Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийн хүрээнд даатгалын байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрээс олон нийтэд хүргэж буй даатгалын үйлчилгээнд хяналт тавьж, зөвшөөрөл олгох, бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд даатгалын компани нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргахдаа тухай бүр Хорооноос зөвшөөрөл авч ажилладаг бөгөөд одоогоор 10 даатгалын компани “Хурдан морь унаач хүүхдийн даатгал”-ын бүтээгдэхүүн үйлчилгээг Хороонд бүртгүүлсэн байна.
Аливаа баяр наадмын үеэр унаач хүүхдүүд хурдан морины уралдаан, сунгаанд оролцож, улмаар мориноос унаж гэмтэх, моринд дайруулах, өшиглүүлэх гэх мэт осол аваар нэмэгддэг. Иймд тэдгээр хүүхдүүдэд учрах эрүүл мэндийн гэмтэл ослын хохирлыг даатгалаар нөхөн төлөх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байдаг учраас хурдан морины унаач хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамруулах асуудлыг хуульчилсан байдаг.
Гэтэл зарим олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр бүхий байгууллагаас “Энэ жилийн хувьд уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнд суурь хураамж нь 100 мянган төгрөг, нөхөн олговрын хэмжээ нь 20 сая төгрөг байна. Тухайн даатгал нь дан ганц уралдааны явцад бус бүтэн жил үйлчилнэ.”, “дөрвөн даатгалын компани манай шаардлагыг хангаж байгаа.” гэх мэт мэдээллийг олон нийтэд хүргэж байна.
Даатгалын хураамжийн хэмжээг албан журмын даатгалын хувьд хуулиар, сайн дурын даатгалын хувьд даатгалын компанийн тусгай мэргэжилтэн болох актуарч тооцоолсны үндсэн дээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлдэг бөгөөд бусад аль нэг байгууллагаас тогтоох эрхгүй болно.
Мөн даатгалын үнэлгээний хэмжээг Иргэний хуулийн дагуу даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож тогтоохоор хуульчилсан байна. Түүнчлэн тус Хорооноос бусад аливаа байгууллага нь даатгалын байгууллагад тусгайлан шаардлага тавих эрхгүй болохыг үүгээр мэдэгдэж, иргэд даатгуулагч та бүхэн алдаатай, хуульд нийцээгүй мэдээлэлд төөрөгдөхгүй байхыг хүсье. Үүнтэй холбогдох зөвлөмжийг энэ холбоосоор хүлээж авна уу.
НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР