Хичээлийн шинэ жилийн нээлт хийхийг хориглолоо

2020-08-19 Боловсрол

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын зөвлөмжийг гаргажээ.

Нийтлэг мөрдөх зөвлөмж

Бэлтгэл байдлыг хангах талаар:

  • Хичээл эхлэхээс өмнө халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар сургуулийн дотоод болон гадаад орчны   халдваргүйжүүлэлтийг хийлгэх;
  • ЭМС-ийн 2017 оны 145 дугаар тушаал “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-ын дагуу багш, ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр хамруулах;
  • Сургуулийн хоол үйлдвэрлэлийн байрны бэлэн байдлыг хангах;
  • Сургуулийн байгууллагад цэвэрлэгээ үйлчилгээний багаж хэрэгслийн тоо хэмжээ, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, ажилтны хөдөлмөр хамгаалах хувцас хэрэгслийн тооцоог гаргаж, бэлэн байдлыг хангах;
  • Байгууллагын эмчийн өрөөнд шаардлагатай эм, багаж хэрэгсэл (зайнаас халуун хэмжигч, пульсоксиметр, даралтын аппарат, автомакс зэрэг), хамгаалах хувцас хэрэгсэл (нэг удаагийн малгай, улавч, бээлий, N95 шүүлтүүртэй болон нэг удаагийн амны хаалт, конбинзон, гутал, хормогч зэрэг), цэвэрлэх цомог (салфетка, нойлын цаас, халдваргүйжүүлэх уусмалтай шүршигч сав, зузаан бээлий, хогийн жижиг уут зэрэг),  ариутгах, халдваргүйжүүлэх бодисын нөөцийг бэлтгэх;
  • Шаардлагатай цэгүүдэд (ариун цэврийн өрөө, нийтийн эзэмшлийн талбай, хоол үйлдвэрлэх хэсэг, хувцас өлгөх, хурлын танхим, анги танхим бүрд, орох гарах хаалганы хажууд)  гар халдваргүйжүүлэх уусмалыг байршуулах;
  • Байгууллагад гар угаах нөхцөлийг бүрдүүлж, угаалтуур бүрд гар угаах, халдваргүйжүүлэх заавар, шингэн саван, гар арчих салфеткыг байршуулах,
  • Халдварын сэжигтэй тохиолдол илрэх үед шуурхай мэдээлэх, тусгаарлах, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөх, хариу арга хэмжээний зураглал, маршрутыг дэлгэрэнгүй гаргаж, бэлтгэсэн байх;
  • Коронавируст халдвар (КОВИД 19)-аас сэргийлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар багш ажилчид, оюутан сурагч, эцэг эхэд зохион байгуулахаар сургалтын төлөвлөгөө, хуваарийг гаргасан байх.
  • Коронавируст халдвар (КОВИД 19)-аас сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах;
  • Нийтийг хамарсан хурал, цуглаан, тэмцээн, уралдаан, хичээлийн шинэ жилийн нээлт, урлаг соёлын арга хэмжээ зэрэг тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг хориглох;
  • Сургууль руу орох, гарах хөдөлгөөнийг бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулах;
  • Танхимын хичээлийг 20-оос дээшгүй хүнтэйгээр богиносгосон цагаар зохион байгуулж, сандал хоорондын зайг 1-1.5 метр байхаар тооцох;
  • Танхим, заалны агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэх,
  • Бөөгнөрөл үүсэхээс сэргийлж, хичээл эхлэх, завсарлах, дуусах хугацааг анги, бүлэг бүрд ялгаатай тогтоож мөрдөх;
  • Танхимд хичээллэж байгаа үед суралцагчид суудал сольж суухгүй байх, анги сэлгэж хичээллэхгүй байх;
  • Биеийн тамирын болон урлаг заал, хурлын танхим зэрэгт агааржуулалт тогтмол хийх боломжтой болгох;
  • Дотуур байранд өрөөний 50 хувийг ашиглахаар тавилга, эд зүйлсийг байрлуулах, гадны хүн оруулахгүй байх, орсон тохиолдолд дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж байх;
  • Цэцэрлэг, хүүхэд харах газарт хүүхдийн толгойг нийлүүлж унтуулахгүй, орыг зайтай байлгах;
  • Амны хаалтыг тогтмол  зүүх;
  • Багш ажилчид, оюутан сурагч, хүүхдүүдийн халууныг өдөр бүр зайнаас халуун хэмжигчээр хэмжиж, тэмдэглэл хөтөлж байх, гаргасан төлөвлөгөө, хуваарийн дагуу Коронавируст халдвар (КОВИД 19)-аас сэргийлэх сургалтыг зохион байгуулах.
  • Өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээнд ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисыг хэрэглэх;
  • Шаардлагатай үед хэрэглэх ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2020 оны А/125, А-69, А/143 дугаар тушаалаар батлагдсан тусгай зөвшөөрөлтэй бодис хэрэглэх;
  • Сургуулийн дотоод болон гадаад орчны халдваргүйжүүлэлтийг улирал бүр халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх;
  • Амны хаалт хэрэглэх боломжгүй тохиолдолд (астма, зүрх судасны зэрэг бусад өвчтэй), багш нар хичээл заахдаа болон  биеийн тамирын хичээл, биеийн хүчний ажил хийх зэрэгт амны хаалтыг хэрэглэлгүй нүүрний хаалт хэрэглэж болно. Нүүрний хаалтыг өдөр бүр угааж, цэвэрлэж байх.

Халдварын эрсдэлээс сэргийлэх талаар:

–          Амны хаалт зүүх, хувийн ариун цэврийг сайн сахих, гараа савангаар хөөсрүүлж, угаах, ханиаж найтаахдаа тохойн дотор тал руу ханиах, гараа халдваргүйжүүлэх талаар зөвлөгөөг багш нар оюутан сурагчдад байнга өгөх

–          Нийтийн эзэмшлийн газар, гудамж талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх;

Тусгайлсан шаардлага:

Цэвэрлэгээ хийх талаар:

  • Цэвэрлэгээ, үйлчилгээний хяналтын хуудас гаргаж, байнга шалгаж байх;
  • Хичээл эхлэхээс өмнө болон дараа нийтийн талбай, анги танхимд цэвэрлэгээ хийх;

–          Ариун цэврийн өрөө, тосгуур, хөтөвч, угаалтуур, суултуур зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор 2 цаг тутам, бохирдсон тохиолдол бүрт цэвэрлэх;

–          Ил бөөлжис, нус, цэр, ялгадсыг салфетка, нойлын цаасыг ашиглан арчиж, халдваргүйжүүлэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйжүүлэх;

  • Цэвэрлэгээг хамгийн дээд хэсэгт байрлаж буй зүйлээс эхэлж, дээрээс доош нь  чиглэлтэйгээр хийх;
  • Аливаа эд зүйлсийн дээд тал, хөндий, доод хэсэг, паар, шалны завсар зэргийг сайтар цэвэрлэж, хог хаягдлыг зайлуулж байх;
  • Хивс, хивсэнцэр, буйдан зэрэг зүйлсийг тоос сорогч ашиглан сайтар цэвэрлэнэ. Халдварт өвчин гарсан тохиолдолд аль болох хивс, хивсэнцэр ашиглахгүй байх;
  • Олон хүний гар хүрч амархан бохирддог компьютерийн гар, залгуур, хаалганы бариул, унтраагуур, цахилгаан шатны дотор орчин, цахилгаан шатны товчлуур, ширээ, шатны бариул, зурагтын удирдлага, номын тавиур, цонхны бариул, сандлын түшлэг, нийтийн заалны сандал зэргийг тогтмол цэвэрлэж байх;
  • Дотуур байр, цэцэрлэгийн орны цагаан хэрэглэл, бүтээлэг, гар нүүрийн алчуур зэрэг зөөлөн эдлэлийг агаарт сэгсэрч, агаарын хөдөлгөөн үүсгэхгүйгээр хумьж аван, сайтар угааж, цэвэрлэхийг зөвлөх;
  • Угаах боломжгүй орны зөөлөн эдлэл болох хөнжил, гудас, бүтээлэг, дэр зэргийг дотуур байр, хүүхдийн байгууллага зэрэгт гадаад орчинд гөвж сэгсрэх, нарны гэрэлд байлгах;
  • Цонхны хөшиг, ширээ, суудлын бүтээлэг зэрэг зөөлөн эдлэлийг 7 хоног бүр угааж индүүдэх;
  • Хүүхдийн тоглоомыг угааж цэвэрлэн 2 хувийн содны уусмалаар халдваргүйжүүлэх, угааж цэвэрлэх боломжгүй тоглоомыг хэрэглэхгүй байх;
  • Анги, танхимын хогийн савыг дүүргэлгүй суллаж, өдөр бүр угааж цэвэрлэж байх;
  • Сургуулийн хоол үйлдвэрлэлийн хэсэгт хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, савлалтын үед хүнсний аюулгүй байдалд тавих хяналтын ерөнхий зарчмыг баримтлах;
  • Гадаад орчинд ил задгай хог хаягдлын хуримтлал үүсгэхгүйгээр хогийн савны тоо, хэмжээ, хоорондын зайг тооцож байршуулан, хогийн сав, хогийн бункерээс хог хаягдлыг хуваарийн дагуу ачиж зайлуулах, шаардлагатай тохиолдолд халдваргүйжүүлэлт хийлгэж байх;
  • Хэрэглэсэн амны хаалт, хог хаягдлыг тагтай хогийн саванд хаях, ил задгай хаяхгүй байх;
  • Тоглоомын талбай, сандал, сүүдрэвч, гадаа шатны бариул, орцны хаалга, хаалганы бариул, автомат цоожны товчлуур зэргийг тогтмол цэвэрлэх;
  • Төвлөрсөн бус зөөврийн усан хангамжтай тохиолдолд усны машины емкост,  нөөцлөх савыг өдөр бүр усыг шавхах ба улиралд 1 удаа халдваргүйжүүлэлт хийж, халдваргүйжүүлэх бодисын үлдэгдэлгүй болтол цэвэр усаар сайтар зайлах арга хэмжээ авах;

–          Энгийн бие засах газар, хогийн цэг зэргийг хаврын улиралд 4-5 сар, намрын улиралд 7-9 саруудад авгалдай устгах, халдваргүйжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэх.

Хүнс, хоолны эрүүл ахуйн талаар:

–          Үдийн цай уухын өмнө хүүхэд, сурагчдын гарыг угаалгаж, хэвшүүлэх;

–          Өдөр тутмын хоолны орц, бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарах;

–          Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хүүхдэдээ хүний уусан аяганаас уухгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж ойлгуулах.

Халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ:

–          Багш, сурагчдын ирцийн бүртгэлийг өдөр бүр хянаж, ажил, хичээлдээ ирээгүй болон өвчтэй, чөлөөтэй хүмүүсийг бүртгэж, өвдсөн шалтгааныг тодруулан эмчид мэдээлнэ.

–          Халдварын сэжигтэй шинж тэмдэг  (халуурах, цээжээр хөндүүрлэх, ханиах, ихээр ядрах, амьсгал дутлын шинж илрэх зэрэг) илэрсэн тохиолдолд сургуулийн удирдлагад мэдэгдэж, эмч үзлэг хийнэ.

–          Эмч үзлэг хийж, халдварын сэжигтэй тохиолдол хэмээн үзсэн үед анх үзлэг хийсэн өрөөндөө түр тусгаарлалтыг хийнэ.

–          Халдварын сэжигтэй тохиолдлын дуудлагыг нийслэлд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100, 80086829, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 119 дугаарт, орон нутагт хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллагад мэдээлнэ.

–          Түр тусгаарлах өрөөнд эмч, үйлчлүүлэгч амны хаалт, бээлий шаардлагатай тохиолдолд хамгаалах хувцас өмсөнө.

–          Үзсэн эмч нь халдварын сэжигтэй тохиолдол, хамт байсан хүний хамт түр тусгаарлагдаж, мэдээлэх урсгалын дагуу эрүүл мэндийн байгууллагад мэдээлж зөвлөгөө аван,  мэргэжлийн байгууллага ирэх хүртэл хүлээнэ.

–          Шаардлагатай тохиолдолд анхан шатны тусламж үзүүлнэ. Үзүүлсэн тусламжийн талаар мэргэжлийн байгууллагад мэдээлэл өгнө.

–          Халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн болон өвчний батлагдсан тохиолдолд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллага ирж хийнэ.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.