарлах, нийгмийн эрүүл мэндийн цаашдын яаралтай тусламж, үйлчилгээний бэлэн байдлын чадавх болон хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ.

2020 оноос хийж эхлүүлсэн ажил

1. Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, иргэдийг өвдсөний дараа биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлдэг, хүндрэхээс нь өмнө эрт илрүүлж эмчилдэг болгохоор  нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв” байгуулах тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах  үйл ажиллагааг  зохион байгуулж байна.

2. Бүх шатны эмнэлэг, эмийн сан, эрүүл мэндийн салбар, иргэнийг холбосон цахим нэгдсэн сүлжээг бий болгох зорилт тавин дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

·Олон улсын жишигт хүрч хөгжихийн тулд ухаалаг засаглалыг салбарын хэмжээнд нэвтрүүлж, Иргэн -эмнэлэг -эрүүл мэндийн салбарыг холбосон цахим сүлжээг бий болгож байна.

·Эмнэлгүүдийн цаг товлох , иргэнд эргэн мэдээлэх, оношилгоо, шинжилгээний цахим үйлчилгээ,  түүнчлэн өвчтөн шилжүүлэх цахим тогтолцоо зэрэг бусад, цахим  үйлчилгээг 9 дүүргийн  нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд нэвтрүүлээд байна. Цаашид улсын хэмжээнд бүх эмнэлгүүдэд нэвтрүүлнэ.

·Эмийн үнийн мэдээ, эмнэлгийн мэргэжилтний танилцуулга, тусгай зөвшөөрөл болон магадлан итгэмжлэл авсан байгууллагуудын талаарх мэдээлэл зэргийг олон нийтэд  ил тод мэдээлэх ажлыг эхлүүлсэн.

3.Эмийн үнийн хөнгөлөлт:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хөнгөлөлттэй эмийн жорыг бүх эмийн сангуудаар олгох, үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зохицуулалт хийж байна.

4.Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгоно:

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөж одоо байгаа тогтолцоог нэг худалдан авагчийн тогтолцоо руу шилжилт хийгдэнэ. Санхүүжилтийн тогтолцоогоо дагаад эмнэлгүүдэд үүсч буй шаардлагагүй хэвтэлт буурна. Эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авч, эмч  ажиллагсдадаа ажлын үр дүнтэй уялдуулан цалинжуулах боломж нээгдэнэ.

5.Эмнэлгийн  хагас бие даасан байдал:

2021 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн  эмнэлгүүд хагас бие даасан байдал руу  үе шаттай шилжинэ. Хагас бие даасан байдалд шилжсэнээр  эмнэлэг төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, хүн амд хүргэж буй эмнэлгийн тусламж үйлчилгээгээ сайжруулах, санхүүгийн болон бусад нөөц, боломжоо зөв удирдан зохицуулах,  байгууллагын хөгжлийг хангахад түлхэц өгсөн өөрчлөлт шинэчлэлт хийгдэх юм.

2024 онд дараах үр дүнд хүрнэ

  • Иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд  хамрагдалтыг хувийг 70-аас дээш хувьд хүргэсэн байна.
  • Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын бэлэн байдал, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн улсын алба-Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-г бүрдүүлэн үйл ажиллагааг тогтмолжуулсан байна.
  • Осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг сумын түвшинд бэхжүүлж яаралтай тусламжийн 30 салбарыг байгуулан, яаралтай тусламжийн үндэсний  тогтолцоог  бүрэн цахимжуулж, хүний нөөц машин тоног төхөөрөмжөөр лавлагаа болон анхан шатны байгууллагуудыг ханган, агаарын үйлчилгээг нэвтрүүлсэн шинэчлэлийг хийсэн байна.
  • Улсын хэмжээнд нэгдсэн эмнэлгийн бүсчилсэн тогтолцоог байгуулан, эмнэлгийн тусламжийн шатлал хоорондын уялдаа холбоог ханган, тусламж үйлчилгээний төвлөрлийг бууруулан, иргэнээ дагасан тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангасан тогтолцоог бүрдүүлсэн байна.
  • Эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулж, үндэсний эрүүл мэндийн мэдээллийн санг бүрдүүлж, иргэн оршин байгаа газраасаа үл шалтгаалан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй авдаг болсон байна.
  • “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар”  байгуулагдаж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдлыг хангах, хангамж хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийн зохицуулалт хийх үйл ажиллагаа тогтмолжсон байна.
  • Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог шинэчлэн, салбарын хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлсэн байна.
  • Төрөлжсөн мэргэшлийн болон нэгдсэн эмнэлгүүд хагас бие даасан байдалд бүрэн шилжиж,  гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн арга хэлбэрийг нэвтрүүлж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн байна.

PACS

Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний дүрс архивлан хадгалах  солилцох “PACS” системийг нэвтрүүлээд байна. Энэхүү систем нь Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хөвсгөл,Увс аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг нэгдсэн сүлжээнд холбох юм. Үүний үр дүнд дүрс оношилгооны төхөөрөмжөөр авсан зургийг анхан шатны эмнэлгээс лавлагаа шатлалын эмнэлэгт өндөр хурдны сүлжээгээр дүрсний чанарыг алдагдалгүйгээр дамжуулан оношилгоо, эмчилгээнд ашиглах боломжтой болж байгаа юм.  Уг төсөл нь Дэлхийн банкны 1.8 сая долларын санхүүжилтээр хэрэгжиж байгаа бөгөөд төслийн 1.4 сая доллар нь дата центерийн тоног төхөөрөмж, үлдсэн 400 мянган доллар нь эмнэлгүүдэд суурилуулж байгаа тусгай зохицуулалтын компьютер юм.

CALL CENTER

Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 5 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог. Тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг. Энэ хүндрэлтэй байдлыг арилгах чиглэлээр Эрүүл мэндийн сайд санаачлан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг ашиглалтад оруулаад байна. Тус төв энэ сарын нэгнээс туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэдээс нийт 8000 гаруй дуудлага хүлээн аваад байна.

Дуудлагын төвд хандсан нийт иргэдийн 90.6 хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авч чадсан байна.  “1800-0119” төвд эхний ээлжинд төрөлжсөн есөн эмнэлэг есөн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд холбогдоод байна. Ирэх сардаа багтааж гэхэд 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг холбохоор ажиллаж байна. Цаг авах нэгдсэн системтэй болсноор иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайжрах юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.