Шинэ коронавирусийн цар тахлын улмаас 2020-2021 оны хичээлийн жилийг шинэ горимоор зохион байгуулахаар төлөвлөөд байгааг Боловсрол, шинжлэх ухааны яам мэдээлж байсан билээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар БШУЯ-ны гаргасан шийдвэрүүдийг хэлэлцсэн байна. Ингэхдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэг ангид байх тоог 20-25 байлгахын тулд хичээлийн гурван өдрийг танхимаар, хоёр өдрийг гэртээ теле хичээл үзэх горимыг есдүгээр сарын 21-н хүртэл хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөө гаргасан байна. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед сурагчдын тооны хязгаартай ч танхимын хичээлд бүрэн хамрагдуулахын тулд ингэж хуваахаас өөр аргагүй байгаа асуудал хуралдааны үеэр яригджээ. Тухайлбал, 50 сурагчтай ангийг хоёр хувааж өөр өөр цагт хичээллүүлэх юм байна. Багш нарын хувьд ажлын таван өдрөө бүтэн ажиллана.
Нийслэлийн сурагчдын хувьд есдүгээр сарын 21-н хүртэл дээрх горимоор хичээллэх бол орон нутгийн сурагчдыг есдүгээр сарын 14-н хүртэл (3 ба 2 горимоор) хичээллүүлэх юм байна. Түүнээс хойш сурагчдыг таван өдөр танхимын хичээлд нь хамрагдуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж танхимаар гурван өдөр, теле хичээлийг хоёр өдөр үзэх горимыг сунгах эсэх нөхцөл байдлыг дахин хэлэлцээд явах талаар эх сурвалж мэдээллээ.
Есдүгээр сарын 14-нээс мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээл эхлэх бол их, дээд сургуулийн хичээл аравдугаар сарын 1-5-ны хооронд эхлэх төлөвлөгөө одоогоор хэвээр байна.
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.